УИХ гацаанаас гарах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

УИХ гацаанаас гарах уу?

Өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдана. Орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулах талаар хоёр намын бүлэг өөр өөрийн хатуу байр суурь дээр байгаа учир Орон нутгийн сонгуулийн хуулийг хэзээ хэрхэн явуулах талаар бүлгүүд хэлэлцэх бололтой байна. Өнөөдөр асуудлыг нэг тийш болгохгүй бол УИХ хаврын чуулганы хоёр дахь өдөр буюу өнгөрсөн баасан гаригт энэ асуудлаас болж гацаанд орсон юм. Гацааг гаргах эсэхийг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгийн хуралдаан шийднэ.

Түүнээс гадна АН-ын бүлэг дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм байна.

Мөн Оюутолгойн орд газарт илэрсэн зэс, алтны нөөцтэй “Entrée Gold” гэх компани холбоотой эсэх,  энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, энэ ордыг ашиглахтай холбогдуулж байгуулсан гэрээ, хэлэлцээртэй нийцэж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ болон Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн болон уг ордоос Ухаа худгийн ордыг тусгаарласан үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэх талаарх маргааныг судалж, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор болжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж