“Айзам”-ын дуучин Ч.Тамир: “Дурсамж дуу Хос хун нэртэй байсан”

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Айзам”-ын дуучин Ч.Тамир: “Дурсамж дуу Хос хун нэртэй байсан”

“Дурсамж”, “Хавар”, “Итгэл” , “Нутгийн цагаан шөнө”, “Чи минь”, “Чамдаа зориулъя”, “Хайрын дууг минь сонсооч”, “Арван жил” зэрэг хит дуунуудаараа 80-аад оны хотын залуусыг шуугиулж байсан “Айзам” хамтлаг нэгэнт 30 жилийг ардаа үджээ. Энэ баярт өдрөө тэд фэнүүдтэйгээ тэмдэглэн өнгөрөөхөөр шийдэж тун удахгүй амьд хөгжмийн тоглолтоо хийхээр болсон билээ. Санаанаас гарамгүй сайхан аялгуу дуунуудаараа үзэгч, фэнүүдийнхээ залуу халуун насны дурсамжийг сэргээсэн тэр нэгэн сайхан үдэш ирэх ням гаригт тохиож байгаа юм. Ингээд “Айзам”-ын дуучин, басс гитарчин, өдгөө Франц улсын иргэн болсон Ч.Тамир хамтлагийнхаа тоглолтод оролцохоор эх орондоо түр хугацаагаар ирээд байгаа аж. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Урлагт анх хөл тавьсан үеээ эргэн дурсахгүй юу?
-Урлагт анх хөл тавьсан үе гэвэл бүр эрт л дээ. Би нэгдүгээр сургууль төгссөн. Наймдугаар ангиасаа л арав төгстөлөө сургуулийнхаа “Империал” хамтлагт хөгжим тоглодог байсан. Аравдугаар ангиа төгсөөд хойшоо сургуульд явсан ч хөгжимд дурлаад сургуулиа сайн дураараа орхиод ирсэн л дээ. Тэгээд ирээд “Айзам хамтлагтаа ороод 1990 он хүртэл тэндээ байсан. Тэгээд улс төрийн нөхцөл байдал ч солигдоод тэгээд манай хамтлаг ч тарсан.
-Тухайн үед тийм ч олон хамтлаг байгаагүй болохоор хүссэн болгон нь хамтлагт орж чаддаггүй байсан болов уу. “Айзам” хамтлагт ороход шалгуур хэр өндөр байв?
-Эхлээд хойноос ирээд “Айзам” хамтлагт дуулж, гитар тоглож шалгуулаад тэнцээгүй хасагдсан. Тухайн үед Мөнхөө гээд “Айзам” хамтлагт байсан хөгжимчин байсан юм. Тэр бид хоёр зэрэг шалгуулаад Мөнхөөг аваад намайг явуулчихсан. Мөнхөө илүү байсан байх л даа. Дараа нь залуу дуучдын уралдаан гээд филармониос зохион байгуулж байсан тэрэнд ороод шагналт байранд орсон. Одоо энэ манай эрос Ариунаа, “Өргөө” хамтлагийн Бархас бид нар орж байсан. Тэнд шагналт байранд орсноос ч болсон юм уу, Үйлдвэрчний Соёлын Ордон дээр “Айзам” байрладаг байсан, тэнд шагналтнуудын концертонд тоглоход “Айзам” хамтлагийнхан тоглолт үзчихээд “чи хүрээд ир” гэсэн. Тэгээд л намайг авсан.
-Та “Айзам” хамтлагийн бүрэлдэхүүнд хичнээн жил дуулсан бэ?
-82, 83 оноос дуулж эхэлсэн. Яг нарийн санахгүй байна. 89, 90 он хүртэл үндсэндээ долоо, найман жил байсан. Надаас өмнө “Айзам” хамтлаг байсан, сайхан ч хамтлаг, намайг байхад ч сайхан л байсан, одоог хүртэл “Айзам-2” гээд үргэлжлүүлээд сайхан л явж байна.
-Хамтлагтаа ороод дуулсан анхны уран бүтээл тань ямар дуу байв?
-Анхны уран бүтээл гэхээр одоо энэ дуулагдаж байгаа дуунууд байгаагүй. Яагаад гэхээр хамтлагийн ахлагч Ганболд маань ”Айзам”-д байж байгаад намайг орохоос өмнө “Мөнгөн хүрхрээ” гээд хамтлаг руу явчихсан байсан. Тухайн үед дуу зохиодог хүн “Айзам” хамтлагт байсангүй. Тэгээд яахав дээ, тэр үед чинь орос, англи дуу их дуулдаг байсан. Тиймэрхүү байж байгаад 1984 онд Ганболд маань хамтлагтаа эргэн ирсэн. Миний хамгийн анх дуулсан Ганболдын дуу бол “Хос хун” гэсэн сайхан дуу байлаа. “Хос хун” дууг сүүлдээ манай хүн засч өөрчилж байгаад “Дурсамж” нэртэй болгочихсон л доо.
-Таныг “Айзам” хамтлагт дуулдаг байх үе социализмын үе байсан. Тэр утгаараа уран бүтээлээ хийж туурвихад хүндрэлтэй байв уу, шинэ гаргасан дууг дуулж болохгүй гэж хорьдог байсан уу?
-Өө байлгүй яахав. Тэр үед чинь уран бүтээл хийхэд хайр дурлал, нутгийн сэдэвт дуунуудаас гадна бас нэг хааяа нэг тийм найрамдал, орос ах нарыгаа магтсан тиймэрхүү дуу заавал уран бүтээлдээ оруулж дуулах ёстой байсан. Тэгэхгүй бол дээрээс бангадуулдаг байлаа л даа. Тэгээд бас элдэв бусын барууны дуу дуулахыг хорьдог. Ямар сайндаа зүүн Германы рок-н-ролл дуулдаг байсан дуучны дууг аваад дуулаад ч нэмэр байхгүй, нэг концертон дээр дээрээс шууд хөшиг хааж л байсан. Капиталистууд боллоо гээд л. Тухайн үед зарим тохиолдолд концерт удирдаж байгаа хүнээсээ ч болдог уу, хэн үзэж байна гэдгээс ч болдог юм уу хориглох юмнууд их байлаа. Гэхдээ яахав ээ, тухайн үедээ болж л байсан.
-Та анх хаана гитар тоглож сурсан бэ?
-Энэ түүх их сонин л доо. Би арван жилдээ хөгжим тоглодог байсан гэж ярьсан ш дээ. Тэгэхэд чинь уул нь бөмбөрчин болох санаатай байсан юм. Сургуульд хөгжмийн багш бид нарыг шалгаад манай ангийн Мандах бид хоёр нөгөө ангиас Болд, Пүрэвдорж гээд хоёр залуу, дөрвүүлээ шалгуулаад сонсгол, ритм гайгүй гээд, хэн нь юу тоглох вэ гэдэг дээр жаахан маргаан болсон чинь нөгөө Болд маань бөмбөр тоглоно гээд би бас тоглох гээд л. Болд надад бүүр болохгүй бол би гитар тоглож чадна ш дээ, чи бол барахгүй гээд тиймэрхүү юм хэлчихсэн. Тэгсэн шар гозойгоод, зуныхаа амралтаараа зуслан дээр хүүхдийн гитарыг гуйж аваад хажууд нь хамт өдөр шөнөгүй тоглож гитар сурсан л даа. Тэр чинь зүгээр ритм гитар сурч байгаа юм. Тэр ритм гитартайгаа дуулж явж байгаад сүүлд “Айзам” хамтлагт ортол манай соль гитар тоглодог байсан /смоки/ Ганбаа гэдэг залуу их сургуульд сурдаг, сургуульдаа явчихсан байлаа. Соль гитар байхгүй, басс гитар тоглодог байсан түрүүний ярьдаг Мөнхөө маань соль гитар тоглоод би басс гитар луу шилжчихсэн түүхтэй.
-Таныг “Айзам” хамтлагт байхад урын сандаа хичнээн дуутай байсан бэ?
-Ер нь олон шүү. Одоо өнөөдрийн дуулж байгаа дуунууд чинь Ганболдыг ирснээс хойш нэг нэгээрээ нэмэгдсээр байгаад 89 оны үед энэ уран бүтээлүүдийн дал наян хувь нь хийгдчихсэн байсан. Зөвхөн Ганболдын маань л дуу гэхэд хорь давсан дуунууд байна. Их олон дуунууд байна даа. Дээр нь сүүлийн үед Гантөр маань сайхан дуунууд хийсэн, түүний дуунууд байна. Басс гитар тоглож байгаа “Айзам-2”-ын Хүрэлээ, Энхболд нарын   сайхан дуунууд байгаа. Энэ тоглолтондоо шилдэг дуунуудаа дуулна. Концертоо ч тэгж нэрлэж байгаа.
-Тухайн үед одооных шиг студи дээр очоод  дуугаа бичүүлнэ гэж байгаагүй. Монголын Үндэсний Радиод дуугаа бичүүлэхэд хүндрэлтэй асуудлууд гардаг байв уу?
-Радиод их бичүүлдэг байсан. Одоо радиогийн алтан фондонд дуунууд маань байх л ёстой байх. Тухайн үед бид нарын хөгжим, зэмсэг ч гэсэн яг радиогийнхтойгоо адилхан хэцүүхэн л байсан. Одоо төв шуудан байгаа газар радио байсан хөгжмөө чирээд очоод юмаа зоогоод, дуугаа бичүүлдэг байлаа.
-Урилгаар хөдөө, орон нутагт их тоглодог байсан уу?
-Өө, их тоглодог байсан. Бид нар чинь Үйлдвэрчний Соёлын Төв ордны дэргэдэх хамтлаг гэдэг нэртэй байсан учраас тэр үйлдвэрчний эвлэлийн үүрэг даалгаврыг биелүүлэх гээд их явна. Ялангуяа оюутнууд намар хөдөө ургац, төмс, ногоон дээр их ажилладаг байлаа. Тэд нар дээр очиж их тоглодог байсан. Шөнө орой чинь машинууд гэрлээ асааж тойрч зогсоод л төмсний талбайны хажуу талын шороон дээр чинь бороотой, бороогүй тоглоод л оюутнууд чинь тоглолт дуусгаад бүжиглээд л. Бас “Сөгнөгөр”, “Тэрэлж” амралтуудаар их явж тоглодог байсан.
-Жилдээ хичнээн тоглолт, концерт хийж байв? Хот, хөдөөд гээд л.
-Ер нь олон шүү. Түрүүний өөрийн чинь хэлдгээр тухайн үед хамтлаг ч цөөхөн байсан. Томоохон тоглолтуудад оролцоно, тоглолт хийнэ. Шинэ жил, хонхны байр гээд энд тэндгүй уригдаж тоглоно. Нэг л сүрхий завгүй тоглоод явдаг байсан санагдаж байна.
-“Айзам” хамтлагийн ахлагч Ганболдын тухай ярихгүй юу?
-Манай ахлагч Ганболд бол ерөөсөө мундаг авъяастай, ховор хүн. Миний хувьд харамсч явдаг зүйл бол тэр сайхан мундаг хүн хөгжмийн сургууль төгссөнгүй. Өөрөө их авъяастай хүн болохоор бас нэг их хөдөлмөрлөдөг нь юу л бол. Сургууль соёлд яваад дээр нь илүү их хөдөлмөрлөсөн бол мэдэхгүй ээ, юу ч хийх байсан байж магадгүй. Өөрөө их тийм нарийн мэдрэмжтэй, түүгээрээ их сайхан аялгуу зохиож үгээ хийдэг. Залуу насны хайр дурлал амьдралыг их нарийн нандин үгээр сайхан бичдэг. Ганболдыг бол магтаж хэлэх үг олдохгүй байна. Яахав, зүгээр харамсч явдаг юмнуудаа хэлчихлээ. Сайхан хүн дээ.
-Та Франц яваад удсан байна шүү.
-15 жил. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм. Эргээд ирэхэд бараг яваагүй ч юм шиг санагдах гэж байна ш дээ. Эндээ байгаад л байсан юм шиг.
-“Айзам”-ын 20 жилийн ойд ирж тоглож байсан гэсэн байх аа? Тэрнээс өөр эх орондоо ирээгүй юу?
-Тиймээ, тэгэхэд л нэг ирсэн. Тэрнээс хойш арван жил өнгөрч. Одоо 30 жилдээ ирээд тоглолтоо хийх гээд бэлтгэлээ хийгээд л байж байна. Сайхан байна.  
-Өнгөрсөн арван жилийн хугацаанд хамтлагаа тайзаа хэр үгүйлэв. Эргээд дуулна гэхээр сэтгэгдэл ямар байна?
-Санана л даа. Хааяа бүр зүүдлэнэ, бодно. Тэнд өөр, хийж байгаа юм өөр, амьдрал байгаа учраас сатаардаг юм байна л даа. Наашаагаа ирж тоглолтдоо орно гээд ирэхийнхээ өмнөх шөнө бүр огт унтсангүй. Сэтгэл хөдлөөд гэгэлзээд. Найзууд маань нүдэнд харагдаад, тоглолт ямар болох бол гээд л онгоцонд бас нэг шөнө унтсангүй /инээв/. Тэгээд хоёр шөнө унтсангүй явж ирлээ. Цагийн зөрүү гараагүй ч юм уу, ядарсан байдалтай ч юм шиг, тэгсэн мөртлөө л сайхан байна
-Та Францад ямар ажил хийдэг вэ?
-Хөгжмөөс шал ондоо, өөр ажил. Ганцаараа тэнд, хамтлаг маань байхгүй  хөгжим тоглоё гэж хөөцөлдсөнгүй. Хүний газар байгаа болохоор ажиллаж, амьдарч өөрийнхөө талхыг олохгүй бол бас болохгүй. Яахав ээ, сайхан ажил хийж байгаа таалагддаг. Францын шууданд ажилладаг, машинтай Парис дотор захиа зөөгөөд л давхиад байгаа. Өглөө есөд ажил эхэлнэ, өдөр эрт тарчихна. Үдээс хойш хувийн амьдралдаа зориулаад байж болж байгаа.
-Арван жилийн дараа эргээд ирэхэд шинэ залуу олон хамтлаг бий болчихсон, хөгжлийн хувьд ч өөрчлөгдчихсөн байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Шинэ залуу хамтлагуудын хувьд сайн мэдэхгүй байна. Тэрийг сонсож үзэх зав боломж олдсонгүй. Ер нь бол байгаа байх. Ирээд Улаанбаатарт л байлаа. Олон шинэ сайхан өндөр байшинтай болж, машин улам ихдэж, замын түгжрэл бүүр ихэссэн байна. Наашаа ирэхээр Буянт-Ухаад буух гэж их яардаг. Нутгийнхаа агаараар амьсгалах л сайхан даа.
-Улаанбаатарт эмзэглэхээр зүйл байна уу?
-За, одоо би эмзэглэхээр зүйл олж хараагүй юм уу, завгүй л яваад байна л даа.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баялалаа.

Тэр есөн сарын нэгэн гээд хичээлийн шинэ жилдээ яаран, сэтгэл нь гэгэлзэн, анги танхим, найз нөхдөө санасан хүүхэд шиг л тоглолтоо догдлон хүлээж байгаа нь харцнаас нь, хааяахан инээмсэглэх нүднээс нь илхэн харагдаж байлаа. Эрхэм таныг “Айзам”-ын 30 жилийн төрсөн өдрийн тоглолтод урьж байна. Наяад онд хамтдаа очицгооё.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж