Маргааш ертөнц сөнөх юм шиг амьдарч
Маргааш ертөнц сөнөх юм шиг яаран бие биедээ хайр энэрлээ илэрхийлж, хэлж амжаагүй сэтгэлийн үгээ илэрхийлж
Маргааш ертөнц сөнөх юм шиг хийж амжаагүй бүхнээ гүйцээгээрэй гэдэг. Харин өнөөдөр Монголд…
Дулмаа эмээ 21 мянган төгрөгөө авахаар маажигнаж явна. Эртлэн очихгүй бол оочер дийлдэхгүй. Дараагийн сарын хишиг иртэл яажшуухан гэдэс цувдаахан олоод улаан цурав хэдийнхээ аманд хийх хоолтой болгоё доо гэж сандарч байсныг бодоход бас ч гэж овоо, сэтгэл тэнүүн. Мөнгийг нь түрүүлж аваад архи гударчихаасаа сийхгүй аавд нь алдчихалгүй, өөрийнхөө нэр дээр итгэмжлэл бичүүлж авч чадсан болохоор таван ачийнхаа бас өөрийнхөө мөнгө 126 мянган төгрөгийг авчихаад сарынхаа хоолонд хаа шиг нэмэр болохов гэж олзуурхан, өөрийнх нь тэтгэврийн, муу нэртэй хүргэнийх нь группийн, хөөрхий бүрлээч охиноос нь хойш таван хүүхдэд нь олгож байгаа тэжээгчээ алдсаны гээд төрөөс олгож байгаа буян хишиг их ээ их хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирна. Гэхдээ л тэтгэвэр тэтгэмжээ урьдчилж зээлээд түлээ түлш бэлтгэх мэтийн “томоохон хөрөнгө оруулалт”-даа зарцуулдаг болохоор чухам бор хоногуудын амин жийрэг нь 21 мянган төгрөг болдог бөлгөө.
Хөрш айлын Дээгий хүүхэн ч гэсэн 21 мянган “төгрөгүүдээ” /эднийх 4 хүүхэдтэй болохоор нөхөр эхнэр нийлээд бас л 126 мянган төгрөг/ авахаараа юу, юу хийхээ хуруу даран тоолж, тооцоо хийнэ. Басхүү тэтгэврийн мөнгө нэмэгдэж, удахгүй эх орны хишиг сая, сая төгрөг өгөхөөр чухам л баяжина гэдэг болох хийгээд сонгуулийн буянаар юу эс олдох билээ гэж санаашрана. Хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг нөхөр эхнэр хоёр тогтмол ажил хийж, цалин гээчийг авч байгаагүй ч турж үхсэнгүй, өлсч, өлбөрсөнгүй, гэхдээ бас санаан зоргоор бүтэн хоолтой өнжиж байсан нь үгүй. Ажил хийе гэхээр олдохгүй, байхгүй, гологдохын зовлон их гэдгийг бусад “нөхдийнхөө” туршлагаар мэдэх тул тэгтэл их хайж чармайсан нь ч үгүй. Хамгийн том ажил нь 21 мянгадаа оочерлох бөлгөө.
Харин тэдний хэн нь ч сонгуулийн дараагаас 21 мянган төгрөг чинь үгүй болно гэдгийг одоохондоо сайн ойлгоогүй л яваа. Магадгүй 21 мянгаасаа ч илүү ихийг авдаг болно гэсэн урин молиго сонсоод, итгээд явж байгаа биз.
Монголын улс төр эдийн засгийн дөрвөн жилийн давтамжит амлалт хийгээд “амьдрал”-ын ёсоор “төр” их хишгээ ирэх зургадугаар сараас зогсооно. Тэр үед 21 мянган төгрөг хэмээх “угж”-аар нь амьдралаа болгож явсан хэдэн зуун өрх, хэдэн зуун хүн хэрхэх нь тэдэнд ёстой падлий ч байхгүй.
Магадгүй сарын 21 мянган төгрөг авах нь доромж бөгөөд тэдний амьдралд дуслын төдий ч нэмэр болохгүй олон хүн байгаа. Хэдийгээр 21 мянган төгрөг бага мөнгө биш боловч хоног тоолон хүлээлгүйгээр өөрийнхөө амьдралыг болгож, магадгүй хэдэн сараар нь хуримтлуулж байгаад “Бас ч гэж мөнгө л юм даа хөөрхий” гэж олзуурхах, гайхширахын хооронд бодоод өнгөрдөг бас олон хүн байгаа. Төрөөс үнэгүй өгч байгаа юмыг алдаад яахав гэж ичингүйрэн хулгаж авахдаа “Хэрэгтэй зүйлд нь зарцуулсан бол 805 тэрбум төгрөг шүү дээ” гэж халагладаг хүн ч цөөгүй л байгаа. Тэдний хувьд магадгүй 21 мянган төгрөг өгнө үү, байна уу гэдэг төдийлөн сонин ч биш байж болох. Харин Дулмаа эмээ, Дээгий бүсгүй шиг олон хүний хувьд үмх мах, балга хоолноосоо хагацах аймшигтай мэдээ. Тэд тэгээд 21 мянган төгрөггүйгээр яаж амьдрах юм бэ? Магадгүй эрх баригчид “өөдрөг” гэгддэг улстөрчид ажил хөдөлмөр хийж сайхан амьдрах өч төчнөөн боломж байгаа талаар, өнчин ядуус, хөгшид хүүхдүүддээ өгч байгаа тэтгэвэр, тэтгэмж, халамж өдий төдий байгаа талаар ам мэдэн ярих гэж магадгүй. Гэвч харамсалтай нь тэдгээрээс илүү 21 мянган төгрөг өнөөдөр олон айлын амь амьжиргаа болж байгаа нь үнэн. Хамгийн гол нь тэр боломжуудыг бий болгохын оронд өнөөдөр Дулмаа, Дээгий тэргүүтнийг гуйгаагүй шахам байхад нь 21 мянган төгрөгөөр угжиж, амиа аргацаах арга нь болгож орхисон нь бас гашуун үнэн. Та нарын өгсөн дусалхан “шүүс”-ээр тэжээгдсээр өнөөдөр хэдийгээр дэгдээхэй болох насандаа хүрсэн ч турьхан хүзүү нь толгойгоо даахгүй ангалзаж байгаа ангаахайнууд ч хэрхэн амьдрах бол…? сонгуулийн маргааш.
Амь амдралынх нь баталгаа болж байгаагаас 21 мянган төгрөг авах ёстой гэдгээ ч мартчихсан байдаг гэхчилэн бүх хүмүүсийн хувьд өнөөдөртөө 21 мянган төгрөгийн хоногийн хугацаа дуусч байгаа гэсэн мэдээлэл төдий л тод сонсогдохгүй байгаа. Яагаад гэвэл сонгууль дөхөж байхад төдийлөн ил гаргаад байх бус, болж л өгвөл нуух ёстой мэдээлэл болохоор. Гэвч сонгууль болдгоороо болно, сонгуулийн маргааш ч болдгоороо болно. 21 мянган төгрөг өгөхөө больчихлоо гээд Дулмаа эмээ хараахан өлбөрөөд үхчихгүй, Дээгий хүүхэн аль нэг намын байрыг шатаахгүй л байх. Гэвч харамсалтай нь сонгуулийн маргааш амьдрал өнөөдрийнхөөс сайхан болно гэдэгт итгэх итгэл өчүүхэн төдий ч алга. Сонгуульд ялалт байгуулна гэсэн бат итгэлтэй байгаа улстөрчид /ялагдсанд ч тэдэнд алдах зүйл бас бага л даа/ аль хэдийнэ баялгийн “шударга” хуваарилалтад “өртсөн” хэсгийнхнийг эс тооцвол. Тэртэй тэргүй их баялаг, эрх мэдэл, боломж тэргүүтнийг тэд аль хэдийнэ хуваагаад авчихсан байгаа шүү дээ. “Төр” эргэж, самуун дэгдэж, улстөрчидтэй хэт их муудалцчихгүй бол өөрсдийгөө аваад явчих хэмжээний хөл дээрээ тэгтэл баттай зогсч амжаагүй байгаа жижиг, дунд бизнесийнхэн, мэргэжил чадвар, хөдөлмөр бүтээмжээрээ хэнээс ч дутахгүй амьдарч чадна гэсэн итгэлээр жигүүрлэж яваа дунд, залуу насныхан руу дайраад орчих хэмжээнд л “төр” битгий дампуураасай, одоо байгаа балчиг төвөгтэй ч ардчилсан хэм хэмжээтэй тогтолцоогоо бүү муутгачихаасай гэхээс өөр хүлээлт энэ сонгуульд байхгүй ч байж магадгүй юм чинь.
Бидний зарим нь маргааш дэлхий сөнөх юм шиг банкны гадаа алалцан оочерлож, маргааш дэлхий сөнөх юм шиг бие биеэ хуурч, сонгуулийн маргааш дэлхий сөнөх юм шиг, сонгуулийн маргааш бие биеийнхээ бүлээн царайг харахгүй юм шиг худал амлах юм, манай улстөрчид. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжлэхгүй гэж үү? Сонгуулийн маргааш Монгол Улс сөнөчих юм гэж үү?
Монголын сонгуулийн маргааш дэлхийн сөнөхгүй, худал амлагчид бүгдээрээ “бурхан” болчихгүй нь ерөнхийдөө тодорхой. Харин хамгийн баталгаатай тодорхой байгаа зүйл бол Дулмаа эмээ танд 21 мянган төгрөг өгөхөө болино. Тиймээс та хэдэн хүүхдээ юугаар хэрхэн тэжээхээ өнөөдрөөс бодоорой, таны болон танай хүүхдүүдийн хоногийн хоол хийгээд худал горьдоон хэсэг аргацаагаад эргүүлээд авах болсон 21 мянган төгрөгнөөс нь хойш та нарын хэрхэн амиа зогоох нь худал амлагчдад огтхон ч падлий үгүй гэдгийг бас баттай хэлж чадах байна.