“Цахим засаг” үндэсний хөтөлбөр 2012-2016 он хүртэл хэрэгжсэнээр ард иргэд төрийн 100 гаруй үйлчилгээг бүрэн онлайн хэлбэрээр хүртэх боломж бүрдэх юм байна. Зөвхөн компьютер гэлтгүй гар утсаа ашиглан төрийн үйлчилгээ хүртэж цаг хугацаа, зардлаа хэмнэн, хүнд суртал буурах давуу талтай ажээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчдийн мэдээллийн технологийн мэдлэг чадварыг дээшлүүлж сургалтанд хамруулах, нийгмийн бүхий л салбарт цахим засаглалын хэрэглээг нэмэгдүүлэх ажлууд хийгдэнэ. Тус үндэсний хөтөлбөрийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын мэргэжилтнүүд АНУ, ХБНГУ, БНСУ, Малайз Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, БНЭУ зэрэг 15 орны цахим засгийг хөгжүүлсэн туршлагыг судалж боловсруулсан байна. Эдгээр улс орнууд Цахим засаглалтай болсоноор мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, хүнд суртал, авилга хээл хахуулийг бодитойгоор бууруулж чаджээ.
Цахим засгийг хэрэгжүүлсний дүнд ард иргэдийн амьжиргаа дээшлэн, засгийн газрын үйл ажиллагаа илүү үр ашигтай, хяналттай болж, цахим ардчиллыг хөгжүүлэх, улс орны өрсөлдөх чадвар, хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээ дээшлүүлсэн арвин туршлагыг судалж, хөтөлбөрт тусгасан тухай албаныхан мэдээлж байна.