С.Лхагвасүрэн: Лхагваа чамайг хараад уур хүрсэн шүү гэж байна лээ, үзэгчид | News.MN

С.Лхагвасүрэн: Лхагваа чамайг хараад уур хүрсэн шүү гэж байна лээ, үзэгчид

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

С.Лхагвасүрэн: Лхагваа чамайг хараад уур хүрсэн шүү гэж байна лээ, үзэгчид

 -Яагаад
гэвэл дүр нь их муу хүн шүү дээ. Гэтэл үзэгчид хошин шогийн жүжигчин
гэдэг утгаар минь намайг хүлээж авах вий гэдгээс ний нуугүй хэлэхэд
эмээж байлаа. Харин үзэгчид үнэхээр намайг зэвүүрхэн хүлээж авч байгаа
нь ажиглагдсан-

“Халуун сэтгэл” киног бүтээсэн “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхавгасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-“Халуун сэтгэл” кино үнэхээр дажгүй болсон байна лээ. Энэ киног бүтээх санаа яг хэзээ төрсөн бэ?

-Хоёр,
гурван жилийн өмнөөс л энэ киног бүтээх санаа төрсөн юм. Олон жилийн
өмнө Угтаал-Цайдамын сангийн аж ахуйд нэгэн эмгэнэлт явдал болсон
гэдэг. Тариан талбайд ажиллаж байсан охид түймрийн аюулд өртөж, амиа
алдсан юм билээ. Дан охид байсан гээд бод доо. Тэр талаар хүмүүст
хүргэх юмсан гэж дотор хүнтэйгээ яриад л явсан юм. Гэхдээ нэг л болж
өгөхгүй, жаахан бэрэгшээгээд. Энэ сэдвээр кино бүтээхээ хэсэг хугацаанд
хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд “Хилэн”, “Өв
залгамжлагч” гэсэн өргөн дэлгэцийн хоёр ч кино бүтээлээ. Кино бүтээхэд
юу хэрэгтэй, юун дээр ажиллах ёстой гээд алдаа оноон дээрээ бага зэрэг
туршлагажсан даа. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жил багагүй түймэр гарсан шүү
дээ. Ой хээрийн болоод, ахуйн түймэр нэлээд гарч, хүний амь ч олноор
эрсэдсэн явдал бий. Галын хөнөөл ямар аймшигтайг өнөөгийнхөнд мэдрүүлэх
хэрэгтэй юм шиг санагдаад л. Тиймээс тэрхүү эмгэнэлт явдлаас сэдэвлэж
уран сайхны кино бүтээхээр санаа шулуудсан хэрэг. Тухайн үед болсон
тэрхүү эмгэнэлт хэргийн талаар мэдэх зарим нэг хүмүүстэй уулзаж
ярилцаж, холбогдох материал ч нэлээд цуглуулаад С.Жаргалсайхан
зохиолчид захиалга өгч бичүүлсэн юм. Кино зохиолыг үнэхээр гайхалтай
сайн бичсэн байсан.

– Олны танил биш жүжигчид тоглосон гэхэд дүрээ их чадварлаг бүтээсэн байна лээ шүү?

-Дүр
сонголт дээрээ маш их анхаарсан. Угтаал-Цайдамын сангийн аж ахуйд
болсон тэр гал түймэрт дандаа л 16-18 насны охид өртсөн гэдэг юм билээ.
Тийм болохоор овор багатай, жаахан харагдах хүүхдүүдийг сонгож авах
хэрэгтэй шүү гэж найруулагчдаа би захисан юм. Гэхдээ номын дууг нь
сонссон байх ёстой гэдгийг ч сануулсан даа. Киноны найруулагчаар манай
“Эрхэм элч” нэгдлийн найруулагч Л.Энхбаяр ажилласан. Соёл, урлагийн их
сургууль дээр л хэдэн өдөр өнжсөн байх, мань хүн. Ууган багшийн дүрд
МҮОНТ-ийн дуу оруулагч А.Баттүшиг тоглосон. Магадгүй олны танил биш
жүжигчид тоглосон нь хүмүүсийн сэтгэлд илүү хүрсэн байх гэж бодож
байна. Залуу жүжигчид гэхэд дүрээ үнэхээр чадварлаг амилуулсан шүү.
Зураглаачаар С.Хангарьд гэдэг залуу ажилласан. Тэрхүү эмгэнэлт үйл
явдлын талаар өгүүлсэн кино бүтээх юмсан гэж өмнө нь боддог байсан юм
билээ л дээ. Тэгээд бидний хамтарч ажиллах саналыг маш дуртай хүлээж
авсан. “Халуун сэтгэл” киног бүтээлцсэн баг хүчирхэг баг байсан гэдгийг
дурдмаар байна. Тийм ч учраас кино сайн болсон гэж би хувьд үзэж
байгаа.

-Болсон явдлын талаар та нэлээд материал цуглуулсан гэлээ. Тухайн үед түймэр юунаас болж гарсан юм бол?

-Архив
ухаж үзсэн л дээ. Харамсалтай нь энэ хэргийн талаар тодорхой зүйл
байхгүй юм билээ. Гал юунаас болж гарсан нь маш бүрхэг. Аргагүй ч байх.
Бараг энэ хэргийг хав дарах хэрэгтэй гэж тухайн үед үзсэн юм шиг байна
лээ. Архивын материалтай танилцсанаар бол машины яндангаас оч үсэрснээс
гал гарсан гэсэн байсан. Магадгүй эрх тушаалтнуудын өөрсдийнх нь
хариуцлагагүй байдлаас гал гарсан байж ч болох шүү дээ. Бид кинон
дээрээ тэр өнцгөөс харуулахыг хүссэн юм. Татсан тамхиа унтраахгүй
хаявал ямар их аюул учирч болдгийг л хүмүүст хүргэхийг зорьсон хэрэг.

-Тухайн
үеийн болсон явдлын талаар мэдэх гэрч байгаа шүү дээ. Киног үзсэн тэр
хүмүүсийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарах вий гэж эмээж байв уу?

-Мэдээж,
энэ тухай бодож, эмээлгүй яахав. Гэхдээ түүхэн баримтат кино биш бид
уран сайхны кино бүтээсэн гэдгийг ойлгоорой. Хэдийгээр уран сайхны кино
ч гэлээ бас түүхэн үйл явдлыг гуйвуулж болохгүй. Бид тэрхүү эмгэнэлт
явдлаас амьд үлдсэн хүмүүсийг киноныхоо нээлтэд урьсан юм. Тэд харин ч
их нааштай хүлээж авна лээ. Тэрхүү баатарлагаар амь эрсэдсэн
хүүхдүүдийг өнөө үеийнхэнд эргэн сануулсанд талархаж байгаагаа
илэрхийлсэн шүү. Нэрээ ч зарим юм нь яг тэр үеийг сануулж байнаа гээд
л. Багш маань дөнгөж сургуулийн ширээнээс амьдралд хөл тавьж байсан
залуу байсан даа гэж тэд ярьж байна лээ.

 -Кинон дээр жирэмсэн охин гардаг. Амь эрсэдсэн охид дотор ч жирэмсэн бүсгүй байсан гэл үү?

-Тийм.
Жирэмсэн бүсгүй байсан юм билээ. Галд түлэгдээд эмнэлэгт хүргэгдэн
ирчихээд хүүхэд минь зүгээр үү гэж асууж байсан гэдэг юм билээ.

-Галын зургийг яаж авсан бэ. Эвлүүлэг хийсэн үү, аль эсвэл жинхэнээр нь авсан уу?

-Гол
зургаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрага” компанийн тариан талбай
дээр авсан юм. Түймрийн зургийг авахын тулд хэсэгхэн талбайг шатаах
хэрэг гарсан. Энэ талаараа тус компанийн захирал Соёлбаатараас гуйсан
даа. Эх орныхоо төлөө зүтгэж байгаад амиа алдсан тэр охидын гэгээн
дурсгалыг хүндэтгэсэндээ бидэнд Соёлбаатар захирал их тусалсан гэдгийг
хэлмээр байна. Түймрийн зураг авах нэлээд хэцүү байсан шүү. Жүжигчид
маань жүжиглэлтдээ анхаараад хормой хот нь шатаж байгаа ч анзаарах
сөхөөгүй байсан. Бүр гар, нүүрээ түлчих гээд. Утаа униар гэж аймшигтай.
Эргэн тойрон гал авалцаад камераар зургийг нь авахад хүртэл хэцүү
байлаа. Камераа галын дөлөнд шатааж ч магадгүй байдал дунд зураг авалт
хийсэн.

-Таны бүтээсэн “Халуун сэтгэл” киноны Догмидод олон хүн зэвүүцэж байсан шүү?

-Догмидын
дүрийг та бүтээнэ шүү гэж найруулагч маань надад тулгасан. Энэ хүний
дүрийг арай зөөллөж гаргая гэсэн санал би тавьсан юм. Гэтэл найруулагч
зөвшөөрөөгүй. Тэр нь зөв байжээ гэж одоо боддог. Киноны нээлтэн дээр би
нэг л зүйлээс айж байсан. Үзэгчид миний бүтээсэн дүрийг хараад инээх
вий гэдгээс. Яагаад гэвэл дүр нь их муу хүн шүү дээ. Гэтэл үзэгчид
хошин шогийн жүжигчин гэдэг утгаар минь намайг хүлээж авах вий гэдгээс
ний нуугүй хэлэхэд эмээж байлаа. Харин үзэгчид үнэхээр намайг зэвүүрхэн
хүлээж авч байгаа нь ажиглагдсан. Кино үзсэн нэг танил маань “Лхавгаа
чи очиж, очиж тийм муухай хүн чанаргүй хүний дүрд тоглоод байхдаа яах
вэ дээ. Үхэж байгаа хүнийг хайрлах сэтгэлгүй, өөрийгөө бодоод л ” гэж
уурлахыг бодоход дүрээ гайгүй бүтээчихсэн юм болов уу даа гэж
бодогдсон. Таарсан хүмүүс Лхагваа чамайг хараад уур хүрсэн шүү гэж
байна лээ/ инээв/.

-“Эрхэм элч”-ийнхэн ямар уран бүтээл дээр ажиллаж байна, одоо?

-Өргөн
дэлгэцийн хоёр кино бүтээх төлөвлөгөөтэй байгаа. Нэг нь инээдийн, нэг
нь түүхээс сэдэвлэсэн кино бүтээхээр төлөвлөөд л сууж байна.

Ж.ЭРХЭС /2008 оны 3 сарын 4/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж