УИХ-ын чуулганы эхний өдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг дэд хорооны даргаар томилсон. Үүний дараа хаврын чуулган Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ хуульд Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг Байгаль орчны багц хуулийн төслийг дулааны улирал эхлэхээс өмнө хэлэлцэх учиртайг Байгаль орчны багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Гансүх сануулж байсан. Үүний дагуу ч багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч чуулганы хоёр дахь өдөр УИХ-ын зарим гишүүд сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх горимын санал гаргаснаар Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар чуулган түр завсарласан.
УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын дарга Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-аар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлахгүй бол цаг хугацааны хувьд ч гэсэн давчуу байгаа гэдгийг сануулсан. УИХ-ын зарим гишүүд ч гэсэн одоогийн хэлэлцэж байгаа асуудлуудаа хойш тавьж, сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хатуу шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав “Сонгууль хаяанд ирсэн байхад юу яасан Байгаль орчны багц хууль вэ. Сонгуулийн хуулиа хурдан шийдвэрлээч ээ” гэсэн санал тавьсан. Хэдийгээр Байгаль орчны тухай багц хууль нэн даруй шийдвэрлэвэл зохих хууль ч Сонгуулийн тухай хуулийг тодорхой болгохгүйгээр хоёр сарын дараа болох сонгууль хийх боломжгүй. УИХ-ын сонгууль тойрсон олон асуудал бий. Гэтэл үүнийг хойшлуулаад байж болохгүй гэдгийг сануулж, хэрэв хоёр сонгуулийг хэрхэн явуулах тал дээр шийдэлд хүрэхгүй бол УИХ-ын чуулганаар бусад асуудлыг хэлэлцэхгүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолсон. Тиймээс өнгөрсөн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгийг хийсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай нэг өдөр явуулах эсэх талаар хэлэлцсэн ч хэрүүл, уруул болоод өнгөрсөн.
Ардчилсан намын хувьд хоёр сонгуулийг нэг өдөр явуулна, харин цагийн зөрүүг яаж зохицуулах тал дээр санал солилцох учиртайг сануулсан бол МАН-ын хувьд орон нутгийн сонгуулийг намар хийнэ гэсэн байр сууриндаа бат зогсоно гэсэн. Үүнийг нь бататгаж УИХ-ын чуулган завсарласны дараа УИХ-ын дэд дарга, МАН-ын гишүүн Н.Энхболд “Хаврын чуулган хоёр сонгуулиас болж түр завсарлалаа. Гэхдээ манай намын хувьд хоёр сонгуулийг зэрэг явуулахгүй гэсэн байр сууриндаа бат зогсоно” гэсэн мэдээллийг өгч орон нутгийг зорьсон. Харин үүнд Ардчилсан намын дарга Ч.Сайханбилэг “МАН-ын зүгээс өөрийн байр сууриндаа бат зогсоно хэмээн мэдэгдсэн нь харамсалтай байна. Ардчилсан намын зүгээс одоогийн мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу сонгуулийн үйл ажиллагаагаа явуулаач ээ гэсэн байр суурьтай байгаа. Одоогийн мөрдөж байгаа хуулиа хэрэгжүүлэх ёстой. Харин хууль хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Нэгэнт УИХ дээр мөн хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа хойно Ерөнхий сайд одоогийн хуулиараа зохицуулах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд С.Батболдыг байлцуулан хуралдах хэрэгтэй байна” гэв. Мөн Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Батбаяр, Э.Бат-Үүл, З.Энхболд нар “Хууль хэрэгжүүлэгч нь Ерөнхий сайд байтал ажлаа хийхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл байгаа бол Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбарлах ёстой. Яагаад ямар нэгэн тайлбар хийхгүй байгааг нь ойлгохгүй байна. Тиймээс Ерөнхий сайд С.Батболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дараагийн хуралд оролцохыг” хүссэн юм. Гэвч Ерөнхий сайд Төв аймагт ажиллахаар явсан учраас хуралд оролцох боломжгүй байсан юм.
Ийнхүү санал зөрөлдсөөр байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал гишүүдийн маргаанаар дууссан. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Нэгэнт хоёр нам нэг саналд хүрэхгүй байгаа учраас Ерөнхий сайд С.Батболд “Хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад ямар хүндрэл гарч байгаа, юу нь болохгүй, болж байгаа” талаар өөрийн биеэр УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Намын бүлгүүд үүнийг шийдэж чадахгүй. Засгийн газар өөрт хамаагүй асуудал гэж ярих хэрэггүй, хуулиндаа заасан учраас дараагийн хуралд Ерөнхий сайд С.Батболдыг байлцуулах нь зүйтэй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү УИХ-аар хэлэлцэх асуудлыг гацаанд оруулсан Сонгуулийн тухай хууль тодорхой шийдэлд хүрэлгүйгээр Төрийн байгуулалтын байнгын хороо өндөрлөсөн юм. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдах ёстой ч Ерөнхий сайд С.Батболд энэ хуралд оролцох эсэх нь тодорхойгүй байна.