Хана нь нурсан 40 дүгээр байрыг ”золигт” гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хана нь нурсан 40 дүгээр байрыг ”золигт” гаргажээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний оройн 21:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Цэцээ гүн дээд сургуулийн дэргэдэх 40 дүгээр байрны нэг талын хана нурсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Тус байранд нийт 11 айл, зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна. “Өвгөрсөн” гэх тодотголтой хуучны барилгууд нийслэлд хаа сайгүй сүндэрлэнэ. Ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан мөртлөө айл, амьтан тэнд аж төрж, бүр зарим нь амьдрал ахуйгаа залгуулах өрхийн орлогоо хуучин байшингийн булангаас олж байна. Гэтэл тэднийг харсаар байж байрнаас нь албадан хөөж гаргах уу. Эсвэл хуучин байшинг нь нурахыг, хүн дарагдаж эндэхийг хүлээсээр байх уу гэдэг асуудлыг өвөрлөн энэ байрны оршин суугчдад шийдвэр гаргах газрууд нь тодорхой хариу өгөлгүй таг чиг болжээ. 40 дүгээр байрыг 1934 онд анх дэн буудлын үйл ажиллагаа явуулах зориулалтаар барьж байжээ. Дараа нь 1954 онд энд Худалдаа бэлтгэлийн яам оров. Харин 1957 оноос тус яамны ажилчдын орон сууц болгосон гэдэг. Эл байранд хамгийн цөөхөн жил амьдарсан айл таван жил. Харин хамгийн удаан нь гурван үеэрээ амьдарсан оршин суугч хүртэл бий. Бүтэн нэгэн зууны түүх өгүүлэм энэ зосон байшингийн халцарч, унасан шаврынх нь цаанаас өгөрсөн улаан тоосго цухуйна. Хүчтэйхэн юмаар цохиход тэр чигээрээ нурахад бэлэн болсон 40 дүгээр байрны оршин суугчид одоо “Бид байргүй болчихвол толгой хоргодох газар алга. Төрөөс бидэнд юу ч өгөхгүй гэсэн” хэмээн сэтгэл гундуухан сууна. Бас нэг хэцүүхэн зүйл нь тэнд оршин суугаа иргэд хоорондын зөрчил байна. Тус байрны хойд талд буюу төв зам дагуух байрны зарим оршин суугчид цайны газар ажиллуулдаг. Энэ үеэр “Арвижих” хэмээх цайны газрын эзэн н.Эрдэнбатаас хэдэн зүйл тодруулах гэсэн болов ч өмнөөс аашлан ямар ч хариулт өгөхгүй гэсэн. Тэд ийн уцаарлаж байгаагийн гол шалтгаан нь хэрэв уг байрыг нураачихвал орлого нь хаагдах болохоор эсэргүүцэхээс өөр аргагүй байсан бололтой.

Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд “хана нурлаа” гэсэн дуудлагын дагуу тухайн үед дүүргийн мэр­гэжлийн хяналтаас хүмүүс ирж оношилжээ. Гэвч тэд “Амьдарч болохгүй” гэсэн дүгнэлт гаргалгүй зөвхөн дахин засвар хийх гэсэн утгатай хариу албан тоотыг СӨХ хариуцагч компанид нь ирүүлсэн байна.

“ЭЦЭГ ЭХ ХҮҮ” КОМПАНИ “БИДЭНД ЯМАР Ч МӨНГӨ БАЙХГҮЙ, ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ” ГЭЖЭЭ

Энэ байранд одоо 30 дахь жилдээ амьдарч буй Г.Эрдэнэболд, эхнэр Т.Отгонцэцэгийн хамт 2004 оноос нааш дүүргийн мэргэжлийн хяналт, Хэрэглэгчдийн эрх аш­гийг хамгаалах төв, хорооны удирд­лагууд, орон сууцны конторт байнга хүсэлт, өргөдөл гаргаж байсан ч хэн нь ч олигтой хариу өгдөггүй байжээ. Тэрбээр тэдний хариу ирүүлсэн албан тоотыг ч гэсэн үзүүлж байсан юм. Учир нь тэд “Манай байр одоо ашиглахаас өнгөрлөө. Та бүхэн бидний орон байрны асуудлыг даруй шийдэж өгөх”-ийг хүссэн өргөдөл өгсөн ч ийнхүү талаар болжээ. Тус байранд ердөө 11-хэн айл оршин суудаг болохоор СӨХ гэж байдаггүй гэнэ. Харин оронд нь “Эцэг эх хүү” гэх компани барилгын сан техник, гадна талыг нь хариуцдаг аж. Оршин суугчид уг компанид ам бүлээсээ хамаарч 30 гаруй мянган төгрөг сар бүр төлдөг. Харамсалтай нь “Эцэг эх хүү” компани тэртээ тэргүй нурахад бэлэн болсон байранд түмэн засвар хийгээд ч нэмэргүй гэсэн нэрийдлээр огтхон ч засвар, үзлэг хийж байгаагүй талаар иргэд гомдоллож байсан. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хоёр ч удаа яаралтай засвар хийх шаардлага хүргүүлсэн ч тус компани “Бидэнд ямар ч мөнгө байхгүй. Тэгээд ч нурах гэж байгаа барилгыг юуг нь засварладаг байна. Бид хариуцлага үүрэхгүй” хэмээх утгатай хариу өгдөг аж. Энэ өвгөрсөн байрыг гаднаас нь харахад нурсан тоосго нь 10-аад метр хэртэй зайд шидэгдэж, цаанаас нь ус нэвчин гарсан байдалтай байх аж. Тус байрны нурсан шалтгааныг бид өмнөх дугаартаа дэлгэрэнгүй бичсэн болохоор одоо дурьдсангүй. Г.Эрдэнэболд оршин суугчдаа төлөөлж Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт байрыхаа талаар хэлэхэд “Миний зүгээс та бүхэнд тусалж дэмжихэд бэлэн байна. Гэхдээ хуулийн дагуу та нар газар дээрээ барилга бариулахаас өөр аргагүй шүү дээ” гэсэн хариулт өгчээ. Үнэндээ энэ чиглэлийн тухай хуульд хуучин байшинд амьдарч буй иргэд байраа хувийн өмч болгосон тохиолдолд төрөөс ямар нэгэн байрны тусламж үзүүлэх боломжгүй байдаг байна.

Дээр дурьдсан СӨХ хариуцагч “Эцэг эх хүү” компанийн хариуц­лагын талаар Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Баярнэмэхээс тодрууллаа. Тэрбээр “Манай дүүрэгт 117 СӨХ байдаг. СӨХ бол тухайн барилгын дотор тал болон, пасад, дээвэр зэргийг хариуцдаг. 40 дүгээр байрны тухайд манайд ямар нэгэн хүсэлт, гомдол одоогоор ирээгүй байна” гэлээ.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж