Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн иргэдээс бүрдсэн “Баян мөрөн” хөдөлгөөнийхөн хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын нэгний оройн 18.00 цагаас эхлэн суулт хийж эхэлсэн. Уг хөдөлгөөнийхөн “Си Жи Би И Эм” компаний талбай дээр гэр барьж, малчид арав арваар ээлжлэн 24 цагийн хугацаатай суулт хийж байна. Энэ суулт дөрөвдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд хэрвээ энэ хугацаанд тус компани үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хөдөлгөөний зүгээс тэмцлээ илүү хурц хэлбэрт шилжүүлэх гэнэ. Хар алтат баг нь 178 өрх, 755 хүн ам, 35373 малтай. Мөн дээр нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долдугаар багийн мал бүхий иргэдийн 9600 мал, нийтдээ 44900 гаруй мал тухайн багийн нутагт бэлчээрлэдэг байна. Иймд нутгийн иргэд төрж өссөн нутаг орноо хамгаалж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Увс аймгаас төрөн гарсан олны танил хүмүүс болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хаяглан захидал илгээжээ. Иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг МУГЖ С.Жавхлан хүлээн авснаа өнөөдөр мэдэгдэн, Увс аймгаас сонгогдон гарсан нэр бүхий гурван гишүүнтэй уулзах гэсэн боловч гадагш явсан, уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн ажээ. Гавьяат дуучин залуугийн хувьд үүнд их л бухимдан манай Увсаас сонгогдсон гурван гишүүний хоёр нь сайд. Тэд нутгийнхны зохиосон янз бүрийн шоу болон ууж идэх асуудал дээр ирчихсэн явдаг мөртлөө төрсөн нутагт нь үүсээд байгаа ийм хүндрэлтэй асуудалд анхаарлаа хандуулахгүй байна хэмээн хэдлэлийн бага хурал хийлээ.
Э.Сараа