Он гарсны дараахан нэгдүгээр сарын эхээр нефть импортлогчид шатахууны үнийг 270 төгрөгөөр нэмсэн. Үүнийгээ тэд ам.долларын ханшийн өсөлтөөс болсон хэмээн тайлбарлаж, тэднээс болж хэд хэдэн албан хаагч хариуцлага алдсан нэрээр ажлаасаа халагдсан бий. Үнэхээр ам.доллар тухайн үед 1480 төгрөгт хүрсэн ч гэлээ импортлогчид шатахууныхаа үнийг нэмэх шалтгаан нь валютын ханшийн өөрчлөлт байгаагүй гэдгийг Монголбанкны зүгээс удаа дараа мэдэгдсэн юм. Төв банкнаас импортлогчид шатахууны төлбөрт зориулан арилжааны банкуудаас худалдан авсан ам.долларын ханш 1388 төгрөг байсныг албан ёсоор танилцуулсан билээ. Харин өнөөдөр Монголбанкны зарласан үнээр ам.долларын ханш 1330 төгрөг байна лээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар нефть импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдож, тэдэнд анхлаад 10 тэрбум төгрөгийн торгууль тавьснаа дараа нь бүр 20 тэрбум болгож өсгөсөн. Даанч тэд ч өнөөг хүртэл торгуулиа төлөөгүй. Ямар сайндаа л УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, импортлогчдын ашиг бүр найм дахин өссөнийг гишүүд шагширч суухав. Жилд гурван хувийн ашигтай ажиллаж байсан нефть импортлогчдын ашиг сүүлийн жилүүдэд 25 хувь болтлоо өссөн гэнэ лээ. Энэ нь тэдний ашиг найм дахин өссөнийг харуулж буй үзүүлэлт юм. Засгийн газар өнгөрсөн 2011 онд нефть бүтээгдэхүүнд ногдуулдаг Гаалийн болон Онцгой албан татваруудыг тэглэж, импортлогчдыг 30 тэрбум төгрөгөөс хөнгөлжээ. Гэвч нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсангүй улам л өссөн.
Импортлогчид шатахууныхаа үнийг нэмэх болгонд Монголын эдийн засагт хямрал нүүрлэсээр ирсэн. Өнөөдөр үнэ нь өөрчлөгдөөгүй, үнэ нь өсөөгүй нэг ширхэг ч бараа бүтээгдэхүүн байхгүй. 10 төгрөгийн үнэтэй хайрцаг шүдэнз хүртэл 50 төгрөг болчихоод байгаа. Талх, тариа, мах сүү, гурил будаа, гутал, хувцас, таксины хөлс бүгд шатахууны үнийг өсгөсний маргааш л нэмэгдчихсэн. Үнэндээ Монголын эдийн засгийн суурь бүтэцэд шатахууны үнийн өсөлт яалт ч үгүй нөлөөлдөг болохоор бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь ч тодорхой л доо.
Чөлөөт эдийн засгийн зах зээлийн жам ёсоор бол шатахууны үнэ буурсан тохиолдолд бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад буурах учиртай юм. Гэхдээ Монголын эдийн засагт ийм эрүүл үзэгдэл даанч байдаггүй. Зах зээлийнх нь мөн чанар өөрөө гажуудалтай болохоор манай бизнес эрхлэгчдэд шатахууны үнийн өсөлт сайхан далим болдог ч харин үнэ буурлаа гэдэг мэдээг нохой хуцсаны чинээ ч тоодоггүй. Ийм л гажиг эдийн засгийн тогтолцоотой болохоор үгсэн хуйвалдаж үнэ өсгөснийхөө балгийг импортлогчид мянга цайрууллаа ч хэрэглэгчдэд учруулсан хор хохирол, үнийн дарамтыг багасгаж чадахгүй л байгаа хэрэг. Мэдээж, шатахууны үнэ хямдарлаа гээд бухимдаж, уурлах хүн байхгүй ч гэлээ өдрөөс өдөрт өндрөөс өндөрт хөөрсөөр байгаа үнийг хөөрөгдлийн гол эзэд нь нефть импортлогчид болохоор тэдний төлбөртэй цацсан “гоё” мэдээг нь тааламжтайгаар хүлээн авч чадахгүй байгаад хэрэглэгчдийг буруутгах аргагүй юм. Өнөөдөр, хэрэглэгчид ганцхан асуултыг импортлогчдоос асууж байна. Шатахууны үнэ хямдарсан юм бол яагаад юмны үнэ буурахгүй байна аа гэж. Шатахууны үнэ буурлаа л гэнэ, махны үнэ буурлаа л гэх. Гэсэн ч үнийн хөөрөгдөл Монголын эдийн засагт ноёрхсоор л байна. Магадгүй, зарим хүмүүсийн яриагаар сонгуулийн зардлаа олох гэж улстөрчид импортлогчидтой хуйвалдан босгосон мөнгөнийх нь золиос ард түмэн болчихсон учраас л хохирлоо нөхөх үзэгдэл өнөөдөр өрнөсөөр, үнэ өссөөр байгаа бололтой. Хэрвээ импортлогчид шалтгаангүйгээр үнээ нэмээгүй байсан бол үнэ ийм өндөр хөөрөх байсан болов уу. Хэрвээ Монголын эдийн засаг эрүүл тогтолцоотой байсан бол эргээд үнэ буурах байсан болов уу. Хэрвээ Монгол Улс нефть үйлдвэрлэх үйлдвэртэй байсан бол эдийн засаг нь импортлогчдоос хараат байх байсан болов уу. Эдгээр асуултад харин хариулт өгөөч, эрхэмүүд ээ.