Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бидний айлчлал маш амжилттай өрнөж байна. Би Ерөнхийлөгч, парламентын дарга, Ерөнхий сайд, мөн их сургуулийн оюутнуудтай уулзаж, парламентад үг хэллээ. Бидэнд маш олон төрлийн уламжлалт хамаарал бий. Бид ижил төстэй амьдралтай, үндэс язгуур нэг ижил. Киргизүүд Монголчуудтай нэг дор амьдарч байсан түүхтэй. Киргизтэй хамааралтай түүхийн олон дурсгал бидэнд бий. Энэхүү айлчлал нь манай улс Киргиз Улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоор тохиож байгаагаараа түүхэн онцлогтой юм” гээд айлчлалын бүрэлдэхүүнд орсон монголын талын ТББ-уудын төлөөлөгчдийг танилцуулав.
Мөн Ерөнхийлөгч цааш хэлэхдээ “Манай оронд маш олон ТББ байдаг. Тэд бүгд чухал үүрэгтэй. ТББ бол хүмүүсийн хамтын хөдөлмөр, хамтын ажиллагааны чухал нэгж. Олон хүн улс орныг нам удирддаг гэж боддог. Тэгэхэд нийгмийг ТББ удирддаг. ТББ-ууд нийгмийг өөрчилж шинэчлэхэд хүчтэй нөлөөлдөг. Манай Засгийн газар нэгэн чухал шийдвэрийг гаргасан. Бид ТББ-уудаа дэмжиж хамтарч ажиллахаар болсон. Үүний тулд тусгай сан байгуулж ажиллаж байна. Уг сангаар дамжуулан ТББ-уудынхаа гадаад дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлж болно гэж бодож байна. Хүмүүс амьдрахын тулд дүрэм журам боловсруулдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ТББ байгуулдаг. Харин ТББ нь ард түмний үзэл бодлыг илэрхийлдэг. 1990-ээд оноос хойш манайх парламентын засаглалтай явж ирсэн. Энэ замыг сонгож аваад 22 жил болж байна. Ямар ч төрийн эргэлт хувьсгал хөдөлгөөн болоогүй. Энэ бүх хугацаанд нийгмийг өөрчилсөн. Энэ нийгмийг өөрчлөхөд ТББ гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр цагаас хойш манайд 1000 гаруй ТББ, холбоод бүртгэгдсэн. Энд ирсэн ТББ-уудын төлөөллүүд та бүхний хооронд маш үр ашигтай санал солилцсон уулзалт болох байх. Хамтран ажиллах саналууд ч гарах байх гэдэгт итгэж байна. Өмнө нь бид хөгжилтэй орнуудаас тусламж дэмжлэг авдаг байсан бол одоогоор тусгай сан байгуулж ТББ-уудаа дэмжсэнээр бусад орны туршлагаас суралцах, өөрсдийн туршлагаа нэвтрүүлэх сайхан боломж олдож байна. Мөн бусад оронтой харилцан хамтран ажиллах болж байна. Тэдгээрийн нэг нь Киргиз юм. Цаашид нягт хамтран ажиллах болно” хэмээлээ.
Дараа нь Киргизийн ТББ-уудын төлөөлөгчид хэлэхдээ “Танд талархал илэрхийлье. Таны Киргиз Улсын парламент дээр хэлсэн үгийг сонсоод маш их сэтгэл хөдөлж хүлээн авсан. Чин сэтгэлийн үг бидэнд их таалагдсан. Үнэхээр манай ард түмэн хоорондоо адилхан. Аль аль нь монгол гэрт амьдардаг, морин дэл дээр дарцаглан өсдөг гээд бидэнд адил зүйл их байна. Бид найрсаг найрамдалтай байж аливааг хамтран хийх ёстой ерөөгдсөн ард түмэн. Үнэхээр ТББ бол бүтээлч зорилтот хүмүүсийн нэгдэл байдаг” гэв.
Ийнхүү тус уулзалтад өв соёлоо хамгаалах, эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих, зээлийн зөвлөгөө үйлчилгээгээр иргэдэд туслах зэрэг олон ТББ-ын төлөөлөгчид оролцлоо.