“Компаниудтай хийх гэрээний загвар бэлэн болсон”

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Компаниудтай хийх гэрээний загвар бэлэн болсон”

Бага, дунд орлоготой иргэд зур­гаан хувийн хүүтэй зээлд хам­рагдан орон сууцтай болох нь мөрөөдөл гэж үү. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажлыг хэрэгжүүлж эхлээд нэлээд хугацаа өн­гөрлөө. Энэ хугацаанд Орон сууц санхүүжилтийн корпораци, Улсын бүрт­гэлийн ерөнхий газар иргэдийн хөлд дарагдсан. Цаашид ч тийм байх биз. Өнгөрсөн сард зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд бухимдангуй байсан. Учир нь байраа сонгох явцад хүндрэл үүссэн аж. Орон сууцны сонголт, метр.квадратын үнэ нэмэгдсэн, яам барилгын компанитай гэрээ хий­гээ­гүй гэх зэргээр бухимдуулсан байна. Тухайн үед барилгын компаниудтай хэзээ гэрээ хийх талаар албаны хүнээс тодруулахад “гурван сард баг­таан гэрээ байгуулах болно” хэмээж байсан.

Барилгын компаниудтай гэрээ хийсэн эсэх талаар Зам, тээвэр, ба­рилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бод­логын газрын орлогч дарга Ц.Баярбатаас тодруулсан юм.

-Барилгын компаниудтай гэрээ байгуулсан уу?

-Гэрээ хэлцэл хийгээгүй. Судалж, тооцоолох зүйл олон байна.

-Та өмнө нь хэлэхдээ гэрээний загвар хүлээж байгаа. Бэлэн болохоор гурван сард багтаагаад гэрээ хийнэ гэж байсан. Яагаад хойшилчихов оо?

-Гэрээний загвар бэлэн болсон. Өмнө нь хэлсэнчлэн судлах зүйл их байгаа учраас хойшилсон. Гэрээ хийхэд сайд тушаалаа гаргана. Дараа нь гэрээ хийнэ.

-Зургаан хувийн хүүтэй зээлийн журамд орон сууцныхаа 10 хувийг төлнө гэсэн байдаг. Гэвч барилгын компаниуд сонгосон орон сууцны  20-30 хувийг төлөхийг шаардаж бай­на. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Судлах зүйл олон байна аа гэдэг чинь энэ. Барилгын компаниудтай гэрээгээр тохирох, нэгж талбайн хэм­жээ өртөг  зэрэг асуудал байна.

-Хэзээнээс гэрээ байгуулах вэ?

-Одоогоор тодорхойгүй байгаа. Ирэх долоо хоногт тодорхой болох байх.

Орон сууц санхүүжилтийн корпо­ра­циас зөвлөгөө авч байсан иргэдтэй ярилцлаа.

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Оюунчимэг: 50 метр.квадрат байр сонгохоор 70, 80 сая төгрөг болж байна

-Материалаа Орон сууц санхүү­жилтийн корпорацид өгөх гэж байна уу. Байраа сонгоход хэр хүнд­рэлтэй байсан бэ?

-Энэ зээлийг бага, дунд орлоготой өрхийг байртай болгох зорилготой гэж бодсон чинь үгүй юм шиг байна. Ба­рилгын компаниуд дээр очоод 50 метр.квадрат байр сонгохоор 70, 80 сая төгрөг болж байна. Тэр зөрүү мөнгийг төлөх 20, 30 сая төгрөг би­дэнд байхгүй. Бага, дунд орлоготой өрхөд зориулсан зээл гэдэг нь огт худлаа. Дээрээс нь “та тэр, тэр газарт байраа сонгох ёстой” гээд заагаад өг­чихсөн. Тэгж болохгүй. Иргэд бид чинь сонгох, сонгогдох эрхтэй гэдэг шиг хаана байраа авах нь бидний эрх. Хуучин, шинэ алийг нь ч авч бол­но. Тэгэхэд бидний эрхэд дэндүү халдаж байна.

-Эндээс байраа сонго гэж хэн заагаад байгаа юм бэ?

-Орон сууц санхүүжилтийн кор­пораци цаасан дээр хэдэн барилгын компанийн нэр өрчихсөн. Эдгээрээс сонго гэж байгаа юм. Тэр дундаас нь сонгоод очиж үзэхээр чанарын шаардлага хангахгүй, шал нь цөмөрчихсөн. Ер нь сайн барилгуудыг нь мөнгөтэй хүмүүс авчихсан байна лээ. Муу барилга ч үнэтэй, 1400000-1600000 төгрөгийн хооронд ганц нэгхэн барилга байна.

Сонгино хайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Г.Алтанцэцэг: Байраа сонгох гэж үнэхээр зовж байна

-Таныг Орон сууц санхүү­жил­тийн корпораци дотор хүнтэй ярьж байхыг чинь сонслоо. Орон сууцны урьдчилгааны 30 хувийг төл гэсэн гэж байсан. Ямар компани тэгээд байгаа юм бэ?

-“Өгөөмөр Монгол”, “Грийн ресурс” эдгээр компаниуд 20-30 хувийг төл гэсэн. Өнгөрсөн удаа орон сууцны үзэсгэлэн болсон юм. Тэрхүү үзэсгэлэнг үзүүлэхээр автобусаар үйлчилж байсан. Автобусны тасал­барын үнэ 5000 төгрөг байсан. Тэгсэн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаагүй маш үнэтэй байрнуудыг үзүүлсэн. Энэ дарга нар үзэсгэлэн нэртэй юм зохиочихоод ядарсан биднээс 5000 төгрөг хул­хидсан.
 
-Эд хөрөнгийн болон бусад материалаа бүрдүүлсэн үү?

-Лавлагааг дугаарлаж зогссоны эцэст нэг юм авсан. Байраа сонгох гэж үнэхээр зовж байна. Байрны үнэ ч маш үнэтэй юм.

Ж.БАТТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж