“Шинэ өмгөөлөгч авах боломжийг шүүх бүрдүүлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Шинэ өмгөөлөгч авах боломжийг шүүх бүрдүүлэх ёстой”

2008 оны долдугаар сарын 1-ний  үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэх хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын өмгөөлөгчид  үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохиролцож, өнөөдрөөс өмгөөлөл үзүүлэхгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн. “Өнгөрсөн хугацаанд шүүх бүрэлдэхүүн удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь энэ алхмыг хийхэд хүргэсэн” хэмээн өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Өнгөрөгч сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр арав гаруй хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр хавтаст хэрэгтэй дутуу танилцсан, мөн өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар цагдаагийн  хуучин удирдлагыг зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн учир Цэцээс шийдвэр гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүйгээс өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзаж, улмаар шүүх хурлыг орхин гарсан юм. Үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор гэрээ цуцалсан талаарх мэдээллийг өгсөн Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлээс үйл явдлын эргэн тойрон дахь асуудлаар тодрууллаа.  

-Үйлчлүүлэгчээсээ татгалзах болсон шийдвэрээ эцэслэн гаргалаа. Яагаад  ийм шийдэрт хүрэв?

-2008 оны есдүгээр сараас Ч.Амарболд  генералд холбогдох хэргийн өмгөөлөгчөөр ажилласан. Гэвч өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр Цагдан хорих төвд товлогдсон шүүх хурлын үеэр шүүгч нар илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Тиймээс бид үйлчлүүлэгч нартаа эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсанаа бүрэлдэхүүнд албан ёсоор мэдэгдсэн. Шүүх хурлын дараагаар өмгөөлөгч рүү дайрсан, сүрдүүлсэн янз бүрийн мэдээ, мэдээлэл цацагдлаа. Нийслэлийн шүүхээс хүртэл өмгөөлөгчдийг буруутган хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өглөө. Шүүгчид хууль зөрчиж байхад бид өмгөөлөл явуулах шаардлага байхгүй шүү дээ. Тиймээс  өчигдөр үйлчүүлэгчтэйгээ уулзсан. Харилцан ярилцаад үйлчлүүлэгчэсээ татгалзах шийдвэр гаргасан байгаа. Үйлчлүүлэгч маань ч зөвшөөрсөн. Бусад дөрвөн өмгөөлөгч ч мөн өнөөдрөөс өмгөөлөл үзүүлэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд надад энэ хэргийг өмгөөлөхөд тийм амар байсангүй. Сүрдүүлэх, утсаар дарамтлах зэрэг асуудал байнга гарч байсан. Үймээнээр олон хүн хохирсон, амь насаа алдсан хэргийг үнэн зөв шийдвэрлэхийг хүсч буй олон хүн бий.

-Үндсэн хуулийн Цэцэд таны экс-үйлчлүүлэгчтэй холбоотой хэргийн зүйлчлэлд маргаан үүссэн. Цэцийн дүгнэлт гарсан уу. Ер нь хэргийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байна уу?

-Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн тохиолдолд хэргийг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалт бий. Ч.Амарболд генерал нарт үүсгэсэн хэргийн зүйлчлэл үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан. Үндсэн хууль Цэц маргаан үүсгэсэн байгаа. Хэлэлцэх тов нь тодорхойгүй байна. Би маргаан үүссэний дараа Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт хүргүүлсэн. Хуульд зааснаар тав хоногийн дотор миний хүсэлтэд хариу өгөхгүй ёстой. Гэтэл хариу өгөөгүй.

-Шүүх хурлыг өмгөөлөгчид удаа дараа хойшлуулж байна гэж шүүхээс үзэж байгаа? 

-Нэг өмгөөлөгч мэс засалд орсон. Дараагийн шүүх хуралд хэрэг тусгаарласан шийдвэр буруу гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс бид татгалзах хүсэлт тавьсан. Хэргийг тусгаарлах боломжгүй гэж үзсэн. Тэр өдөр бүх өмгөөлөгч байсан. Өөрсдөөс нь татгалзах хүсэлт гаргасны дараа шүүх шийдвэр гаргаж, шүүгдэгч нарыг хорьсон. Уг нь хуулиар бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд шүүгч шийдвэр гаргах эрхгүй болдог. Гэтэл өмгөөлөгч нараас болж шүүх хурал хойшилж байна гэж ташаа мэдээлэл өгч байгаа, олон нийтэд.

-Өмгөөлөгч хуулиараа шүүгдэгч нараасаа татгалзах эрх бий юу?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзана. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаанд шүүх дүгнэлт өгөх эрхгүй. Зөвхөн Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороо шийдэх асуудал. Бид оролцох боломжгүй гэж хэлээд гарах үед “Даргалагч шүүгч аваад ир” гэсэн гээд хоёр цагдаагийн алба хаагч намайг шатнаас чирсэн. Монголын түүхэнд өмгөөлөгчийг шүүх хурлын танхимд түгжсэн, хорьсон тохиолдол анх удаагаа болж байна. Үүнтэй тууштай тэмцэнэ. Бид нарыг хорих шийдвэр гаргаж байгаа юм шиг байна. Энэ шударга бус үйлдлийн эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ.

-Одоо шүүгдэгч нар  өөр өмгөөлөгч авах уу?

-Мэдээж өөр өмгөөлөгч авах эрх нь хуулиар олгогдсон. Шинэ өмгөөлөгч авах  боломжийг шүүх бүрдүүлэх ёстой. Ингэхгүйгээр шүүх хурлыг хийхгүй байх гэж найдаж байна. Миний хувьд өнөөдрөөс өмгөөлөл үзүүлэхгүй болохоор ямар өмгөөлөгч авах талаар мэдэхгүй байна. Одоогоор  шүүгдэгч дөрвөн хүн ямар ч эрхзүйн туслалцаагүй үлдлээ. Энэ хууль бус байдалд аргагүй хүчин мөхөстөөд ийм шийдвэр гаргалаа. Ч.Амарболд генерал, түүний гэр бүл, энэ хэргийг  шударгаар шийдэхийг хүсч буй мянга, мянган цагдаагийн алба хаагчдынхаа өмнөөс уучлал хүсье.

-Цаашдаа  өөр хэрэгт өмгөөлөл үзүүлнэ биз дээ?

-Миний хувьд сүүлийн хоёр жил ганц энэ хэрэг дээр ажилласан. Өөр хэргийн  хувьд өмгөөллөө явуулна. Хэдийгээр өмгөөлөхөөс татгалзсан ч шүүхийг шүүхэд нь   өгнө, бүх шатанд нь тэмцэнэ.

-Шүүхийг шүүхэд өгнө гэдгээ тайлбарлахгүй юу?

-Шүүхийн сахилгын, мэргэжлийн хороонд нь хандана. Энэ бүх асуудлыг хууль зүйн үндэслэлтэй тавиад байхад хүлээж авахгүй бол Монголын шүүх ялзарсан гэдгээ харуулна гэж бодож байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж