
Уг нь гишүүд орон нутгийн сонгуулийг хэзээ хийхийг шийдэхээс нааш УИХ-ын бусад үйл ажиллагааг зогсооно гэсэн байр суурь дээр өглөө нэгдсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах байр суурь дээрээ байгаа бол МАН-ын бүлгийнхэн салгаж, орон нутгийн сонгуулийг намар хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байна.
МАН-ын бүлгээс гишүүн Д.Загджав хоёр сонгуулийг хамтад нь явуулах тухай 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд УИХ-аас баталсан хуулийг дагах нь зүйтэй гэж байгаа юм. Ингэхэд хүн хүч, цаг хугацааны асуудал гарахгүй гэж тэрбээр тайлбарлаж байлаа. АН-ын бүлгийн гишүүн Н.Батбаяр, Э.Бат-Үүл, З.Энхболд нар “Хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Ерөнхий сайд байх ёстой. Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл байгаа бол Ерөнхий сайд энэ талаар хэлэх байсан. Гэтэл тэгээгүй. Ерөнхий сайд энэ талаар үгээ хэлэх ёстой гээд Ерөнхий сайдыг хуралд дуудаж ирүүлье” гэж байв.
Ерөнхий сайд Төв аймагт ажиллахаар явсан гэсэн яриа гарсан ч “Одоо дуудлаа”, “Ирж явна”, “15.00 цаг гэхэд бэлэн байлгая” гэхчлэн тоглоом шоглоом нь мэдэгдэхгүй баахан шуугив. АН-ын бүлгийн гишүүд мөн УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ иргэд сонгогчид хоёр сонгуулийг салгаж явуулахыг дэмжиж байна гэж буруу үг хэлсэн хэмээн шүүмжиллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “МАН-ын бүлэг 45 гишүүнтэй ч дангаараа шийдвэр гаргахгүй. Манай бүлэг завсарлага авах эрхтэй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа хоёр сонгуулиа хамт хийе. УИХ одоо энэ талаар бололцоогоо шавхсан” гэсэн бол гишүүн Д.Загджав одоо байгаа хуулиа баримталж сонгууль хийхийг мөн дэмжиж “Долдугаар сарын 1-ний явдлын үр уршгийг одоо болтол тооцоогүй байна. Сонгуулийн маргаан төрийн хямрал руу түлхэх вий. Долдугаар сарын 1 давтагдахгүй гэх газаргүй нөхцөл үүсч байна. УИХ-ын сонгуулийн хуулийн заалтууд орон нутгийн сонгуульд ч үйлчлэх ёстой. Тиймээс сонгууль болоход зургаан сар үлдээд байхад хуульд гар хүрдэггүй гэсэн зарчмаа бариад одоогийн хуулиараа хоёр сонгуулийг хамт явуулахад болохгүй гэх зүйлгүй. Хамт явуулах боломж бий” гэж байлаа. Харин гишүүн Ө.Энхтүвшин “Ерөнхий сайд руу бурууг чихэх хэрэггүй. Ерөнхий сайд ямар хууль батлах юм уу. Хоёр сонгууль хоёр өөр орчинтой тул хамт явуулах боломжгүй. Хоёр сонгуулийг хамт явуулах тийм олон төрийн албан хаагч ч байхгүй. Яагаад эргэж буцаад байгаа юм” гэж байв.
Гишүүн З.Энхболд “Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ёстой. Одоогийн мөрдөж байгаа хоёр сонгуулийг хамт хийх хуулиар санал хураавал хоёр өөр сонгуулийн хэсэгтэй. Нэгийн саналыг машинаар, нөгөөг гараар тоолно. Ийм бантан болгохгүйн тулд хоёр сонгуулийг хамт явуулахдаа аль алийнх нь саналыг машинаар тоолъё. Хоёр биш нэг хэсгийн хороотой байлгая гэсэн миний өргөн барьсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэж батлах ёстой. Өөр зам байхгүй. Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан орон нутгийн сонгуулийг намар хийх хуулийн төсөл болохгүй” гэж байв.
Гишүүн Э.Бат-Үүл “Хуулиуд ингэж ингэж зөрчилдөж байна гэсэн асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Бид хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол Ерөнхий сайд бас хэлэх ёстой. Тэгэхгүй бол ашиг сонирхлын зөрчилтэй намын бүлгүүд үүнийг шийдэхгүй. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар биш СЕХ гэсэн. Номоороо бол Засгийн газар хууль хэрэгжүүлэгч, СЕХ бол тэр хэрэгжилтийг хангагч юм” гэсэн байр суурь илэрхийлэв.
МАН-ын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар хурлаас гарах гэхэд АН-ын бүлгийн гишүүд “МАН-ын бүлгийнхэн айгаад хурал хаяж байгаа байдал. Хараарай ард түмээн” гэхчлэн хэлж байв.
Гишүүн Д.Лүндээжанцан” Ирэх даваа гаригийн өглөө ажлын хэсэг дээр асуудлаа оруулж ирье” гэсэн санал гаргав. Хуралдаан даргалагч Ж.Сүхбаатар ч гарч явав. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарлаа.