-Иргэний Зориг-Ногоон нам гурван дарга, хоёр дэд даргатай болсон. “Намдаа шинээр элссэн хүмүүст албан тушаал амласан учраас ийм шийдвэр гаргасан” гэж хардах хүмүүс ч бий. Харин та ямар тайлбар өгөх вэ?
-Их буруу яриа. Иргэний Зориг нам, Ногоон нам нэгдэх шийдвэрийг яг жилийн өмнө гаргасан. Гэсэн ч энэ үйл явц ил, далд шалтгаанаар саатсаар өдийг хүрсэн. Энэ хооронд нам албан ёсоор, хуулийн дагуу нэгдээгүй ч баг болоод ажиллаж байсан. Харин хэдхэн хоногийн өмнө бид намынхаа гэрчилгээг авсан. Тиймээс ч намынхаа салбаруудыг нэгтгэх, удирдлагуудыг сонгох ажлыг эхэлж байгаа юм. Дээрээс нь Хүний төлөө намыг байгуулаад ажиллаж байсан Х.Бат-Ялалт манай намд нэгдсэн. Түүнийг намынхаа нэг дэд даргаар сонгосон. Цаашдаа аймаг, дүүргийн намын удирдлагууд хурлаа хийгээд явах байх. Гэхдээ орон нутагт намын дотоод сонгууль явуулахгүй байхаар шийдсэн. Сонгууль удахгүй болох гэж байгаа учраас сонгуулийн ажилдаа шууд орох юм. Намд шинээр элсэж байгаа хүмүүст албан тушаал өгсөн зүйл байхгүй. Хамгийн гол нь манай намд шинэ хүмүүс гарч ирж байгаа юм.
-ИЗ-НН-д Х.Бат-Ялалтаас өөр хүн гишүүнээр элссэн үү. Та нэгэнтээ “Манай намд олон хүн элсэнэ” гэж хэлж байсан?
-Гишүүн элсүүлэх процесс цаашид явагдана. Одоогоор хараахан эхлээгүй байгаа. Элсэх хүсэлтэй хүмүүс ирж байгаа. Гэхдээ бид намдаа шинэ гишүүн элсүүлэх кампанит ажил зохион байгуулахгүй. Манай нам хатуу гишүүнчлэлээс татгалзаж байгаа. Ардын нам, Ардчилсан намынхан шиг хавтгайруулж гишүүн элсүүлэхээс татгалзаж байгаа юм.
-Та “УИХ-ын 2012 оны сонгуулиар ашиглах санал тоолох машиныг АНУ-д ашигласан. Программд нь алдаа гарсны улмаас сонгууль будилаантсан” гэж бичсэн байх аа?
-АНУ-ын Флорида мужийн орон нутгийн сонгуульд ашигласан санал тоолох машины программд алдаа гарч сонгуулийн дүн будилаантсан нь илэрсэн юм билээ.
Дээрх машиныг үйлдвэрлэгч нь манай улсад сонгуулийн санал тоолох машин нийлүүлж байгаа “Dominion Voting Systems” компани. Үүнээс болж сонгогдох ёсгүй байсан хүн ялж, тэр шийдвэр нь батлагдсан. АНУ-д ч нэлээд шуугиан тарьж л дээ. Би энэ компанийнхантай уулзаж, ярьсан.
-Юу гэж байх юм?
-“Программыг нь гуравдагч компани хийсэн. Орон нутгийн удирдлагууд нь программаа өөр хүмүүсээр хийлгэсэн. Тийм учраас хариуцлагаа ч тухайн компанийнхантай тооцож байгаа” гэж байна лээ.
-Монголд ийм зүйл болохгүй гэх баталгаа бий юү?
-Сонгуулийн санал тоолох цахим систем орж ирж байгаа нь зарчмын хувьд зөв. Санаа зовоож байгаа зүйл нь “Санал тоолох машиныг ажиллуулах хүмүүсийг яаж хянах вэ” гэдэг байна. Манаачийг яаж манах вэ гэсэн үг ч байдаг шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг хянах тогтолцоо Монголд байна уу гэвэл, үгүй. Компьютерийн программыг сертификатжуулдаг тогтолцоо ч Монголд байхгүй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын компани зөв программ бичээд өглөө гэхэд түүнийг нь Ховд аймгийн Булган суманд хэрэглэсэн гэсэн баталгаа байхгүй гэсэн үг. Үүнээс гадна санал тоолох машинаар гаргасан тоонд аудит хийх тогтолцоо ч алга. Машин зөв тоолж болно. Харин тэр зөв тоог буруу болгоод биччихэж болно. Машинаар тоолж гаргасан тоо мөн гэдгийг баталж чадахгүй. Хувь хүмүүс шалгаж болно л доо. Би л гэхэд мэргэжлийн хүн учраас шалгаж чадна. Гэхдээ Монгол орон даяар тараасан 2500 машиныг нэг хүн шалгаж чадахгүй. Нэг битгий хэл арван хүн ч чадахгүй. Тиймээс л санаа зовоож байна.
-Та сонгуулийг зохион байгуулах төрийн албан хаагчдад итгэхгүй байна аа даа?
-УИХ-ын 2012 оны сонгуулийг төрийн албан хаагчдын хүчээр зохион байгуулахаар болсон. Харин тэдгээр төрийн албан хаагчийг ямар шалгуураар, яаж сонгож байгаа нь ойлгомжгүй юм. Магадгүй 2008 оны сонгуулийг будилаантуулсан хүмүүс энэ сонгуулийг зохион байгуулах гээд бэлтгэл ажлаа хийж байвал яах вэ. Шүүх өнөөдөр цагдаагийн экс дарга нарыг шүүж байна. Долоодугаар сарын 1, цагдаагийн экс дарга нар хэрэгт холбогдсон нь сонгуулийн дараах асуудал. Яг сонгуулийг будилаантуулсан нь тойрог, хэсгийн хороонд ажиллаж байсан хүмүүс. Гол буруутай хүмүүс нь ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа. Тэд энэ сонгуулийг зохион байгуулах уу, үүнийг хэн хянаж байгаа вэ гэдэг нь мөн тодорхойгүй байна.
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Амарсанааг томилсон. Энэ бас л хардлага төрүүлж байгаа юу?
-Энэ бол улаан цайм хардлага төрүүлж байгаа. Улс төрийн намууд Монголын төрийн системээр тоглодгоо болих хэрэгтэй. Ардын намын эрх ашгийг хамгаалахын тулд Монголын төрийг үймүүлж болохгүй. Иргэний бүртгэл, мэдээллийн чиглэлээр төрд олон жил ажилласан хүн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар очих ёстой байсан. Гэтэл нэг намын томилгоогоор энэ бүхнийг шийдэж байгаа юм. Энэ бол Монголын төрийн хамгийн эмзэг асуудал болоод байна.
-Сүүлийн үед “Намууд шүүх, цагдааг хүртэл өмчиллөө” гэж ярих болсон. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм. Эрх баригч намууд Сонгуулийн ерөнхий хороо төдийгүй цагдаа, шүүхийг хоёр хуваагаад тоглож байгаа. Өмгөөлөгчдөөр ч тоглож байна. Дээд шүүхийн шүүгчид хүртэл улс төрийн захиалгаар ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл, төрийн институциудыг намын эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон ашиглаж байна. Бие, биеэ алах зэвсэг шүү. Монголын төрийг самарч байна. Тийм учраас улс төрийн намын эрх мэдлийг эрс багасгах асуудлыг манай нам гаргаж тавина. УИХ-ын 2012 оны сонгуулиар бид ялбал намуудын эрх мэдлийг багасгана.
-Яаж?
-Намын бүлгүүд төрийн албан хаагчдыг, сайд нарыг, Ерөнхий сайдыг хүртэл дуудаж уулздаг болсон. Тэдэнд ийм эрх байхгүй. Намын бүлэг бол УИХ-ын бүрэлдэхүүнд ажилладаг нэг хэсэг болохоос бие даасан байгууллага биш. Тиймээс улс төрийн намуудад улс төр, УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь өгөөд бусад асуудалд оролцдогийг болиулах хэрэгтэй. Нам иргэдэд төрийн эрх барихад нь гүүр болох үүрэгтэй. Тэгээд л гүйцээ. Гэтэл одоо Монголд цөөнхийн засаг тогтчихоод байгаа юм. Хүмүүс олигархийн засаг ч гэж ярьдаг. Цөөнхийн засаг цөөнхийн намаас тогтдог. Төрийг олон түмний төр болгохын тулд улс төрийн намуудыг олон түмний нам болгох хэрэгтэй.
-Ийм боломжийг эрх барьж байгаа намууд өгөх болов уу?
-Өнөөдөр бол тийм боломж өгөхгүй. Ардын нам, Ардчилсан нам ямар байх нь хамаагүй. Иргэний Зориг-Ногоон нам ямар ч байсан олон түмний нээлттэй нам болно. Түүний дараа улс төрийн шинэ нам хэрхэн нээлттэй, шударга ажиллаж байгааг хараад намуудаас дэмжих хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй.
-Хаврын чуулган эхэллээ. Одоо намууд “УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулна, явуулахгүй” гээд маргалдаж эхэлнэ. Таны хувьд хэрхэх ёстой гэж үзэж байгаа вэ?
-Би Ардын намын гишүүдэд нэг үг хэлдэг юм. Тэр нь “Орон нутгийн хурлын болон УИХ-ын сонгуулийг хамт явуулна гэсэн шийдвэрийг хэн баталсан юм бэ” гэдэг. Энэ шийдвэрийг Ардын нам олонхи байхдаа 2007 онд баталсан. Өөрсдөө хууль баталчихаад одоо гомдоллоод байж болохгүй. Хуулиас болж будилаан гараагүй. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа “Сонгуулийн тухай хуулиа өнөө, маргаашгүй шинэчлэн батална” гэж ярьсаар байтал дөрвөн жил болсон. Хуулиа хоёр жилийн өмнө баталсан бол Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиа янзалж, сонгуулийн бэлтгэлийг ч хангаж амжих байлаа. Маргаан үүсэх шалтгааныг намууд өөрсдөө бий болгосон. Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хангаагүй нь ч тэдний буруу. Тийм учраас одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу хоёр сонгуулийг хамтад нь явуулахаас өөр арга байхгүй. Хуулиа л дагна шүү дээ. Өөр яах юм.
-Цэцийн дүгнэлтийн тухайд?
-“Сонгуулийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж” байна гэсэн Цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаа. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхдаа ч “Нэг хүн сонгуульд хоёр удаа оролцож болохгүй” гэдгийг хэлж байсан. Тойрог дээр өрсөлдөөд ялагдсан ч намын жагсаалтад багтаад гараад ирэхийг хэлж байна л даа. Гэтэл жагсаалтын төгсгөлд нэр нь бичигдсэн хүмүүс сонгуульд огт оролцохгүй болно гэсэн үг. Ийм байж болохгүй.
-Намын нэрээр парламентад суух нь ч хууль зөрчиж байгаа юм биш үү?
-Үүнд эргэлзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Шууд сонгоно” гэсэн заалт бий. Энэ нь хэн нэгнээр дамжуулж биш өөрөө сонгоно гэсэн утгатай. Тэр хүн намын нэрсийн жагсаалтыг дугуйлахдаа 28 хүнийг багаар нь сонгож байна л гэсэн үг. Тиймээс хууль зөрчихгүй. Шударга тогтолцоо юм.
-Сүүлийн үед Ардчилсан нам, Ардын намынхан үүнээс гадна олон зүйл дээр санал зөрөлдөх боллоо. Өөр намын даргын хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?
-Монголчууд, сэтгүүлчид нэг зүйлд битгий хууртагдаасай гэж боддог. Одоо маргалдаж байгаа намууд сонгуулийн дараа бие, биедээ учиргүй хайртай болно. Үнэхээр өрсөлдөөд байгаа зүйл байхгүй. Яах вэ. Бие, биедээ гомдож, юмаа булаацалдаж байж болох юм. Гэхдээ зарчмын өөр байр суурь бол байхгүй. Ардын нам, Ардчилсан намд байгаа тодорхой хүмүүс намаараа талцаагүй. Харин бүлэглэлүүдээрээ талцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ардын нам болон Ардчилсан намынхан орсон нэг бүлэг нь нөгөө бүлэгтэйгээ зөрчилдөж байна гэсэн үг. Энэ бол хоёр намын хоорондох асуудал биш. Нам дамжсан бүлэглэлүүдийн зөрчил. Аль нь ч дийлсэн Монголын нийгэмд сайн зүйл авчрахгүй. Зарчмаа дагахгүй бол хэзээ нэгэн цагт ийм л зүйл болдог. Тооцоогүй хоёр найзын дунд тодорхой хугацааны дараа мөнгөний хэрүүл болдогтой л адил. Тийм учраас л Монголын ард түмэн “Нэг нь төрийн эрхээ барь. Нөгөө нь сөрөг хүчин бол. Ямар нэг зөвшилцөл байх ёсгүй” гээд байгаа юм. Одоо бол болдог юм болдгоороо л болж байна.
-Цаашид хэрхэх бол?
-Ингээд заваараад байвал заваараад л байна. Тиймээс энэ сонгуулиас хойш засгаа барих нь бариад явсан нь дээр. Ойлгомжтой байх хэрэгтэй шүү дээ. Ардын намын дарга С.Батболд өнөөдөр “Бид хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа” гэж ярьдаг. Харин Ардчилсан намынхан өөрсдийнх нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хүмүүстэй заргалдаад байдаг. Үнэхээр ойлгомжгүй байгаа биз дээ. Засаг барьж байгаа нам, сөрөг хүчин хоёр хэзээ ч нэг мөрийн хөтөлбөртэй байж болдоггүйн жишээ энэ. Гэхдээ харин ч гайгүй байна гэж хэлж болно шүү.
-Яагаад?
-Хэрэлдэхэд бэлэн хүмүүс цаана чинь зөндөө байгаа. Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр л олны анхааралд орчихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй маргаантай, будилаантай олон хэрүүл байж л байгаа.
-Мөрийн хөтөлбөр гэснээс “Ардчилсан нам, Ардын намынхан амлалтаа биелүүлээгүй” гэдэгтэй санал нийлэх үү. Нэг сая төгрөг, хувьцаа өгөөгүй байгаа шүү дээ?
-Засгийн газар иргэдэд 21 мянган төгрөг өгөхийн тулд Монголбанкнаас 60 тэрбум төгрөг зээлсэн. Одоо Хятадуудад “Нүүрсээ зарна” гэж хэлээд урьдчилж зээл авч байна. Энэ амлалтаа биелүүлж байгаа хэрэг мөн үү. Монгол хүн бүрийг Хятад улсад өртэй болгочихоод “Амлалтаа биелүүлж байна” гэх нь хэр зохимжтой вэ. Бид Монгол Улсын байгалийн баялгийг олборлож дэлхийн зах зээлд гаргаад олсон ашгаас нь хувь хүртэх тухай ярьж байсан. Харин Хятадаас авсан зээлээс хувь хүртэх тухай яриагүй. Энэ яав ч байгалийн хишиг биш. Ардын нам, Ардчилсан намынхны хувь хишиг тараах бодлого үнэхээр дампуурч байна. Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолд ч маш хортой. Бид хэдхэн хоногийн өмнө Монголын хоёр дахь томоохон нүүрсний үйлдвэр “Саусгоби сэндс”-ийг Хятадад 823 сая ам.доллараар зарсан. Түүнээс хэд дахин том Тавантолгойг ердөө 2-3 дахин үнэтэй мэтээр яриад байгаа. Бид өрөнд ороод, баялгаа харийнханд өгөөд байж болох уу. Хятадаас мөнгө зээлэхийн тулд нүүрсээ зах зээлийн үнээс гурав дахин хямд өгч байгаа. Ийм улс төрийн бодлого байж болдог юм уу, үгүй юү.
-Үүнийг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?
-УИХ-ын 2012 оны сонгуулиар парламентад аль болох олон нам орж ирээсэй. Энэ хоёр нам хуулийг сайхан болгохыг хүлээнэ гэвэл, худлаа. Нэг хэсэг нь гудамжинд, нөгөөх нь Төрийн ордонд хуйвалддаг битгий байгаасай. Монгол Улсын парламент хоёр намынх биш 2.7 сая хүнийх байгаасай. Тэгээд дотроо ярья, учраа олъё. Нэг нь засагт тогтож үлдэхийн тулд баруун, солгойгүй өр тавьж, хуурдагаа болиосой. Монголд баялаг байгаа. Байхгүй учраас биш байгаа юмаа авч чадахгүй байгаа учраас Монгол ядуу. Иргэний хувиар нэг үг хэлье. Монголд хоёр намын тогтолцоо үнэхээр явахгүй. Хуйвалдаад болохгүй байна. Монголын улс төр тогтворжих, төлөвших хараахан болоогүй. Тиймээс ч парламентын хаалгыг хаах цаг болоогүй гэсэн үг. Өнөөдөр байгаа улстөрчдийг бүгдийг нь солих юм сан гэж ард түмэн хүсэж байгаа. Тэгэхэд улстөрчид “Хэдүүлээ одоо хаалгаа хаая. Шинэ хүн огт оруулахгүй байя” гээд байдаг. Хүүхдийн живх, улстөрч хоёрыг байнга солих хэрэгтэй. Эсрэг тохиолдолд өмхийрдөг юм. Би ч гэсэн улс төрд нэг их удаан байя гэж зүтгэхгүй. Харин байгаа хугацаандаа хийх юм аа хийнэ. Гэхдээ УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө. Парламентыг нээлттэй болгоход хувь нэмрээ оруулна.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин