Шударга ёсны эрэлхийлэлд

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Шударга ёсны эрэлхийлэлд

“Шударга ба шударга бусыг ялгаж чадаж байгаа тул
хүн улс төрийн амьтан мөн”

Аристотель

Хүн төрөлхтөн “Шударга ёс гэж юу вэ?” гэсэн мөнхийн асуултын хариуг эрсээр ирсэн юм. Шударга ёс бол эрх зүйт нийгмийн язгуур ашиг сонирхол, ард түмний туйлын хүслэнг баримжаалсан ёс суртахууны үнэлэмж, нийгмийн үнэт зүйл мөн билээ. Өрнөдийн мэргэн ухааны хувьд шударга ёсны онол Платон, Аристотель нарын сургаалаас эхтэй. Энэ нь justice буюу шударга ёс, хууль ёс гэсэн латин үгнээс гаралтай юм

Платон шударга ёсыг аз жаргалтай адилтган зөвхөн шударга хүн л аз жаргалтай, шударга бус хүмүүс аз жаргалгүй гэжээ. Тэгээд “хамгийн шударга амьдрал хамгийн сайхан” гэж тодотгосон байдаг. Харин Аристотель ёс зүй ба түүнтэй нягт холбоотой улс төрийн бодлогыг хүний чөлөөт сонголтоо хийх үйлдлийн тухай практик шинжлэх ухаан гэж үздэг. Шударгаар хуваарилах явдлыг Аристотель их ач холбогдолтой гэж үзэж байв. Аристотель “Шударга ёс бол ямар нэгэн хэмжээ зохицохуй, хувь тэнцүүлэлт, дундаж зүйл мөн. Харин шударга бус байдал хэмжээ зохицохуйг эвддэг. Нийгмийн баялгийг хуваарилах ажилтай холбогдсон шударга ёс ямагт дээр дурдсан хэмжээ зохицохуйд нийцэн хэрэгждэг” гэжээ.

Орчин үеийн Америкийн философич Жон Роулз өөр өөр нийгэм, огт ондоо соёл, ёс зүйн эрс ялгаатай ертөнцөд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн шударга ёсны шаардлагыг нэгэн адилаар хүлээн авч болох тухай онолыг боловсруулсныг өргөн олон хүлээн зөвшөөрсөн. Шударга ёсны тухай ярих нь ёс зүйн тодорхой нөхцөл байдалд буюу хуваарилах, солилцох харилцаа бий болж, зохих арга хэмжээ авахыг шаардаж байгаа үед л боломжтой юм. Австрийн философич Ханс Хелсен шударга ёсны төлөө тэмүүлэл нь аз жаргалын төлөөх хүмүүсийн хүсэл юм. Аз жаргал гэдэг нь хүн дан ганцаараа олж чадахгүй учраас нийгэм дотроос хайдаг. Шударга ёс бол нийгэм дэх аз жаргал гээд ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэж ХХ зууны тавиад онд бичжээ. Харин Английн эрдэмтэн Ф.Бэкон шударга бус явдлын гурван эх сурвалж байдгийг хүчирхийлэл, хуулиар халхавчилсан санаатай хийгдэж буй хорон муу үйл, хуулийн өөрийнх нь харгис хатуу чанар гэсэн юм.

“Айвенхоу майнз” компани Канадын “SouthGobi Resources” компанид эзэмшдэг 57,6 хувиа Хятадын “Чалько” компанид 912 сая ам. доллараар худалдахаар болов. Ингэснээр Өмнөговийн Овоот толгой, Сүмбэр, Заг сүүж, Цагаантолгойн нийт 500 сая тн коксжих нүүрсний орд хятадуудын гарт орно. Эдгээр компаниудын хувьцааны зохих хувийг дэлхийн уул уурхайн акул “Рио Тинто” эзэмшдэг. Тэгвэл гадаадын компаниуд Монголын орд газрын лицензийг эзэмших замаар компанийхаа хувьцааг дэлхийн уул уурхайн акулуудад зараад байгаа нь цаагуураа Монголын баялгийг дамлаж байгаа хэрэг. Энэ бол лицензийг худалдаж болохгүй ч компаниа зарахыг хориглоогүй манай хуулийн цоорхойг тун овжин ашигласан луйврын нэг хэлбэр юм. Ийнхүү Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бусдын улан дор гишгэгдэж байна.

Хүн бүр шударга байхыг хүсдэг боловч, өөрийн үйлдэл, үйл ажиллагаандаа байнга тийм байж чаддаггүй нь харамсалтай.

Монголчууд эрт дээрээс шударга ёсны үнэлэмжтэй, мэдрэмжтэй ард түмэн байсан. Чингис хаан тайчуудтай хийсэн байлдаанд өөрийнх нь хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн хэмээн Зэв хэмээн нэрлэж, өрлөг жанжнаа болгодог. Харин эзнээсээ урваж, Жамухыг барьж ирсэн таван иргэнийг цаазалсан. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан даруйд хүмүүсийг гавъяа зүтгэлээр нь албан тушаалд томилон шагнаж урамшуулж байлаа. Ер нь ард түмэн төрөөс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл бол шударга шагнал, шударга шийтгэл байдаг.

Ардчилал хөгжсөн улс орнууд аливаа асуудлыг ард түмнээсээ асууж шийдвэрлэхийг илүүд үздэг. Гэтэл манайх 1995 онд баталсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа амьдралд ганц ч удаа хэрэглэсэнгүй. Эрх баригч МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө иргэдээр хэлэлцүүлж, санал авдаг журмыг хэвшүүлнэ” гэсэн авч таг чиг өнгөрлөө. Манай нэг лидер улс төрчийн амнаас, ард нийтийн санал асуулгын дүн бидний санаж байснаас өөрөөр гарвал яах вэ гэсэн аймшигтай үг гарч байхыг сонсоод албан тушаалтнууд ард түмнээсээ ямар их холдоо вэ гэж бодогдож билээ. Тэгэхээр парламентын түвшинд улс төрийн нам, хүчнүүдийн оролцоотой шийдэж чадахүй байгаа, нийгмийг хагарал, хуваагдалд хүргэх, улмаар тогтворгүй байдал үүсгэж болох олон асуудлыг ард иргэдээсээ асууж шийддэг болох нь шударга ёсонд нийцнэ. Мөн иргэний ардчилал буюу шууд ардчиллыг хөгжүүлэхийн тулд нам төвтэй орон нутгийн удирдлагын тогтолцоог халж, иргэн төвтэй өөрөө удирдах ёсны тогтолцоог бий болгох нь зүйтэй.

Өнөөгийн улс төрд үнэт зүйл, үзэл санаа, зарчим үнэгүйдсээр байна. Зарчимтай, мэдлэгтэй нь бус зальтай, мөнгөтэй нь үнэлэгддэг болоод удлаа. Мөнгөний өрсөлдөөнөөс бодлогын өрсөлдөөн руу орох цаг болсон. Судалгаанаас харахад манай парламентаас гарч буй хуулиудын дийлэнх хувь нь явцуу эрх ашиг, бизнес бүлэглэлийн захиалга байдаг нь тодорхой харагдаж байна. Аливаа хууль нь олигархийн эрх ашигт бус, олон түмний эрх ашигт үйлчлэх ёстой.

Түүнчлэн манайд сонгуулийн дүнг санал хураалтаас өмнө урьдчилан гаргадаг орос маягийн технологи, тохиролцооны сонгууль газар авсан нь шударга ёсонд яавч нийцэхгүй. Монгол Улсын парламентыг олонхи нь бус, олонхийн цөөнх нь удирдах болсон нь нууц бишээ. Энэ нь эцсийн дүндээ олонхийн засаглалд бус, олигархийн засаглалд тус болж байна. Мөн парламентад сөрөг хүчний дуу хоолой дутагдаж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих парламентын үндсэн үүрэг ч алдагдлаа.

Их сэтгэгч Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөө, шударга ёсны тухай ярих ч хэрэггүй” гэсэн билээ. Эрх мэдлийн тэнцвэртэй, хяналттай хуваарилалт алдагдаж, хууль тогтоогчид нь Засгийн газартайгаа, шүүх байгууллагуудтайгаа нэг хөнжилд орохоор шударга ёс алдагдан олигархиуд хөлжиж, олон түмэн хохирдог.

Ард түмэн өнөөдөр өлссөндөө уурлаагүй, шударга ёсоор цангасандаа бухимдаж байна. Эртний Грекийн долоон мэргэний нэг нь шударга ёс бол бүх хүмүүст өөр өөрсдийнхийг нь хувийг өгөх явдал гэж хэлсэн. Энэ тодорхойлолтыг олон гарамгай сэтгэгчид, ялангуяа эрх зүйн гүн ухаантнууд бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Шударга ёсны төлөө бүгдээрээ эрс шийдэмгий, хурдан шуурхай ажиллахыг шаардаж буй энэхүү цаг үед улс төр, эдийн засгийн зоригтой өөрчлөлт хийхийг иргэд, олон түмэн хүсч байна. Шуудхан хэлэхэд олигархийн засаглалаас олон түмний засаглал руу шилжицгээе, сураггүй болсон шударга ёсыг эргүүлж авчирцгаая.

Ж.БАТЗАНДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж