Ногоонтнууд Монголд анхаарлаа хандуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Ногоонтнууд Монголд анхаарлаа хандуулж эхэллээ

Ази, номхон далайн Ногоон сүлжээний хоёрдугаар их хурал саяхан Тайванийн нийслэл Тэйпэй хотноо болжээ.
Европын холбоо, АНУ, Ази, Номхон далайн бүс нутгийн 22 орны нийт 150 төлөөлөгч байгаль, экологийн хямрал, нөхөн сэргээлт, баялгийн хуваарилалт зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.
Хуралд Монголыг төлөөлж Ногоон нам, Үндэсний ногоон хөдөлгөөн, Ногоон эвслийнхэн оролцож, “Хяналтгүй уул уурхай нь Монголыг цаазын тавцанд авчирч байна”, “Алт хөтөлбөр буюу шар тахал” сэдвээр илтгэл тавьжээ. Үүнд, уул уурхайн компаниудын химийн хорны хэрэглээ, байгаль орчны нөхөн сэргээлт, гар аргаар алт олборлогч, хүн ам байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө зэрэг ноцтой асуудлыг хөндсөн аж.
Олон улсын хэмжээний дээрх хуралд оролцогчид Монголын төлөөлөгчдийн илтгэлтэй танилцаж, Монголын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргэх шаардлагыг дэмжиж гарын үсгээ зуржээ. Харин БНХАУ-ын төлөөлөгч гарын үсгээ зураагүй гэнэ.
Энэ нь, Хонгор сумын хордсон иргэдэд нэн даруй тусламж үзүүлэх, хохирлыг барагдуулах, байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх Аархаусын конвенцид нэгдэх болон Алт хөтөлбөрийг зогсоох гурван заалт бүхий шаардлага ажээ.
Мөн төлөөлөгчдийн гаргасан идэвхтэй үйл ажиллагаа явуулах шийдвэрийн 14 дүгээр бүлэгт дангаараа Монголын байгаль орчинд тулгамдаад буй асуудал багтаж цөмийн эрчим хүч ашиглах тухай багтсан байгаа гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж