Хэвлэл, мэдээлэл хэвийн байж чадаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Хэвлэл, мэдээлэл хэвийн байж чадаж байна уу?

“Эрүүл сэтгүүлзүйн бизнесийн орчин” сэдэв дор хэвлэл, мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганыг бямба гаригт зохион байгууллаа.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн эзэд буюу хөрөнгө оруулагчдаас хэн нь ч оролцоогүй уг хурал тэдгээр эздийн эрх ашгийг төлөөлөн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг эрхлэгч, редакторуудын төвшинд болж өнгөрлөө. Эрхлэгч гэдэг нэг талаас “эздийн” байр суурь, нөгөө талаас сэтгүүлч, уран бүтээлчдийн эрх ашгийг төлөөлдөг маш өвөрмөц статус бүхий албан тушаал юм. Өөрөөр хэлбэл, эрхлэгч бол ажил олгогчийн болоод ажилтны эрх ашгийн аль алийг нь төлөөлдөг гэхэд болно. Тэд анхдугаар чуулганыхаа хүрээнд “хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэвийн ажиллаж чадаж байна уу” гэх ерөнхий асуултыг тойрон олон талаас нь ярилцлаа.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд ардаа эзэнтэй”, “Улстөрчид, олигархиуд сэтгүүлзүйг худалдан авч байна” зэрэг бодит үйл явдлыг дагасан шүүмжлэлүүд газар авч байгаа энэ үед сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар дээрх чуулганаар хэлэлцсэн юм.

Чуулганы сэдэв яагаад заавал эрүүл сэтгүүлзүй дэх бизнесийн орчин гэх асуудлыг хөндөв өө? Чухам энэ асуултаас салаалан Монголын сэтгүүл зүй дэх өнөөгийн бэрхшээл, проблемууд үүдэж буй гэдгийг хэвлэл, мэдээллийн эзэд болон сэтгүүлч, судлаачид хэн хэн нь хүлээн зөвшөөрч байгаа учраас анхдугаар чуулганыг энэ сэдэв дор зохион байгуулсан бололтой.

Өдөр тутмын анхны хувийн сонин “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатарын хэлснээр тус сонин зөвхөн улирлын хэвлэлтийн зардалдаа л 35 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд үүн дээр түгээлтийн буюу шуудангийн үйлчилгээний өртөг  зэрэг бусад зардлыг нэмж тооцохоор тун хэцүү дүр зураг харагдаж байгаа аж. Эдийн засгийн үр ашгийг нэмье гэвэл хөдөө, орон нутаг руу явуулдаг шуудангийн зардлаа хасах, /энэ нь орон нутгаас аль болох цөөн захиалга авах/ төлбөртэй реклам, зарыг аль болох түлхүү нийтлэх шаардлагатай болж байгаа гэнэ. Захиалгат, төлбөрт мэдээ, мэдээлэл рүү хошуурах замаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл сэтгүүлзүйг бизнесийн хэрэгсэл болгож байгаа нь улмаар чанартай, хариуцлагатай сэтгүүлзүй хөгжих үндэс суурийг үгүй болгож байна гэж С.Батбаатар эрхлэгч ярьсан юм.

Сэтгүүлзүй чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чанаргүй талх, гутал үйлдвэрлэхээс огт өөр. Шаардлага хангахгүй гуталны улмаас тухайн хэрэглэгч л хохирох бол чанаргүй сэтгүүлзүйн бүтээл нийгэмд хор хохирол учруулдаг гэж тэрбээр тайлбарлалаа.

Түүний хэлсэн баримт болон гаргалгаанаас үүдэн дараагийн асуудал руу шилжиж болох юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ардаа хөрөнгө оруулагчтай байх, хөрөнгө оруулагч нь мөн ардаа томоохон эрх ашигтай байх гэдэг зүй тогтол эндээс урган гарч буй. Улс төр, эсвэл бизнесийн тэрхүү “томоохон” эрх ашигт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн нөлөөг ашиглаж байгаа гэдэг өнөөдрийн гол шүүмжлэл эндээс үүдэж байгаа хэрэг. Тэгвэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл яагаад ийм байж болохгүй вэ гэдэг асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа хариулт өгсөн юм. Тэрбээр ардчилсан нийгмийн суурь нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө бөгөөд үүнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс салган ойлгож болохгүй гэж үзэж байна. Тэгвэл бодит байдал дээрх бэрхшээлийн талаар судлаач Одсүрэн жишээгээр тайлбарласан юм. Шүүх, прокурортой холбоотой бодит баримт, амьдрал дээр тохиолдсон асуудлыг хөндсөн бичсэн иргэний мэдээллийг сонины нийтлэлийн хэлбэр оруулаад хэвлүүлэх гэхэд сонинууд төлбөр нэхэж байна гэж тэрхүү судлаач яриад сэтгүүл зүй бизнесийн эрх ашиг иргэний үгээ хэлэх эрх чөлөөтэй зөрчилдөж байгааг хэллээ.

Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль бол зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлзүйн салбарын хууль биш иргэний мэдээлэл авах эрх чөлөөг хангах үзэл санаа гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа илтгэлдээ дурдсан юм. Улс үндэстний аюулгүй байдал нь иргэн нь үнэн зөв, бодитой мэдээллээр хангагдах эсэхээс хамаардгийг тэрбээр ийнхүү онцолсон хэрэг. Гэтэл олж авсан нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь төлөө сэтгүүлчдийг эрүүгийн зүйл ангиар шүүж байгаа проблемийг ч чуулганы үеэр хөндөж байлаа. Иргэний үнэ зөв мэдээллээр хангагдах эрх чөлөөг эрүүгийн хуулиар шүүж байгаа энэ байдлаас гарахын тулд ийм асуудлыг сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллага /хэвлэлийн консул/ шүүдэг байх ёстой гэдэг дээр хэвлэл, мэдээллийн удирдах ажилтнууд санал нэгдэж байлаа. Энэ асуудлыг анх хөндөж байгаа биш л дээ. Хэвлэлийн консул, сэтгүүлчийн ёс зүйн код зэргийг маш олон жилийн турш ярьж буй ч өнөөдрийг хүртэл байгуулж чадаагүй байгааг чуулганд оролцогчид онцлоод ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллах ёстой гэж үзсэн юм.

Хэрэв сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага, редакциуд санаачилгыг гартаа авч, сэтгүүлчийн нийтлүүлсэн мэдээ, мэдээллийн үнэн зөв, ёс зүйтэй эсэхийг шүүдэг, үүнтэй холбоотой маргааныг тасалдаг статус бүхий зөвлөлийг яаралтай байгуулахгүй бол өмнөөс нь төр засаг зохицуулалт хийх болно. Энэ нь сайн зүйл биш гэдгийг судлаач, шинжээч, эрхлэгчид дуу нэгтэй зөвшөөрсөн юм. Дараагийн шатанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн байгууллага нэг тусдаа, сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага тусдаа байхаар хуульчлах ёстой гэдгийг сэтгүүлч Л.Болормаа хөндсөн. Сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага нь боловсон хүчнээ сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулдаг, судалгаа шинжилгээний ажлыг явуулдаг байх ёстой гэсэн санаа юм. Тэр байтугай сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага болох сэтгүүлчдийн эвлэл нь нэг биш мэргэшил бүр дээр тус тусдаа байх ёстой гэдэг санааг тэрбээр дэвшүүлсэн юм. Гэвч өнөөдөр сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага үндсэн үүрэг зорилгоосоо гажиж, сэтгүүл зүйн салбарт улс төрийн болон бусад хөндлөнгийн эрх ашгийн балансыг барьдаг байгууллага болж хувирсан нь нууц биш юм.

Сэтгүүлзүйн хэрэгсэл иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын тулд ажиллах явцдаа хууль тогтоох, шийдвэр гаргах шатны төрийн байгууллагын болон бусад этгээдийн ашиг сонирхлыг зөрчих нь зүй ёсны ч гэж хэлж болох зүйл. Ийм тохиолдолд сэтгүүлч, сурвалжлагчдыг эрүүгийн хуулиар шийтгэдэг жишгийг өөрчлөхийн төлөө ажилладаг судлаач мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд нэг бус бий. Тэдний зүгээс дэвшүүлж буй нэг санаачилга бол тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын дотоод соёл, бизнесийн соёлыг бий болгох явдал. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гол бүтээгдэхүүн нь мэдээ, мэдээлэл. Тэгвэл мэдээ гэж юуг хэлэх вэ гэдгээсээ хамаараад хэвлэлийн байгууллагын соёл бүрэлддэг байна. Х.Наранжаргалын иш татсан гадны жишээг энд сонирхуулья. “Мэдээ гэдэг бол бусдаас нуухыг хүссэн зүйлийг хэлнэ” гэж тухайн сонин үзсэн байна. Энэ тохиолдолд тухайн сонины соёл нь эрэн сурвалжлах хандлага дээр төлөвшиж, улмаар ёс зүйгүй соёл, ёс зүйгүй сэтгүүлзүй рүү аяндаа хөгжсөн байна. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын соёл, бизнесийн соёлын асуудлыг ч Монголын сэтгүүлзүй дэх асуудал, бэрхшээл, хөгжлийн чиг хандлагын хүрээнд авч үзэх цаг болжээ.

Энэчлэн Монголын сэтгүүлзүйн салбар дахь чиг хандлага, түүний эерэг, сөрөг  үр дагаврын талаар хэлэлцсэн нэг өдрийн чуулган тунхаг бичиг гаргаснаар өндөрлөсөн юм. “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх” нь зүйтэй гэж үзэж хэвлэл, мэдээллийн байгууллагад хандсан саналууд, нөгөө талаас хууль тогтоогчдод хандсан саналуудыг тунхаг бичигт тус тус тусгалаа.Тэдгээр саналуудын эцсийн зорилго нь эрүүл сэтгүүлзүйг хөгжүүлж, иргэдийн мэдэх болон үг, үзэл бодлоо цензургүйгээр илэрхийлэх эрх чөлөөг хангахын төлөө юм. Өөрөөр хэлбэл, улс төр, олигархийн хараат байдлаас гарч, хэрхэн иргэний, хариуцлагатай, соёлтой сэтгүүлзүйг бий болгох вэ, үүний тулд юу хийх вэ гэдэг асуудлууд үүнд багтсан байна.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж