Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотойгоор монголчуудын дунд халдварт бус өвчний тархалт жил бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсад 60-80 мянган хүн чихрийн шижингээр өвчилсөн байх магадлалтай боловч албан ёсны дүнгээр 10 мянга орчим хүн чихрийн шижинтэй болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, дотоод шүүрлийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа аж. Чихрийн шижинг аль болох эрт илрүүлэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгосноор монголчууд урт наслах боломж бүрдэх юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм байна. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн бямба гаригт Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгт хамрагдсан юм. Тэрбээр 40-өөс дээш насны нийт иргэд болон 30-60 насны эмэгтэйчүүддээ хандан өөрийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралынхаа төлөө цаг гарган харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан энэхүү үзлэг шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Монголчуудын дунд буруу хоололт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээнээсээ болоод илүүдэл жин нэлээд зонхилох болсон. Энэ нь даралт ихсэх, чихрийн шижингээр өвчлөх үндэс болдог. Монголчууд зугаа цэнгэл, баяр наадамд мөнгийг харамгүй зарцуулдаг хэрнээ өөрийнхөө эрүүл мэндэд тэр болгон цаг зав гаргаж, мөнгө төгрөгөө зарцуулж чаддаггүй. Аливаа өвчинг архагшсан хойно нь биш эрт илрүүлсэн тохиолдолд эмчлэх бүрэн боломжтой байдгийг ч эмч мэргэжилтнүүд зөвлөв. Тиймээс иргэд энэхүү боломжийг ашиглан, өөрсдийнхөө эрүүл мэндэд цаг зав гарган уг үзлэгт хамрагдаад авахад илүүдэхгүй юм билээ. Тансаг машин унасан, жингийн илүүдэлтэй хүмүүс Монголоор дүүрэн байгаа болохоор тэр.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны өрхийн эмнэлэг дээр Ерөнхий сайдыг очиход “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аянд хамрагдаж, хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг эх олон байсан гэнэ. Өдөртөө 20 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж байгаа бөгөөд амны хөндий, харшлын шинжтэй эмгэгүүд нийтлэг байгааг өрхийн эмч нь ярьсан байна. Тус өрхийн эмнэлэг нь 41 мянган хүүхдэд үзлэг хийх аж. Өчигдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг үзлэгт хамруулжээ.
Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлснээр эхний шатанд 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, хоёрдахь шатанд үзлэгээр ямар нэг эмгэг илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Энэхүү үзлэгт бүрэн хамрагдсанаар манай хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөх болон умайн хүзүүний хавдар“-аас эрт сэргийлж, эрт үе шатанд нь эмчлүүлснээр өвчлөл, нас баралтыг бууруулах, өвчний хүндрэлд зарцуулах эрүүл мэндийн өртөг, зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг Ерөнхий сайд онцоллоо. Мөн цаашид Засгийн газраас эрүүл мэндийн салбар тэр дундаа нийгмийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэ шинэ дэвшил гарган дэлхийн жишигт хүрэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.
Ийнхүү Монголын бүх насныхан эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо. Гэхдээ энэхүү үзлэг сонгуулийн өмнөх шоу төдийхөн биш иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн үр дүнтэй ажил болоосой гэх хүмүүс байсан. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх нэрээр баахан хөрөнгө мөнгө цаг зав гарзадсан ажил болох вий гэх эмзэглэл ч иргэдийн дунд байна лээ.