“Шаардсан материалыг бүгдийг нь өгсөн”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Шаардсан материалыг бүгдийг нь өгсөн”

“М-Си-Эс
Холдинг” ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Үүрцайх: “Ямар л материал шаардсан,
тэр бүхнийг нь өдөр, шөнө харгалзалгүй гаргаж өгсөн…”

УИХ-ын
гишүүн Х.Баттулгын зүгээс нэр бүхий улс төрчдийг шалгуулахаар Авилгатай
тэмцэх газар /АТГ/-т өгсөн. АТГ-аас уг өргөдлийн дагуу ажиллаад, хариу
албан бичиг хүргүүлснийг Х.Баттулга гишүүн хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдэд танилцуулахдаа хэд хэдэн асуудлаар “М-Си-Эс” компанитай
холбон тайлбарлаж байгаа. Энэ талаар “М-Си-Эс Холдинг” ХХК-иас дараах
тодруулгыг өгсөн байна.

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын зүгээс
АТГ-аас өгсөн хариу албан бичгийг тайлбарлахдаа хэд хэдэн асуудлаар
танай компанитай холбож байна.  Энэ тухайд компанийн зүгээс ямар хариулт
өгөх вэ?

-Х.Баттулга гишүүн АТГ-т өгсөн өргөдөл нь хэрхэн
шийдэгдсэн талаар телевизээр ярилцлага өгч байхыг бид үзсэн.  Ерөнхийдөө
энэ шалгалт бараг л нэг өдөр эхлээд дараа өдөр нь дуусчихсан мэт
хурдан, хуумгай явагдаж өнгөрлөө гэж хэлж байх шиг байна лээ. Х.Баттулга
гишүүн хэвлэл мэдээллийнхнийг маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр байлцуулж
байгаад АТГ-т албан ёсоор өргөдөл өгсөн. Тэр бол гуравдугаар сарын 22-ны
өдөр байсан. Тэгэхээр тэр өдрөөс хойш энэ дүгнэлт гарах хүртэлх
хугацаанд шалгах ажиллагаа явагдсан. Гишүүн мэдэгдэлдээ манай компанийг
олон талаар хамруулж ярьсан. Энэ утгаараа АТГ-аас манайд өргөн
бүрэлдэхүүнтэй шалгалт хийгдсэн. Ингэхдээ манай барилга, барилгын
менежмент, уул уурхай гээд олон чиглэлийн компаниудыг хамарсан байгаа.
Манай холбогдох ажилтнуудаас асуулга, тодруулга авснаас гадна өөрийнх нь
зүгээс “М-Си-Эс”-тэй холбоотой гэж яриад байгаа тэр барилга, орон сууц
зэрэг асуудлуудыг шалгасан. Тодруулбал худалдах, худалдан авах гэрээ,
төлбөр хийсэн зарлагын баримт гээд холбогдох бүх материалыг гаргуулсан.
Тэр байтугай манай компанийн 2008 оноос хойшхи кассын зарлагын
баримтуудыг ч эх хувиар нь аваад явсан байгаа. Кассын зарлагын баримт
гэж юу болохыг хүн бүр мэдэх байх. Дан ганц энэ асуудалтай холбоотой
баримтууд байгаад зогсохгүй компанийн өдөр тутмын орлого зарлагын
гүйлгээнүүдийн бүхий л баримт байгаа хэрэг шүү дээ. Энэ бүх
материалуудыг бид шуурхай гаргаж өгсөн. Бидний зүгээс нуугаад, хаагаад,
хаацайлаад байх зүйл огт байхгүй. Шалгалт Эрүүгийн байцаан шийтгэх
хуулинд заасан хугацаанд явагдаж улмаар шалгалтын үр дүн, материалуудыг
Прокурорын газар хянаж, нягталж үзсэний үндсэн дээр эрүүгийн хэрэг
үүсгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

-АТГ-ын хариу
албан бичигт “….стратегийн орд газруудыг 2007 онд УИХ тодорхойлсоор
байтал 2008 онд Засгийн газар Ухаа Худаг ордыг Энержи Ресурс ХХК-д
тасдаж өгсөн…” гэх утгатай өгүүлбэр байсан. Энэ тал дээр тайлбар
өгөхгүй юу?

-Та бүхэн ч мэдэх байх, 2006 онд шинээр
батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “төсвийн хөрөнгөөр нөөц
нь тогтоогдсон орд газрын төрийн мэдлийн хувь 51% хүртэл” байх ёстой
байдаг. Гэтэл Засгийн газар “Энержи Ресурс” ХХК-тай албан ёсны хэлэлцээр
хийсний үндсэн дээр том Тавантолгойн ордын 51 байтугай 96 хувийг нь төр
буцааж аваад, одоо энэ компани үлдээж авсан 4 хувь дээрээ л үйл
ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Энэ бүх үйл явц хууль журмын дагуу
явагдсан уу, үгүй юу гэдгийг шат шатны хууль хяналтын байгууллагууд удаа
дараа шалгаж үзсэн. Хамгийн сүүлд л гэхэд Үндэсний аудитын газраас
зөвхөн энэ лицензийн асуудлаар шалгалт хийж үзээд, тухайн үеийн хууль,
журамд бүрэн нийцжээ гэдэг дүгнэлтийг албан ёсоор гаргасан. Дүгнэлт,
тайлан нь ч олон нийтэд нээлттэй байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж