“Айсандаа бидний мөнгийг өгч л таарна”

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

“Айсандаа бидний мөнгийг өгч л таарна”

Нэгэн үе борооны дараах мөөг мэт дэлгэрч, өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулж, богино хугацаанд арвижуулах гэсэн иргэдээр “тоглосон” гэгдэх хадгаламж, зээлийн хоршоодын асуудал дахин дэгдлээ. Улмаар 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг барагдуулаад байгаа юм. Ирэх даваа гаригаас эхлэн ХЗХ-ын хохирогчид суулт зарлахаар болжээ. Энэ тухай Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Бид төрийн буруутай үйлдлээс болж хохирсон хүмүүсийн нэгдсэн холбоо. Энэ бурангуй нийгмийн амьд жишээ болсон ХЗХ-ны хохиргогчид, МИ-8-ын хэрэг, Хонгор сумын иргэд, ВАКО орон сууц захиалагчид, САПУ Багануурын архины хордлогынхон, 7-р сарын 1-ны хохирогчдын хэргүүд гарч олон мянган иргэдийн амьдрал сүйрч эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирч хууль, хүний эрх шударга ёс урьд хожид байгаагүйгээр хөсөрдөж үндэсний эрх ашиг, улс орны хөгжил төр, засгийн нэр хүнд ноцтойгоор унаж байсныг бид мартахгүй. Бид энэ бүх хүмүүсийн төлөөл. Над шиг ингэж олон жилийн хохирсон иргэдийн өмнөөс үстэй толгойгоо зулгааж байгаа нэг ч хүн байхгүй.

-Та бүхэн суулт зарлахаар болсон байна.  Сонгууль дөхсөнтэй холбоотой юу?

– Бид энэ луйврын төрөөс гуйлга гуйгаагүй, өглөг өгөөч гэж горьдоогүй. Гагцхүү өөрсдийн өгсөн мөнгөө л авья гэсэн. Угаасаа сонгууль дөхөөд УИХ-ын хэдэн луйварчид ёстой нэг сандарч байна даа. Хар л даа, 7 сарын 1-ний хэргийг хурдхан шийдэх гээд л, нөгөө сая төгрөгөө ямар ч байсан өгөх гээд л сандарч байна шүү дээ. Бидний мөнгийг ч гэсэн айсандаа өгч л таараа. Өөрсдийнх нь буруу юм чинь. Баримт надад хангалттай байна. Бид мөнгөө автлаа хэдэн сараар ч хамаагүй тэр барилгынх үүдэнд очоод суучихна даа.

-Хохирол барагдуулах ажил ямар шатандаа явж байна?

-2006 онд хоршоод дампуураад уйгагүй тэмцсэний үр дүнд эргэн төлөгдөх нөхцөлтэй хохирол барагдуулах хууль гарсан. Хуулийн дагуу засгийн газар 29 хоршооны 43 тэрбумын хөдлөх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн авсан. 4 лиценз, 10 гаруй газар бас бий. Тэдгээрийг үнэлэгдээгүй. Арав гаруй тэрбумын зээлдэгчийнавлагын  баримтын хамт Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш бараг зургаан жил боллоо. Гэтэл цагдаагийн битүүмжлэлээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлд  25 мянган ширхэг 1,6 тэрбум төгрөгийн  эд хогшилыг хүлээлгэн өгөөгүй байдаг. Харин шүүх дээр томоохон объект, газар, лицензийг чөлөөлсөн байдаг. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэлд үнэхээр гомдолтой байдаг. 10 гаруйхан хүний бүрэлдэхүүнтэй хохирол баргадуулах албаны бүрэлдэхүүн ажлаа хийгээ ч үгүй. Хийхийг ч хүсээгүй.

-Хоршоодын битүүмжилсэн хөрөнгө хохирогчдын хохирлыг барагдуулахад хүрэлцэх үү?

-Хангалттай хүрэлцэнэ. Хүрэлцэнэ гээд тогтоол ч гарсан. Тэрбум, тэрбумаар тооцогдох хувьчлаагүй газар, лиценз, үл хөдлөх хөрөнгө, машин гээд тоочоод ч барагдахгүй. 100 гаруй машин байгаа. Гэтэл тэдгээрийг зургаан жил хадгалахаар юу болох вэ? Мөн битүүмжилсэн газар, үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулалгүй, бага мөнгөөр хувьчилж байгаа. Хотын А зэрэглэлийн байр хэдэн төгрөг байдаг билээ. Баруун дөрвөн замын хажууд байрлах Голомт хотхоны 180 кв.метр талбайтай байрыг л гэхэд кв.метрийг нь 280 ам.доллараар тооцож, 70 гаруй сая төгрөгөөр худалдсан байсан.

Мөн нэгдүгээр хороололд байрлалтай  “Глоб ценр” байна. 1532 ширхэг хөдлөх, дагалдах эд хөрөнгийн хамт тус барилгыг  тэрбум 574 сая төгрөгөөр  л худалдаалсан байдаг юм. Хотын төвийн газар ямар үнэтэй байгааг бүгд мэднэ дээ. Гүйцэтгэгч шинжээч нь тэрбум 272 сая төгрөгөөр үнэлсэн байдаг юм. Гэтэл тэр их жип маин, автобуснууд, багаж тоног, төхөөрөмж, тавилгыг 267 сая төгрөгөөр үнэлсэн нь үнэхээр инэдэмтэй байгаа биз. Ёстой тэмээг ямаагаар сольж байна даа.

-Зээлдэгчдийн хэрэг юу болсон билээ?

-хадгаламж зээлийн хоршооны хэдэн тэрбум, саяар нь зээлдсэн эрх мэдэл бүхий эздийн айгаад огт оролдоогүй. Харин багахан хэмжээний мөнгө зээлдсэн хүмүүсийг л чаддагаараа хуу хамсан байгаа юм. Хамгийн том зээлдэгчид бол УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, нарийн ярьвал сайд Ц.Нямдорж гээд л томчууд зөндөө. Ц.Нямдоржийн найз, нутгийн зөвлөлийн дарга н.Хийморсан нь 234 сая төгрөг зээлдсэн байдаг юм. Гэтэл шүүхэд очихдоо 2-ын тоо нь алга болоод 34-хөн сая төгрөг өгөхөөр болсон байдаг. Тухайн үед Ч.Амарболдын шүүгч Ч.Хосбаяр бүгдийг нь чөлөөлчихсөн. Би бол үнэхээр Ц.Нямдоржид харшилтай хүн. Бидний төлөө тэр юу ч хийгээгүй. Уг нь Ц.Нямдорж бол өмссөн хувцасаа тайлаад, шууд ажлаа хүлээлгэж өгөх хэрэг хэдэн мянгыг хийсэн хүн шүү дээ.

-Нийт хэдэн хохирогч байгаа вэ?

-Уг нь анх арав гаруй мянган хүн байсы. Гэтэл сайн эрүүд мөнгөөр хурдхан амыг нь таглаад хоёр мянга орчим хүнийг дуугүй болгосон. Одоо яг 8301 хүн байгаа. Нийт 28-хан тэрбум төгрөгөө нэхээд байгаа юм. Энэ мөнгө энэ УИХ-н луйварчдын хувьд бол зүгээр л хармааны мөнгө шүү дээ.

-Та бас ХЗХ-ны хохирогч уу?

-Тиймээ, би нийт 68 сая төгрөгийг хадгалуулж байсан юм. Байраа зараад. Гэтэл дампуурчихсан. Одоо би хохирлынхоо дөнгөж 50 хувийг нь л авсан. Би ч бүгдийг нь авья гэвэл миний амыг таглаад хурдхан л өгөх байх л даа. Гэхдээ би энэ олон хүмүүсийн төлөө тэмцэхийг хүсч байна.Бидний тэмцэлд зөвхөн ХЗХ-ны хохирогчид ч биш, 7 сарын 1-ний хохирогчид, Цагдаагийн ар гэр, Хонгор сумын иргэд гээд нэгдэхийг хүссэн хүн бүхэн нэдээрэй гэж уриалмаар байна.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж