“Камертон 2” үдэш бүр танайд зочилно

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Камертон 2” үдэш бүр танайд зочилно

“В production”, “Боловсрол” суваг телевиз, “Music box” суваг, “Камертон” хамтлаг хамтран зохион байгуулж буй “Камертон-2” шоу дөрөвдүгээр сарын 2-ноос “Боловсрол” суваг телевиз болон Music box сувгаар  үзэгчдийн хүртээл болж эхлээд байна.

“Камертон-2” шоуны эхний шатанд нийт 15-25 насны, эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй, авьяаслаг 760 залуу  оролцсон юм. “Blue mon”  цамхгийн 12 дугаарт давхарт болсон уг шоуны оролцогчидтой үдэш бүр цэнхэр дэлгэцээр танилцаж болох нь ээ. Шүүгчдээр “Камертон” хамтлагийн дөрөв ажилласан бөгөөд шүүгчдийн тоо тэнцүү байсан учраас хамтлагийн ахлагч Д.Болд ерөнхий шүүгчээр ажиллаж, санал хуваагдсан нөхцөлд голлох дүгнэлт гаргаж байлаа. Камертончууд хэн хэрхэн дуулахыг нь их л нухацтай харан шүүж байгаа харагдсан шүү. Харин оролцогчид дууны сонголт дээр жаахан хайхрамжгүй хандаад байх шиг санагдсан. Заавал “Камертон” хамтлагийн дууг дуулна гэж зохион байгуулагчдын зүгээс заагаагүй ч оролцогчдод тус хамтлагийн уран бүтээлд хүчээ сорих нь их байлаа.  Харин  өөрийн хамгийн сайн дуулж чаддаг дуугаараа өрсөлдөж байгаа залуус өөртөө итгэлтэйгээр нэгдүгээр шатанд “тэнцсэн” хариуг авч нүүр дүүрэм инээмсэглэлтэйгээр дараагийн шатанд тунан үлдэж байсан. “Камертон 2” шоуны хөтлөгчөөр загвар өмсөгч, фото модель, сэтгүүлч  М.Мөнхжаргал болон УДЭТ-ын жүжигчин Б.Тамир нар ажиллан оролцогчдыг зоригжуулж, тэдэнд өөрсдийн зүгээс үнэгүй зөвлөгөө харамгүй өгч байв. 

Хасагдсан оролцогчдын хувьд өөртөө итгэлгүй байдал, сандрал, хувийн зохион байгуулалт,  бэлтгэл муу, хоолойдоо тохирсон дуугаа дуулаагүй зэрэг шалтгаанаар шоуг харамсалтайгаар орхисон юм. 

Ингээд “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар үдэш бүр “Камертон 2” шоуны оролцогчидтой танилцаарай. Хэн гэдэг аавын хөвгүүд “Камертон 2” хэмээх нэрээр овоглон 150 сая төгрөгийн гэрээний эрх хүртэж, мэргэжлийн төвшинд уран бүтээлээ туурвих бол? Үзэгчид та мэргэн ухаандаа тунгаан үзэж, цоглог оролцогчдоо  дэмжээрэй.

“Камертон 2” зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж