Freddie Mac 10.6 тэрбум ам.доллар хүссэнийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Freddie Mac 10.6 тэрбум ам.доллар хүссэнийг эсэргүүцэж байна

АНУ-ын Засгийн газрын хямралаас гаргах дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа моргейжийн “Freddie Mac” компани 2010 оны эхний улиралд алдагдалтай ажилласныхаа дараа нэмэлт 10.6 тэрбум ам.долларын санхүүжилт АНУ-ын Сангийн яамнаас хүссэнийг Бүгд найрамдах намынхан /БНН/ эсэргүүцэж, Ардчилсан намынхан өөрсдийн үүсгэсэн тоглоомын дүрмээр энэ компанид хандахгүй байна гэж ширүүн шүүмжлэл өрнүүлж байна. Энэ оны эхний улирлын байдлаар “Freddie Mac” компани 6.7 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаад байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийдэг тус компанийг хямралаас гаргаж, АНУ-ын эдийн засгийг моргейжын хямралаас сэргийлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 2008 оны арваннэгдүгээр сард Цагаан ордон шийдсэнээс хойш тус компани АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс 50.7 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг аваад байна.

2008 оны есдүгээр сард санхүүгийн хямралд өртөж дампуурлын ирмэгт тулсан “Freddie Mac”, болон Вашингтон хотод байрладаг “Fannie Mae” компаниудыг АНУ-ын хууль тогтоогчид Засгийн газрын хөрөнгө оруулалттай, дэмжлэгтэй компани болгохыг зөвшөөрсөн бөгөөд түүнээс хойш дээрх хоёр компани нийтдээ 137.5 тэрбум ам.долларын санхүүжилт АНУ-ын Засгийн газраас аваад байна. “Яагаад Засгийн газрын дэмжлэгтэй энэ том компаниудыг  137 тэрбумаар дэмжих хэрэгтэй вэ? Одоо дээр нь дахиад 10 тэрбум нэмж өгөх хэрэг үү?”  гэж БНН-ыг төлөөлж Техас мужаас Конгресст сонгогдсон гишүүн Jeb Hensarling ярьж байна.  Hensarling тэргүүтэй БНН-ын гишүүд дээрх хоёр компанийг засгийн газраас дэмжиж санхүүжүүлж байгааг зогсоолгохоор шахаж байна.

АНУ-ын Засгийн газраас хувийн компаниудад өгч байгаа санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 2019 он гэхэд 389 тэрбум ам.доллар хүрэх хандлагатай байна гэж Конгрессын төсвийн албанаас энэ оны нэгдүгээр сард гаргасан мэдээнд дурдсан. Үүнээс гадна, өнгөрсөн жил АНУ-ын Сангийн яам болон Холбооны нөөц дээрх компаниудын моргейжээр барьцаалсан хувьцаануудыг худалдаж авахад 1.4 триллион ам.доллар зарцуулсан.

Ардчилсан намынхан дээрх компаниудад дэмжлэг өгч байгаа асуудлыг бодитойгоор харж, шийдвэр гаргахаас зайлсхийж байна гэж мөн БНН-аас нэр дэвшин New Jersey мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Scott Garrett үзэж байна. Freddie Mac өөрсдийгөө тийм ч үр дүнгүй байгаагүй. 2010 оны эхний улиралд 71,000 өрхийг орон сууцны зээлээ төлж чадалгүй дампуурч, байраа хураалгах байсныг өөр аргаар зохицуулсан бөгөөд өрх толгойлсон ганц бие хүмүүсийн орон сууцны зээлийн төлбөрийг төлөхөд 68 тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн гэж мэдэгдсэн. “Эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй, хямралтай ийм үед “Freddie Mac” компанийн ачаар моргейжийн зах зээл хөл дээрээ зогсож чадаж байна” гэж тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Charles E.Haldeman Jr өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. АНУ-д орон сууц худалдаж авсан хүмүүсийн моргейжын нөхцөл байдлыг сайжруулахын тулд “Freddie Mac”, “Fannie Mae” компаниудад АНУ-ын Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм. 2009 онд дээрх компаниуд АНУ-ын ганцаараа өрх толгойлсон иргэдийн орон сууц худалдан авсан арилжааны 70 гаруй хувьд нь санхүүгийн баталгаа олгож, санхүүжилт үзүүлсэн байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж