Орос газрын тосоо тоохгүй нь

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Орос газрын тосоо тоохгүй нь

Goldman Sachs санхүүгийн фирмээс Орос
улсын эдийн засаг дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нэмэгдлээс
үүдэн таван хувиар өснө хэмээн таамаглажээ. Хойд хөршийн ДНБ энэ онд 3,9
хувиар ирэх онд 4,5 хувиар тус тус өсөх гэнэ. Гэвч энэхүү өсөлт Goldman
Sachs-ын судалгаагаар таваарын үнээс тийм ч их хамааралтай байхгүй юм
байна. Мөн газрын тосны үнэ ч 120-130 ам.долларын хооронд хэлбэлзэж
төдийлэн өндөр өсөлтийг үзүүлэхгүй аж. Харин газрын тосны оронд дотоодын
хэрэглээ, хөрөнгө оруулалт Оросын эдийн засгийн голлох жолоодогчид байх
юм байна.  Барааны жижиглэнгийн үнэ өнгөрсөн зургаан сард найман хувиар
нэмэгдсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаагаас дээрх судалгаа
хэр бодитой болохыг шинжиж болох юм. Харин хөрөнгө оруулалт нь тус улсын
эдийн засгийг хүчтэй түлхэх гол хүч үзэж байгаа хэдий ч тийм ч амархан
олдох хоол биш байх талтай гэж зарим судлаачид үзэж байна. Хөрөнгө
оруулалтын урсгал долоон хувиар өссөн ч гэлээ хөрөнгийн гадагшлах урсгал
зэргэцэн өсөж байгаа нь томоохон саад  болоод байна.
 
Хөрөнгийн дотогшлох урсгал Оросыг аврах уу, алах уу 
 
Хөрөнгийн гадагшлах урсгал Оросын
эдийн засгийн хувьд толгойны өвчин болоод байсан бол саяхан болж
өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас энэ хандлага өөрчлөгдөж
эхэллээ. Оросыг орхин одож буй хөрөнгө 2011 онд 2010 оныг бодвол хоёр
дахин илүү буюу 84 тэрбум ам.доллар байжээ. Харин энэ жилийн хувьд
хоёрдугаар сарын байдлаар 11-12 тэрбум ам.доллар гадагшилсаныг тус улсын
Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлжээ. Энэхүү асуудлын голлох
шалтгаан нь хөрөнгө оруулалтын таагүй орчин, авлига юм байна. Хэдийгээр
шинэ Засгийн газар энэхүү хандлагыг өөр зүгт чиглүүлнэ хэмээн хүлээж
байгаа ч мэргэжилтнүүдийн зүгээс хөрөнгийн дотогшлох урсгал инфляцыг
хөөргөдөх аюул дагуулах болохыг сануулж байгаа юм. Одоогийн байдлаар тус
улсад инфляци түүхэн дэх хамгийн бага буюу 3,7 хувьтай байна. Харин
өмнөх онуудад тухайлбал 2007 онд 12 хувь, 2011 онд 6,1 хувь байсан
билээ. Гэвч өнөөдрийн инфляци төрийн байгууллагуудын хураамжийн өсөлтөөс
үүдэн жилийн эцэс гэхэд 6-6,7 хувьд хүрэх магадлалтай байгаа аж. Оросын
төвбанк инфляцийг 5-6 хувиас хэтрүүлэлгүй барих төлөвлөгөөтэй байгаа
юм. 
 
Оросын бонд давалгаа үүсгэж эхэллээ
 
Оросын компаниуд 2011 оны эхэнд
Евробондод 10,8 тэрбум ам.долларыг байршуулсан нь тэднийг ихээхэн
анхаарал татсан зээлдүүлэгч болгоод байгаа юм. Ведомости дейли сонины
мэдээлснээр Оросын компаниудын гаргасан Евробондыг  ихэвчлэн дотоодын
хөрөнгө оруулагчид худалдан авч байгаа бол гадаадын хөрөнгө оруулагчид
тус улсын Засгийн газрын өрийн бичгийг илүүтэйгээр сонирхож байгаа аж.
 Оросын долоон тэрбум ам. долларын Евробонд гарснаас хойш бондын
захиалгын тоо хэтэрч гурав дахин ихэссэн байна. Энэ нь Оросын
компаниудад өрийн бичиг гаргах нь ихээхэн эрэлттэй байх дохио болсон юм.
Тухайлбал, энэ оны гуравдугааар сарын эцсээр тэд хоёр тэрбум
ам.долларыг татаж чадаад байна. Хувьцааны үнэ унасаар байгаа өнөө үед
компаниудын хувьд  IPO хийх замаар хөрөнгө босгох нь ихээхэн хүндрэлтэй
байгаа учир бонд гаргах нь мөнгөтэй болох хамгийн хялбар арга болж
хувиараад байгаа билээ.
 
Хөрөнгө оруулалтыг дэмжсэн компанийн тухай хууль
 
Ерөнхийлөгч Димитрий Медведев хуулинд
өөрчлөлт оруулахаар зэхэж буй нь бизнес эрхлэгч,  хувьцаа эзэмшигчдэд
дэмжлэг болох учиртай гэнэ.  Түүний хувьд компанийн тухай хуулийг илүү
хөрөнгө оруулалтад ээлтэй мөн бизнес эрхлэгчдийг Орос улсад төвлөрөн үйл
ажиллагаагаа явуулах талаас дэмжсэн байлгахыг зорьж байгаа юм.
 Өнөөгийн байдлаар Оросод үйл ажиллагаа явуулдаг тус улсын гэх
тодотголтой олон компаниудын дийлэнхи нь  гадаадад бүртгэлтэй байдаг
байна. Энэ нь ямар нэг компанийн хувьд эрх зүйн  маргаантай асуудал
гарвал гадаадын хуулиар зохицуулагдах бүрэн үндэслэлтэй гэсэн үг юм.
Оросын эрх зүйн орчин тодорхой бус, цаг үеэсээ хоцрогдсон, дураараа гэж
үзэх нь элбэг байдаг учир бизнесийн салбарынхан эрх зүйн маргаантай
асуудлынхаа хүрээнд Европын шүүхэд хандах нь илүүтэй байдаг байна.
Ерөнхийлөгч Медведев үндсэндээ  төрийн болоод хувийн хэвшлийн
компаниудын хооронд ихээхэн ялгаа зааг гаргаж өгөх гэж байгаа ажээ.
 “Шинэ хууль тогтоомж нь ноцтой маргааныг амар хялбар аргаар шийдвэрлэх,
компаний үйл ажиллагаан дахь оролцоог илүү нээлттэй болгох талаас
тусалж байгууллагуудын эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа”  хэмээн
Оросын Хууль зүйн яамны сайд  Александр Конослов хэлсэн байна.
 
Оросын хувьцаа өсөх хандлагатай байна
 
Энэ долоо хоногийн мягмар гарагт
Оросын хувьцаа өндөр ханштай нээлт хийсэн нь өмнөх долоо хоногийн
хохирлоо нөхөх оролдлого байлаа. Энэхүү хувьцааны  өсөлтөд газрын тосны
ханшийн сэргэлт ихээхэн нэмэр болсон гэж мэтгэжилтнүүд үзэж байна. Тус
улсын RTS санхүүгийн байгууллага 0,73 хувиар MICEX дотоодын валют
арилжааны банк 0,33 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна 
 
Б. Энхцэцэг
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж