Ийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга гаргасан юм. Архигүй Монголын төлөө уриалгыг монгол хүн бүр, тэр дундаа эхчүүд сэтгэл догдлон хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд архи хэрэглэдэггүй аймаг, сум, хороо, албан байгууллага, айл гэр, хувь хүмүүс бий болох хөдөлгөөн ихээхэн идэвхтэй өрнөлөө.
Архигүй галт тэрэг, тээврийн хэрэгслийн аян зарлаж, сүүтэй хурим хийж, архигүй хонхны баяр, архигүй шинэ жил, цагаан сарыг тэмдэглэдэг боллоо. “Архигүй Монголын төлөө” ТББ-уудын сүлжээ, “Антиводка” сэтгүүлчдийн хөдөлгөөн, Одонт эхчүүдийн санаачилга ч мөн өрнөж байна. Түүнчлэн төрийн байгууллагын зүгээс ч хариуцлагаа өндөржүүлсэн арга хэмжээ дэс дараатай авч байгаа. Тухайлбал Замын цагдаагийн газрын дарга Архи, согтууруулах ундааны хууль бус хөдөлгөөнт зар сурталчилгааг таслан зогсоох, авто тээврийн хэрэгсэл дээр байрлуулахгүй байх тушаал гаргажээ. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ХЗДХ-ийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, архидан согтуурах явдлыг таслан зогсоох тухай” хамтарсан тушаал гарлаа. НИТХ-аас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн НИТХ-ын даргын 2010 оны 123 дугаар тогтоолыг хүчингүй болгоод байна.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 10 гаруй аймаг, нийслэлийн бүх дүүрэгт “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах талаар ард иргэдээс олон чухал санал ирүүлсэн. Аянд хамрагдсан аймгууд Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах тухай орон нутгийн журмыг батлан хэрэгжүүлж байна. Мөн Булган, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Завхан аймаг үлгэр жишээ загвар аймаг болохоо илэрхийллээ.
Ард иргэдийн зүгээс гарч буй энэ сайхан санал, санаачилгыг дэмжих, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, хяналт тавих эрх зүйн орчныг цогцоор бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага бий болж байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга “Архидан согтууралтаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих тухай” хуулийн төслийг боловсруулан мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Хуулийн төсөлд архи согтууруулах ундааны нийлүүлэлтийг хянах, хэрэглээ буюу эрэлтийг хязгаарлах, эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг оновчтой үзүүлэх асуудлыг тусгасан. Түүнчлэн архи, согтууруулах ундааг “мэдэхгүй, харахгүй, сонсохгүй” байх зарчмыг хэрэгжүүлж архийг хүнсний дэлгүүрээс салгаж архи зардаг төрөлжсөн дэлгүүрийг бий болгох, согтууруулах ундааны ил далд сурталчилгааг бүрэн халах, архиар шахахыг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх нийгмийн сэтгэлзүйг бий болгох зохицуулалтыг ч тусгасан болно.
Архидан согтууралтын эсрэг тэмцэж байгаа олон нийтийн санал, санаачилгыг дэмжиж иргэний нийгмийн байгууллагуудыг тогтвортой санхүүжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх зохицуулалт ч гэсэн хуулийн төсөлд орлоо.
“Иргэний танхим”-ын энэхүү хэлэлцүүлгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд нэвтрүүлж байгаа учраас хүн бүр мэдээлэл авч саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх бүрэн боломжтой. Шууд нэвтрүүлгийг залгаад аймгуудын “Иргэний танхим”-д уг хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болно. Энэхүү ажлыг зохион байгуулж байгаа орон нутгийн “Иргэний танхим”-уудад ч дашрамд талархлаа илэрхийлье. Мөн бидний санал санаачилгыг дэмжин хамтран ажиллаж ирсэн ДЭМБ болон бусад олон улсын байгууллагад талархал илэрхийлье. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож үнэтэй санал зөвлөгөө өгнө гэдэгт бид найдаж байна. Архигүй Монголын төлөө хамтдаа ажиллацгаая” гэв.
Дараа нь Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа хуулийн төслийг танилцуулж, түүнтэй холбогдуулан олон хүн үг хэллээ. Тухайлбал ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Чулуунцэцэг, ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Бат-Амгалан, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, НХХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Нямдаваа, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Д.Эрдэнэбаатар, ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Цогзолмаа, Хил хязгааргүй ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар үг хэлж, өөрсдийн байгууллагын санал, байр суурийг илэрхийлэв. Мөн олон оролцогч үг хэлэв. Тэд бүгд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлснээс гадна бас өөрчлөх, нэмэх, хасах зүйлийн талаар олон чухал анхаарууштай санал хэлж байлаа. Ялангуяа үйлдвэрлэл, хэрэглээ, борлуулалтыг аль болох хязгаарлах, тэдгээрийн хяналтад иргэний нийгмийн болон олон нийтийн төлөөллийг түлхүү оролцуулах, архины хатуулгийг жил бүр багасган шимийнхтэй ижил болгох, архи, согтууруулах ундааны үйлдвэр хүнсний ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл давхар эрхлэхгүй байх, бусдад хандив тусламж өгөх мэт нийгмийн сайн сайхны үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрүүлжүүлэх төвийн харьяаллыг дахин холбогдох талуудтай ярилцан эцэслэн шийдвэрлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол машин барих эрхийг нь хасах, архидан согтуурахтай тэмцэх болон эрүүл мэндийн сангийн эх үүсвэрийг тодорхой зааж, түүний зарцуулалтын тайланг ил тод болгох гэхчлэн олон асуудлаар саналаа илэрхийлсэн бөгөөд тэдгээрийг хуулийн төсөлд тусгах талаар анхаарахаа хэлэлцүүлэг хөтлөгч төгсгөлд нь мэдэгдэв. Мөн орон нутгаас үнэтэй саналууд ирнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр хэллээ.