Анод банкнаас хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон банкны захирлуудын хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах ажиллагаа гурван жил үргэлжилж буй. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусч прокурорт яллах дүгнэлт үйлдэхээр шалгаж байгаа аж. Нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай “Прокурор ямартай ч хянаж байна. Чухам хэдэн хүн энэ хэрэгт буруутай вэ гэдгийг прокурор шийднэ. Тэднийг гэм буруутай юу гэдэг нь одоогоор шийдэгдээгүй байгаа учраас хариу хэлэх боломжгүй байна” гэлээ. Ирэх долоо хоногт тус банкны хэргийг прокурор хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэх аж. Нийт 20 гаруй холбогдогчтой 125 хавтас бүхий уг хэргийг прокурор өмнө нь хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Хэргийн холбогдогч, “Анод” банкын гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад батлан даалтад гарсан. Гэтэл ТУЗ-ийн гишүүн Н.Даваа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон талаар мэдээлэл чих дэлсэв. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг ирэх УИХ-ын сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүргээс өрсөлдөх гэнэ. Хуулиар эрүүгийн хэрэгт нэр холбогдсон хуулийн этгээд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй байдаг аж. Гэхдээ одоохондоо хэн нь гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа учраас иргэний эрх нь нээлттэй хэвээр байгаа юм байна.
Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин