Эгч, дүү Уильямс шигшээ наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Эгч, дүү Уильямс шигшээ наймд шалгарлаа

1973 оноос эхтэй “Family Circle Cup” тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо болж байна. Тус тэмцээн WTA ангиллын чансаа өндөртэй тэмцээнд зүй ёсоор багтаж байгаа бөгөөд энэ жил 2006 оны аварга ОХУ-ын Надя Петрова, 2007 оны аварга Сербийн Елана Янкович, 2008 оны аварга АНУ-ын Серена Уильямс, 2009 оны аварга Германы Сабини Лисицки болон 2010 оны аварга Австралийн Саманта Стосур нарын шилдгүүд оролцож байна. Дэлхийн топ 10 теннисчдээс дөрөв нь оролцож байгаа ч эзэн орны эгч, дүү Уильямсуудын тоглолт олны анхаарлын төвд байна. Тэдний хувьд наймны нэгд учраагаа буулгаж авбал хагас шигшээд таарах бөгөөд нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж байсан эгч, дүүс “Их дуулга”-ын шигшээд найман удаа таарч байхад дүү Серена зургаан удаа Венусыг хожиж байжээ. Харин хамгийн сүүлд 2009 оны “Уимбльдон”-ы шигшээд таарч байсан билээ.

Зургаан сар теннисний талбайгаасаа хөндийрөөд байсан “Их дуулга”-ын долоон түрүүт АНУ-ын теннисчин Венус Уильямс өнгөрсөн сард “Sony Ericsson Open” тэмцээнд цагаан хуудсаар оролцсон бөгөөд наймны нэгд Данийн Каролина Возняцкид ялагдсан ч чансаагаа 87 хүртэл ахиулж чадсан юм. Мөн “Их дуулга”-ын 12 түрүүт Серена Уильямс энэ сард дэлхийн чансааны 10-т орж ирсэн бөгөөд тус тэмцээнд тавд эрэмбэлэгдэн тоглож байна.

Наймны нэгд Серена Уильямс тус тэмцээний 2007 оны аварга Германы Сабини Лисицкитэй оноолт таарсан бол Винус Уильямс Австралийн Саманта Стосур болон Казакстаны Галина Воскобоева нарын хэн хожсонтой нь тоглох юм.

Нөгөө хэсэгт тус тэмцээний 2006 оны аварга ОХУ-ын Надия Петрова болон Словекийн Хэргок мөн ОХУ-ын Вера Звонарёва болон Чехийн  Люси Шафажова нар оноолт таарсан байна.

Наймны нэгийн оноолт:

  • АНУ-ын Серена Уильямс (5) – Германы Сабини Лисицки (6)
  • АНУ-ын Венус Уильямс – Австралийн Стосур (2)
  • ОХУ-ын Надя Петрова (13) – Словекийн Хэргок (14)
  • ОХУ-ын Вера Звонарева (4) – Чехийн Люси Шафажова (9)

Тус тэмцээний шагналын сан 740 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн теннисчин 115 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо авах билээ. Мөн хосын төрлийн аваргууд 37 мянган ам доллар хүртэж, чансааны 470 оноо авах аж.

Тэмцээний аварга ирэх ням гариг буюу дөрөвдүгээр сарын 8-нд тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж