Хүний наймаачдад 3-5 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Хүний наймаачдад 3-5 жилийн ял оноожээ

Монгол бүсгүйчүүдийг хууран мэхлэх замаар БНХАУ, Хонгконг, Макао зэрэг улсад худалдсан гэх Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд  өнгөрөгч баасан гаригт болсон. Хаалттай хуралдсан шүүх хурал таван цаг  гаруй үргэлжилж, шийдвэрээ гаргажээ. Шүүхээс дээрх гэмт бүлэглэлийн толгойлогч болох Г.Батдэлгэрт таван жил зургаан сар, Г.Ганзоригт таван жил нэг сар, Г.Чинзоригт гурван жил зургаан сар хорих ял  тус тус оноосон байна. Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарыг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, дээрх ялыг оногдуулсан байна. Харин Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарыг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн гэм буруутай, харин хүнийг  хил давуулан худалдсан нь тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг 2009 оны долдугаар сарын 9-ний Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамруулан, хорих ялыг хэлтрүүлсэн байна.

Ийнхүү дөрвөн жил сунжирч, зургаан удаа хойшилсон хэргийг анхан  шатны шүүх шийдвэрлэлээ. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж