Триатлончид олимпийн эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Триатлончид олимпийн эрхийн төлөө

Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн Японы Татеяма хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр хувийн төрлүүдийн аварга шалгаруулах уралдаан болж, дийлэнх медалийг нутгийн эзэд хүртлээ. Одоогоос 13 сарын өмнө Японы зүүн эргийг зонхилон нөмөрсөн цунами, түүний уршгаар гэмтсэн Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын хор нөлөө буурч буйг харуулахад уг тэмцээний нэгэн зорилго оршиж байна. Нөгөөтэйгүүр тус тэмцээний элитийн /насанд хүрэгчдийн/ уралдаанд түрүүлсэн Японы Марико Адачи бүсгүй, Юүичи Хосода нар Лондонг зорих эрхээ шууд гардан авсан нь тэмцээний бас нэг онцлог байлаа.

“Лондон-2012” олимпийн эрх олгох энэхүү тэмцээний эрэгтэй элитийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн Спортын дэд мастер Ч.Гансүх, Б.Зоригт нар оролцов. Манай тамирчдын хувьд дугуйн уралдааны явцад техникийн шалтгаанаар замаас гарсан юм.

Тэмцээний үеэр Азийн триатлоны холбооны 21 дүгээр конгресс хуралдаж, олон асуудал хэлэлцсэний дунд Азийн шүүгчдийн сургалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр багийн буухиа болон пара триатлон, сонирхогчдын уралдаанууд болно гэж Монголын триатлоны холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж