Дэлхийн ЭЗ тогтворжих болоогүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн ЭЗ тогтворжих болоогүйг анхааруулав

Олон
жил үргэлжилсэн хамгийн хүнд эдийн засгийн хямралын үе шатны дараах
дэлхийн эдийн засгийн сэргээн босголтын үйл явц бүрэн тогтворжсон гэж
хэлэхэд эрт байна хэмээн ОУВС-гийн тэргүүн сануулж байна.

ОУВС-гийн
захирал Кристин Лагард дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал одоогоос
хэдэн сарын өмнөхтэй харьцуулахад дээрдэж байгааг дурдсаныг “Америкийн
дуу хоолой” мэдээлсэн аж.  Европ болон АНУ-д эдийн засгийн өсөлтийн шинж
чанар ажиглагдаж, байдал ерөнхийдөө тогтворжиж байгаа ч хямрал бүрмөсөн
өнгөрсөн гэж найдах хэрэггүйг дэлхийн удирдагч нарт анхаарууллаа.

Түүний
хэлснээр, дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад, гурван үйл ажиллагааг
хэрэгжүүлэх хэрэгтэй гэнэ. Нэгдүгээрт, санхүүг тогтворжуулахад чиглэсэн
арга хэмжээг авах. Үүнтэй холбогдуулж, Европын орнууд эдийн засгийг
хамгаалахад зориулсан механизмыг баталгаажуулахад ихээхэн хүчин чармайлт
гаргаж байгааг тэрбээр дурдлаа. Хоёрдугаарт, төр засгийн зүгээс эдийн
засгийн өсөлтийг дэмжиж, улс орныхоо эдийн засгийн байдалд тохирсон
мөнгөний зээл-болон татвар-төсвийн бодлогыг боломжоороо явуулах хэрэгтэй
гэж үзэж байна. Сайтар бодолгүй, яарч гаргасан эдийн засгийн арга
хэмжээнүүд ангал руу орохыг санууллаа. Эцэст нь хатагтай Лагард, Засгийн
газар ажлын байр бий болгох дээр илүү хүчин чармайлт гаргах ёстойг
онцлон тэмдэглэв.

Түүнчлэн
Лагард дэлхий ертөнц өдрөөс өдөрт улам бүр уялдаа холбоотой болж байгаа
өнөө үед тухайн улс орны эдийн засагт гарах асуудал бусад оронд
нөлөөлөх үр дагавартай болсныг хэлэв. ОУВС-ийн захирлын урьдчилан
таамагласныг Испанийн ерөнхий сайд Мариано Рахойн хэлсэн үг
баталгаажуулж байна. Дөрөвдүгээр сарын 4-нд тэрбээр Испани улсын эдийн
засагт “маш их хүндрэл” гарч байгааг дурдаад, олон улсын санхүүгийн
тусламж авахаас аргагүй байдалд хүрснийг зарлалаа. Испани улсын хөдөлмөр
эрхлэх насны хүн тутмын дөрөв нь ажилгүй суугаа нь Европын холбооны
хамгийн их ажилгүйдэлтэй орноор тодорсон байна.

Х.Булган

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж