Алхаа цохих боломжийг нь олго

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Алхаа цохих боломжийг нь олго

Хэзээ мөдгүй зад тавьж, улаанаар эргэлдсэн урсгал нь замдаа дайралдсан бүгдийг хуу хамах нь. Үерийн түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн бэ гэдгийг хэлэхэд бэрх боллоо. Асуудал улам бүр хүндэрч байна. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлын дараалал хийгээд өрнөлөөс үүнийг харсан биз ээ.

Өнгөрсөн 2008 оны сонгуулийн луйвраас үүдэлтэй хэрэг ирэх сонгууль хаяанд ирсэн энэ мөчид улстөрчдийн оролцоотойгоор эргэн сэдэрлээ. Энэ хэргийг эргэн ярих, шүүхийг өөрийн бодлоор шүүх байр сууриуд борооны дараах мөөг шиг олшров. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэтэрхий нэг талыг барьсан төлбөрт нэвтрүүлгээр олны санаа, бодлыг эргүүлэх оролдлого хийж байна. Тэр ч бүү хэл, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны ясыг өндөлзүүлж, 14 жилийн өмнөх аллагын дараа авсан гэрэл зураг, баримт сэлтийг тодорхой сонин, телевизээр цувралаар нийтэлж, нэвтрүүлээд эхлэв. Мэдээж тэр бүхний нарийн учгийг захиалагч нар нь дараа дараагийн долоо хоногуудад тодорхой болгох биз ээ.

2008 оны долдугаар 1-нд галт зэвсэг хэрэглэн хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээсээ татгалзав. 

Бүх зүйл хэзээний эхэлсэн ч үйлчлүүлэгчээсээ татгалзаж, олныг гайхшруулсан өмгөөлөгчид Монгол Улсын шүүхийг зүгээр л “нулимчихлаа”. Хариуд нь ямар нэгэн хариуцлага хүлээх нь байтугай харин ч эсрэгээрээ шүүгчдийг ёс зүйн хороонд өгөхөөр болсон гэдгээ мэдэгдлээ. Ингэснээрээ шүүхийн шийдвэрийг шүүдэг хэсэг бүлэг хүн бий, тэдний эсрэг ажиллавал шүүх эрх мэдэл ч жижигддэг гэдгийг ил болгочих шиг.     

Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлийн хэлсэн “Шүүхийн хууль бус үйлдлийн талаар албан ёсоор гомдол гаргана. Шүүхийг  ёс зүйн хороонд нь өгнө.  Миний хувьд өчигдөр үйлчүүлэгчтэйгээ уулзсан. Харилцан ярилцаад үйлчлүүлэгчээсээ татгалзах шийдвэр гаргасан” гэж хэлэв. Тэд энэ нь хэрэгт өөрийнх нь үйлчлүүлэгч буруугүй гэх байр сууриас илүүтэй шүүх хурлыг явуулах сонирхолгүй байгаа бололтой.

Өмгөөлөл үзүүлэхээс татгалзсаныхаа дараа хэлсэн О.Алтангэрэлийн бас нэгэн үг эрхгүй анхаарал татна. Тэр нь юу вэ гэхээр “…шүүгдэгчид өмгөөлөгчтэй байсан, байгаагүй зорилготойгоор найруулан тавьж буй улс төрийн захиалгат жүжгэнд чинь хохирогчоор оролцон тоглож, ял авах нь ойлгомжтой” гэж. Зарим уншигчдад сануулахад энэ хэргийн шүүх хурал анх товлосон хугацаанаасаа гурвантаа хойшилсон. Энэ бүхэнд ямар нэгэн арга саам хайж, иймэрхүү мэдэгдэл, дүгнэлт хийгээд байгаа нь зүй тогтол алдагдсаныг хөндлөнгөөс ажигласан хэн хүнд хэлээд байх шиг. Уг нь шүүх хурал болдгоороо болж, шүүгчдийн дүгнэлт гарсаны дараа л эдгээр өмгөөлөгчид гомдол гаргах үндэслэл бүрдэх учиртай. Шүүхийн бүрэлдэхүүн хуулийн заалтыг буруу ашигласан уу, үгүй юу гэдгийг тэд бус давж заалдах шатны шүүх дүгнэдэг учиртай. Түүнээс бус шүүхийн үйл ажиллагааг шүүх эрх мэдэл хэнд ч байхгүй. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ гэж бий. Гэтэл урьдаас таамаглаж, зөнч мэтээр асуудалд хандан шүүх процесс эхлээгүй байхад шүүхийн хийгээгүй үйлдлийнх нь төлөө буруутгаж, шүүхийн шийдвэрт зориудаар нөлөөлөхийг оролдох явдал өнгөрсөн долоо хоногийн өдөр болгон шахуу өрнөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ хэргийн талаар товчхондоо “Цагдаа нар хүн буудсан гэдгийг тогтоогоогүй” гэлээ. Тэрээр шүүх хэтэрхий нэг талыг барьсан гэх үгийг бас л амнаасаа унагаж амжив. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шүү дээ. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд бус ёс зүйгээрээ шийддэг гэж өөрийгөө тодорхойлсон сайд ийнхүү шүүхийн өмнөөс асуудлыг дүгнэчихлээ. Гэхдээ тэр нь хууль ёсны хүрээнд биш шүү. 

Тэгвэл долоо хоногийн сүүлээр  Ардчилсан намынхан ч шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхүйц мэдэгдэл, мэдээлэл хийлээ. Баасан гаригт болсон Ардчилсан намын 4:11 уулзалтын үеэр бас л хавтаст хэргийн материалаас олон нийтэд дэлгэв.

Ингэхдээ “2008 оны долдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн тасгийн мөрдөн байцаагч галт зэвсэг хэрэглэн хүнийг санаатай алсан хэргээр /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1/ 805 дугаар ангийн долоон цагдаад эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн албан хаагчдад холбогдох хэрэг учраас долдугаар сарын 4-ний өдөр УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна. Тэднийг Заамарын уурхайд хамгаалалтад гаргасан байхад нь баривчилж авчирч “Ганцхудаг”-т хорьжээ. Харин хэргийг шалгах явцад цагдаагийн удирдлагууд буу, сум тараасан нь нотлогдосны дараа УЕП-ын мөрдөн байцаах тасгаас Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, хурандаа Ш.Батсүхийг уг хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэрийг наймдугаар сарын 20-ны өдөр гаргасан байна” гэж мэдээлэв. Тэд яагаад дөрвөн жил дарчихаад өнөөдөр үүнийг сөхөв. Хамтарсан Засгийн газарт орсон жилүүддээ тухайн мэдээллийг хийгээгүй нь ямар шалтгаантай байв. Тухайн үед энэ мэдээллийг дэлгэсэн, одоо мэдэгдсэн хоёрын хооронд ямар ялгаа байж болох вэ. Үүнийг эргэцүүлэх  боломжийг танд үлдээе.

Ардчилсан намынхнын хэлээд байгаачлан “Жирийн цагдаа нарыг баривчлахад хэн ч юу ч хэлээгүй. Одоо долоон цагдаа шалгагдаж байгаа бөгөөд тэдэнд хүний амь насыг бүлэглэн санаатай хороосон хэргээр цаазын ял ногдож болзошгүй байгаа” гэх үг ахиад л хавтаст хэргийг сөхлөө. Хавтаст хэргийн материал, нотолсон нотолгоо нь үнэхээр тийм байж болно. Гэхдээ Ардчилсан нам бас л шүүх биш.  Үнэхээр л үүнийг мэдэж байсан юм бол өөрсдөө яагаад үг хэлээгүй юм. Өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийдэг нь ямар учиртай вэ гэх асуулт бас л гарна.  

Энэ бүхнээс долдугаар сарын 1-нд галт зэвсэг хэрэглэж дөрвөн хүний амь насыг, зургаан хүний эрүүл мэндийг хохироосон энэ хэрэгт хэн буруутай вэ. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийн үнэн мөнийг олох сонирхолтой хүн алга. Улстөрчид өрсөлдөгчдөө унагахын тулд энэ хэргийг өөрсдөдөө ашигтайгаар ярьж байна. Харин цагдаагийн удирдлагууд хэргийн үнэн учрыг дэлгэх сонирхол алга. Ингэхийн тулд ямар ч үнээр хамаагүй хугацаа хожихыг хичээж байна. Ингэхдээ цагдаагийн байгууллагыг ч шүүхийн эсрэг босгоход бэлэн байгааг өнгөрсөн долоо хоногийн өмнө өдрүүд харуулсан.

Тиймээс сонгуулиас урьдаж энэ хэргийг шийдвэрлэх нь хэргийн эзнийг бүдгэрүүлж ч магадгүй нөхцөл үүсчээ. Гэхдээ нийгмийн сэтгэл зүйн хувьд хэргийн үнэн мөнийг одоохондоо хүлээн авах чадваргүй байж мэднэ. Тиймээс мэдэх шаардлагагүй ч байж болох юм. Харин өөр өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийгээд ажлаа хийгээд яваа иргэдийг ахин үймүүлэх мэдэгдлийг хэн хэн нь хийхгүй байвал сайнсан. Ардчилсан намынханд ч энэ хамаатай. Нэгэнтэй өнгөрсөн хугацаанд хэргийн талаар дуугараагүй байж одоо иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гээд хэрэггүй. Шүүх хурал болоогүй байхад өөр өөрсдийнхөөрөө хэргийг тайлбарлаж, дүгнэлт хийх нь эргээд долдугаар сарын 1 рүү иргэдийг турхирч ч мэднэ. Өнөөдөр хууль ёс, ёс зүй гээч уланд гишгэгдсэнийг өмнөх долоо хоногийн үйлдлүүд санууллаа.

Сонгууль дөхөхөөр л шоудаж, иргэдээ хамгаалах тухай ярьж, үлдсэн хугацаанд нь мартдаг өөдгүй улстөрчид, эрх мэдэлтнүүд өнөөдөр шүүхийг ч шүүх биш болгож байгаагийн тод жишээг иргэд анзаарсан гэдэгт найдъя. Энэ увайгүй, утгагүй үйлдлээ өргөжүүлж, албан ёсжуулахын тулд шүүхийг ч шүүж мэдэх нь. Дахин сануулахад, Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ. Тэдэнд алхаа цохих боломжийг нь чөлөөтэй үлдээ.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж