Пентагон хүчээ зузаатгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Пентагон хүчээ зузаатгаж байна

Тэнгисийн явган цэргийн ангийг Австрали тив оруулан Ази, Номхон далайн бүс дэх цэргийн шинэ стратегийг АНУ хэрэгжүүлж эхэллээ. Албан ёсоор тэдний зорилго нь хамтарсан хээрийн сургууль явуулах ба аврах ажиллагаанд оролцох явдал ажээ. Гэлээ ч цэргийн хүчээ Азийн бүсэд нэмэгдүүлж байгаа нь Хятадын нөлөөг бууруулах зорилготой гэдгийг АНУ нуухгүй байгаа юм.

Номхон далайн бүс нь  Австрали болон Америкийн цэргийн шинэ түшиц газар болох тухай гэрээг Цагаан ордны эзэн анх удаа албан ёсны айлчлалаар өнгөрсөн арваннэгдүгээр сард Австрали тивд айлчлах үеэр ерөнхийлөгч Барак Обама, Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард хоёр байгуулан гарын үсгээ зурсан юм. Гэрээний дагуу Австралийн армийн  Robertson Barracks гэх Дарвин хотын захад орших баазад АНУ-ын тэнгисийн явган цэргийн 2,5 мянган хүнийг байрлуулахаар болжээ. Энэ бүс нутагт Пентагон ойрын үед бүрэн хэмжээний хээрийн сургууль явуулан тэр үеэр десант буулгахаас гадна “эсрэг талын” хөлөг онгоцыг булаан эзлэх сургуулилалт хийнэ гэсэн мэдээ саяхан гарчээ.

АНУ-ын Гавайн аралд байрладаг Тэнгисийн явган цэргийн 3-р хорооны 180 цэргийн албан хаагч Австрали тивд өнгөрсөн лхагва гаригт хүрэлцэн ирсэн байв. Үүний өмнөхөн АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далайн командлалын тэргүүн асан адмирал Роберт Уиллард мэдэгдэхдээ цэргийнхнийг аваачсан нь байгалийн элдэв гамшгийн үеэр  хүмүүнлэгийн тусламжийг хүргэх ажлыг үр дүнтэй болгоно гэжээ. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын төлөөлөгч арай дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. “Бид хоёр гол зорилт тавьсан. Үүнд цэргийн хамтарсан сургуулийг Австралийн цэргийнхэнтэй хийх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах явдал орж байна” хэмээн ахмад Грег Вулф тайлбарласан байв.

Хятадын зэвсэгт хүчний нэмэгдэж буй хүчин чадал Америкийн цэргийнхнийг түгшээж байгааг Вашингтон нуугаагүй. Ази, Номхон далайн бүсийн хүчний тэнцвэрийн асуудал нь АНУ-ын гадаад бодлогын нэг чухал асуудал гэж өнгөрсөн жилийн сүүлчээр зарласан байв. Арваннэгдүгээр сард Air Sea Battle Command гэдэг шинэ алба байгуулж буйгаа Пентагон зарласан юм. Тэр удирдлага нь БНХАУ-ын зүгээр гарч болох довтолгоог няцаахад Нисэх хүчин ба Тэнгисийн флотыг бэлтгэх  үүрэгтэй. Боломжийн саналын жагсаалтад Хятадын “хиймэл дагуулын эсрэг систем, кибер зэвсэг, шумбагч онгоцнууд, үл үзэгдэгч нисэх онгоцнууд, байлдааны жижүүрт байгаа онгоц тээгч хөлгийг сөнөөх алсын тусгалын пуужин” зэргийг оруулжээ. 

Пентагонд  болсон хаалттай хэвлэлийн бага хурал дээр төлөөлөгчид нь шинэ удирдлагын алба “тодорхой нэгэн улсын эсрэг байлдааны ажиллагаа явуулахгүй” гэсэн юм. Гэсэн ч Цагаан ордны төлөөлөгч стратегийн гол зорилго нь Хятад гэсэн байв. “Air Sea Battle Command нь Зөвлөлтөд манай тэнгисийн цэргийн стратеги ямар байсан  шиг дохиог Бээжинд өгөх ёстой” хэмээн тайлбарласан байлаа.

Нэгдүгээр сарын эхээр цэргийн шинэ стратегийг хүлээн авсан тухайгаа Барак Обама зарласан билээ. Ойрын жилүүдэд Пентагон цэргийн хүчийг бүс нутагт нэмэгдүүлэн өргөн цар  хүрээтэй шилжилтийг явуулахаас гадна Сингапур, Тайвань, Филиппинтэй цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Номхон далайн командлалын тэргүүн адмирал Сэмьюэл Локлир,  хоёрдугаар сард Сенатын хороонд мэдээлэл хийхдээ “Хятад болон бусад орнууд өөрийн үндэсний сонирхлыг бүс нутаг тулгахдаа АНУ тэднийг хамгаалахад бэлнийг мэдрэх ёстой” гэж хэлсэн байв. 

“АНУ-ын цэргийн нөөц уламжлалын дагуу Хойд Азид төвлөрсөн байсан бол сүүлийн таван жилийн дотор шинэ зэвсэг бүтээхэд Хятадын хийж буй зүтгэл тэр номнолыг шинээр харахад хүргэж байна” гэж Вашингтоны Шинэ аюулгүй байдлын төвийн шинжээч Патрик Кронин хэлэв.

Шинэ стратегийн хувьд Австрали маш тохиромжтой байрлал юм. Тэндэхийн баазууд нь Хятадын баллистик пуужингийн тусгалаас хол дээр нь тэндээс Өмнөд Хятадын тэнгис дэх хөлөг онгоцнууд ба агаарын нислэгийг хянах бүрэн боломжтой. Америкийн цэрэг байрлах Порт хот нь Индонезийн эргээс  дөнгөж 820 км-ийн зайтай байгаа нь Өмнөд Хятадын тэнгист байдал хурцдахад шуурхай нөлөөлөх боломжтой. АНУ нисгэгчгүй онгоцнуудынхаа баазыг Кокосын арлуудад байгуулах боломжийг бас судалж байна. Обамаг айлчлах үеэр Австралийн эрх баригчид Пёрт дах тэнгисийн цэргийн баазаа Америкийн цэргийн хөлөг онгоцнуудад өгөхөд бэлэн гэжээ. Тэдэнд Брисбенийн боомтуудыг ашиглуулахад ч тэд татгалзахгүй байна. “Хятадын хүчин чадал нэмэгдэж, Энэтхэгийн хүч өсч байгааг бид харж байна. Одоо дэлхийн улс төр ба эдийн засгийн тэргүүн хандлага Ази, Номхон далайн бүсэд төвлөрөх боллоо” хэмээн Австралийн Батлан хамгаалахын сайд Стивен Смит Америкийн цэргийг угтах ёслол дээр хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж