Ж.Занаа: Би сонгуульд нэр дэвшихгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Ж.Занаа: Би сонгуульд нэр дэвшихгүй

Иргэний Алианс төвийн тэргүүн Ж.Занаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ өнгөрөгч чуулганаар сонгуулийнхаа хуулийг батлан гаргасан. Гэтэл энэ хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гээд Цэц  саяхан унагаачихлаа.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?

-Цэцийн дүгнэлт зөв, энэ удаа Цэц Үндсэн хуулийн зарчмын дагуу оновчтой шийдвэр гаргаж чадсан шүү.

-Уг нь УИХ-ын бүхий л шат, хэлэлцүүлгүүдийг дамжин явахад нь бүх л хуульчид нь Үндсэн хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байсан юм биш үү?

-Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хуульч бүхэн хэлж чаддаггүй юм, ялангуяа тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын тухай ойлголт, мэдлэг байхгүй бол бүр ч хэлж чадахгүй, хуульч болгон эрхзүйн зарчимд үнэнч байдаггүй юм байна лээ.

-Тэгээд сонгуулийн хууль Цэцийн хурлаар унаснаар хэнд ашигтай вэ, бас хэнд ашиггүй байх бол?

-Эх төгсгөлгүй УИХ-д сууж байх гэсэн Р.Гончигдорж мэтийн улиг болсон улс төрчдөд ашиггүй болж байгаа юм. Харин шударга, ёс зүйтэй, тэгш өрсөлдөөнийг бий болгохыг хүсч байгаа улс төрд нааштай гэгээ гарч байна гэж хэлж болно. Гэхдээ бас намуудын дотоод ардчилал, цөөнх буюу хүн амын тал хувь болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг пропорциональ хувилбар дотроо яаж хуваарилахаас ардчиллын гол зарчим болсон төлөөллийн зарчим хэрхэн хангагдаж байгаа, түүний төлөө өөрсдийгөө ардчилсан гэж нэрлэх дуртай намууд хэрхэн ажиллаж байгаа үнэн нүүр царайг харуулах болно гэж бодож байна.

-Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн гээд бүр дордуулчихаж болохгүй биз дээ?

-Энэ бол олон хүчин зүйлээс шалтгаална. Унасан бөх туг тойрдоггүй гэдэг ш дээ. Яг ижил статустай хоёр өөр тоглоомын дүрмээр тоглох гэж байж нэгэнд нь хожигдсон хүн нөгөөд нь ялагч болдог гэсэн дүрэм энэ дэлхийд хаана ч байхгүй ш дээ. Жишээ нь, чөлөөт бөхийн тэмцээнд хожигдсон бөх самбогийн тэмцээний аварга болдоггүй биз дээ.

-Шилжилттэй холбоотой заалтын зорилго нь сонгогчдын өгсөн санал үнэгүйдэхгүй байх гэж ойлгож байгаа. Гэтэл энэ заалтыг нь авчихаар намын нэрийн ард өнөөх ард түмний сонгохыг хүсэхгүй байгаа сэтэр­тэй хэдэн дарга нар гараад ирэхгүй юу?

-Наадах чинь толгой эргүүлж байгаа аргумент. Сонгогчдийн санал пропорционал хэлбэрт ч байгаа. Тэд тухайн намын хөтөлбөрийг судалж байгаад өөрт таалагдсан хөтөлбөрт саналаа өгнө. Харин мажоритари хувилбараар саналаа өгөхдөө хүнээ харж өгдөг. Тухайлбал, олонд танигдсан, олон жил улс төрд ажилласан, гол төлөв хөрөнгө мөнгөтэй эрэгтэйчүүд голчлон сонгогдох магадлал өндөртэй байдаг. Харин пропорциональ хувилбар бол эрэгтэй, эмэгтэйчүүдийг төлөөллийн зарчмын дагуу сонгох боломж олгодог, гэхдээ тухайн нам Үндсэн хуулийн зарчмаа юу гэж ойлгож байгаагаас шалтгаалж эмэгтэй нэр дэвшигчийг байршуулахаас хамаарч Үндсэн хуульт ёс хэрэгжиж байна уу үгүй юу гэдэг нь харагдана даа. Ард түмэн хэнийг сонгох, хэнийг сонгохгүй вэ гэдэг асуулт чинь нэг их оносон асуулт биш байна. Хүн бүр өөр өөрийн сонголттой, сонголтоо янз бүрийн шалгуураар хийдэг, зарим хүн зарчмаа барьдаг бол, зарим хүн шил архи, алтан өнгөтэй бурхан, арав таван төгрөгөөр саналаа өгдөг, зарим нь сонгуулийн шат шатны хороонд ажиллаад хэдэн мянган хүний саналыг 20 сая төгрөгөөр нэр дэвшигчдэд худалдаж хөлждөг гээд яривал сонгогчдийн санал яг бодитой юу гэдэг асуулт гарна даа…

-Сонгууль болохоос зур­гаан сарын өмнө УИХ-ын сонгуулийн хуульд гар хүрч болохгүй байх зохицуулалттай шүү дээ. Зарим хуульчид Үндсэн хуулийн Цэц ингэж шийдсэн ч хуулийн хязгаарлалттай хугацаанд баг­таж байгаа гэж тайлбарлаж байна. Энэ заалттай харшлахгүй гээд байгаа?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан бол тухайн хуулийг тухайн заалт “царцааж” байгаа юм. Царцаачихсан байгаа энэ заалтаар  Сонгуу­лийн тухай хууль хуулийн чадамжаа алдсан гэсэн үг. Чадамжгүй заалтыг хэрэглэж үйл ажиллагаа явуулбал үр дүн нь хууль ёсны биш  болно. Тухайлбал дахиад долдугаар сарын 1-нийх шиг бужигнаан гарахгүй гэх газаргүй, царцаасан заалтыг хэрэглэж сонгууль явуулах гэж бүдүүн зүрх гаргаж байгаа улс төрчид байгаа бол эртхэн энэ шуналаа дарж байх нь өлзийтэй байх болно гэж сануулж байна.

-Ер нь УИХ энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авах бол. УИХ нь хүлээж авахгүй гэвэл Цэцийн их суудлаар энэ асуудлыг хэлэлцэх нь тодорхой?

-Шүүхийн шийдвэрийг хүлээж авах уу, авахгүй юу гэдэг ойлголт байдаггүй. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй, УИХ-н гишүүн шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байж болно гэсэн хууль Монгол Улсад байхгүй.

-Хуулиар бол УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах ёстой. Гэвч энэ нь одоог хүртэл эргэлзээтэй байна?

-Хуультай юм бол хуулиа л барина шүү дээ, яаж явуулах вэ гэвэл сонгогчдод хамгийн сайн, найдвартай, хүндрэлгүй, ойлгомжтой, хамгийн гол нь луйваргүй л байхаар зохион байгуулах шаардлагатай даа.

-Та сонгуульд нэр дэвших гэж байна уу?

-Үгүй дээ. Одоо бол улс төрийн намууд, ялангуяа өөрсдийгөө гуравдагч хүчин гээд нэрлээд байгаа намууд сөрөг хүчин болж төлөвших яагаа ч үгүй байхад 20 жил зүтгэсэн иргэний нийгмийн салбартаа ажиллаж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байх нь илүү баталгаатай гэж бодож байна.

-Сонгуулийн хуулиар эмэг­тэй­чүүдийн квотыг оруулж өгсөн. Энэ талаар?

-20 хувиас доошгүй гэж заасныг хэлээд байна уу? Нэр төдий юм болчих вий гэж болгоомжилж байна. Яагаад гэвэл намуудын дотоод ардчилал муутай байхад найдвар их багатай байна. Дотоод ардчилал муутай гэдэг нь аль ч намд тэгш эрхийн зарчмын дагуу ажиллаж чадах байгууллагын чадамж, улс төрийн зориг, хүсэл байгаа гэдэг нь харагдахгүй байгаа юм л даа.

-Өмнөх сонгуулиудын үеэр гарсан булхайны ямар аргуудыг мэдэж байна вэ. Жишээ хэлээч. Таны энэ хэлсэн булхайнуудыг одоогийн хуулиар хориглож чадсан болов уу?

-Жишээ гээд хэлчих юм гэвэл хүмүүсийн яриа л байна даа. Тоо тоймшгүй олон заль байдаг гэсэн, миний мэдэж байгаагаар Чингэлтэйн УИХ-н сонгуулийн тойрогт ажиллаж байгаа хүмүүст мөнгө өгч өрсөлдөгчийнхөө саналаас хулгайлсан, эсвэл Хөвсгөл аймагт гарсан жишээ гэвэл “2000 санал байна, 20 сая төгрөг өгчихвөл сонгогдлоо” гэж нэр дэвшигч рүү утасдсан гэсэн. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга байсан Д.Баттулга гэж хүний хийсэн луйвар, 40000 хүнийг ч билүү Сонгогчийн үнэмлэхгүйгээр сонгууль өгүүлсэн луйврыг Монгол даяар андахгүй, бас будлиантай сонгуулийг үр дүнг хүлээж авсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хууль бус үйлдлийг монголчууд андахгүй.

-Иргэний нийгмийн байгуул­лагын төлөөлөгч гэдэг утгаар нь өнөөгийн иргэний нийгмийн байгууллагад үнэлэлт өгөөч?

-Үнэлгээ өгнө гэвэл нилээд хэдэн цаг шаардагдана. 2003-2005 онд Сивикус гэдэг олон улсын ТББ-н аргачилалаар хийсэн томоохон судалгаа байгаа. Бид иргэний нийгмийн бүтэц, үнэт зүйл, үр нөлөө, орчин гэсэн дөрвөн чиглэл, 72 үзүүлэлтээр гаргасан судалгаа байгаа. Иргэний нийгмийн бүтэц, орчин, үр нөлөө гэдэг үзүүлэлтээр тааруу, харин Үнэт зүйлсийн хувьд нилээд нааштай үнэлгээ гарсан.

-Иргэний нийгмийн томоохон чуулган болж, төр иргэний нийгмийн түншлэлийн баримт бичиг гээд гаргаж байсан. Ингэс­нээр ямар үр дүн гарах юм бэ?

-Иргэний нийгмийн хөгжлийн талаарх “Төрийн үзэл баримтлал” хэмээх төрөөс иргэний нийгмийн хөгжлийн асуудлаар баримтлах бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулан гаргалаа. Энэ баримт бичгийг боловсруулсан арга барил бол Монгол Улсад байгаа урд өмнө нь боловсруулж байсан үзэл баримтлалуудаас чанарын ялгаатай. Бид энэ баримт бичгийг иргэний нийгмийн өргөн төлөөллөөр нэлээд хэдэн удаа төв, орон нутагт хэлэлцүүлж байж, давхардсан тоогоор 1000 гаруй Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулсан. Бид энэ баримт бичгээрээ төрөөс иргэний нийгэмтэй хамтран ажиллах үндсэн зарчим, үнэт зүйлс, эдгээрийг хангах бодлогын хүрээ, төрөөс явуулах стратегийн чиглэл зэрэг зүйлийг оруулсан. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар баталсан, одоо УИХ-аар хэлэлцэн батлуулах асуудал үлдээд байна. Энэхүү үзэл баримтлал бол ардчилсан өөрчлөлтийн 20 жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа, “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” Үндсэн хуульдаа заасныг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа эрхзүйн эх сурвалж гэж үзэж байгаа. Харин одоо бид үзэл баримтлалтай боллоо гэж тайвшрах бус, энэхүү баримт бичгийнхээ үр дүнг гаргахын тулд уйгагүй хөдөлмөрлөж, тууштай ажиллах шаардлагатай.

-Саяхан Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр Иргэний нийгмийн байгуул­ла­гууд цаасан дээр л ажилладаг гэх шүүмжлэл гарч байсан?

-Иргэний нийгэм, ардчилалыг хөгжүүлэхэд хүн бүр өөр өөрийн чадал, мэдлэг, авъяас, чадвараар л хувь нэмрээ оруулж байгаа. Цаас эрээчдэг нь цаасаа эрээчээд, зураг зурдаг нь зургаа зураад, гүйдэг нь гүйгээд, суудаг нь суугаад чаддаг чаддагаараа л нэмэр болж байвал болж л байгаа юм биш үү. Өөрийн санаачлагаар, сайн дураараа улс орондоо, нийгэмдээ нэмэр болъёо гэж байгаа Иргэний нийгмийхнийг шүүмжлэх гэхээсээ илүү тэднийг ойлг­ож, үг хэлээ олж, хамтран ажиллах нь хэн хэндээ өлзийтэй байх байлгүй дээ.

-Өнгөрөгч жилүүдэд иргэний нийгэм гэдгийг жагсаал хийдэг хэдэн нөхдүүд, шантаажлагчид гэж шүүмжлэх хүн олширсон. Магадгүй нэгэн үе иргэний нийгмийн дуу хоолой, нүүр царай болж байсан хүмүүсийн ихэнх нь нам хүчинд дагаар орсон болоод иргэний нийгэмд итгэх итгэл сулрах шиг болсон?

-Олны үг ортой. Төрийн албаныхан болон зарим бизнесүүдийг шан­таа­жилж байсан жишээнүүд бай­гаа болохоор тэгж ярьж байгаа юм. Харин аль нэг намд орсон явдал бол тэр хүмүүсийн эрх, Үндсэн хуульд заасан, бас хүн бүрт өөрт нь заяасан эрх болохоор хэн нэгэн хүнийг намд элсэхээр шүүмжлэх нь илүүц. Гэхдээ ямар зорилгоор, ямар нөхцөл байдалд тухайн намыг сонгосныг  шүүмжилж яри­хыг хориглох эрх байхгүй байлгүй дээ.

-Ингэхэд таныг Засгийн газрын хуралд оролцдог болсон гэж сонслоо. Ямар ажлаар хэзээ тэгээд хуралд нь оролцсон юм бэ?

-Нэг удаа Иргэний нийгмийн хөгжлийн талаарх “Төрийн үзэл баримтлал”-аа батлуулах хуралд ажлын хэсгийн хүмүүстэйгээ хамт оролцсон.

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой өнгөрсөн хугацаанд ямар байв?

-Өнгөрсөн дөрвөн жил тасралтгүй ажилласан. Урдчилан хорих төвүүд, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд иргэний нийгмийн байгууллагад ажилладаг өмгөөлөгчид ажилласан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр санхүүгийнхээ боломжийн хирээр дуугарлаа, улс төрчидтэй ажиллаа, НҮБ, Хүний эрхийн олон улсын байгууллагуудад илтгэл, мэдээлэл бичлээ гэх мэтээр чамгүй ажилласан, харин бохир улс төрчдөөс болоод бид санасан үр дүндээ хүрэхгүй байна. Харин долдугаар сарын 1-ний асуудлаар УИХ-н гишүүн Х.Тэмүүжингийн хийсэн хэвлэлийн бага хуралд хэлсэнийг сонсоход хүн буудсан цагдаа нар, өөрсдийн буруугаа хүлээсэн цагдаагийн дарга нарын өчил хэнд ч ойлгомжтой байна шүү дээ. Тэд галт сумаар хүн буудсан, буудсан хүнээ ирж өшиглөсөн, цагдаагийн дарга нар бол өршөөлийн хуульд хамрагдахдаа “гэм буруугийн талаар маргахгүй” гэж өчсөн байгаа. Дээрх баримтууд бол иргэдийнхээ аюулгүй байдлыг өөрийн эрх мэдэлдээ авсан, тухайлбал онц байдал зарласаны дараа “төрийн цагдаа нарын ”үйлдсэн гэмт хэрэг байна. Тэгэхлээр төр уучлалт гуйх ёстой л байсан, үүнд саад болсон улс төрчдөд тэд ямар харалган байгааг хэлэхээс өөр арга алга. Ардчилсан улс оронд нэг хүний амь эрсдэхэд төр л буруутай, яагаад гэвэл тэд иргэнийхээ эрхийг хамгаална, ханган баталгаажуулна гээд үүрэг аваад, хариуцлага хүлээдэг, үүнийх нь төлөө иргэд татвар төлж, цалин хөлс, эрх ямбыг нь эдлүүлдэг, учир нь энд байгаа байхгүй юу. Одоо бид дахин энэ асуудлыг хөндөж 2012 оны сонгуулийн өмнө үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой. Энэ асуудлаа хохирогчдын ар гэрийнхэнтэй манай байгууллагаас хамтран хийгээд байгаа хэвлэлийн бага хурлуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад улс төрчдөд удаа дараа уриалж байгаа.

-Энэ хэргийг улс төрийн аргаар биш хууль эрх зүйн хүрээнд нь шийдмээр л байх юм. Ийм боломж харагдахгүй нь ээ.

-Асуулт чинь хариулт болчих юм шиг байна. Хаана шударга ёс, эрхзүйт ёс алдагдана, тэнд эмх замбараагүй байдаг гэж хэлсэн байдаг. Бид ардчилалыг эмх замбараагүй, дур зоргийн байдалтай хольж хутгаад байна. Төр ч, иргэний нийгэм ч, бизнес ч дур зоргоороо байж болохгүй, бүх зүйл нийтлэг эрх ашигт нийцсэн зарчимтай, дэгтэй, дүрэмтэй, түүнийг нь хүн бүр дагаж мөрддөг байж гэмээ нь хамтын амьдрал ойлгомжтой, үүн дээр сууриласан итгэл үнэмшил бий болдог. Сайн зорилго тавьсан ч арга нь буруу байвал хулгайч л болно.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж