Өвөрмонголын газрын ховор элементийн үйлдвэрлэлд Хятад квот тогтоосон талаар тус улсын Газрын эрдэс баялгийн яам өчигдөр мэдэгдсэн байна. Тус яамны орон нутгийн салбараас явуулсан мэдэгдэлд Өвөрмонгол дахь төрийн өмчийн төмөр, гангийн үйлдвэрлэгч “Baotou Steel Group”-д Хятад 25 мянган тоннын экспортын квот тогтоосон гэнэ. Тус групп нь Хятадын газрын ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч “Baotou Steel Rare-Earth Hi-Tech”-ийн эцэг компани юм. Дээрх хоёр компани хоёулаа Өвөрмонголд үйлдвэрлэл явуулдаг аж. Тус групп 2011 онд 93,800 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Дангаараа дэлхийн газрын ховор элементийн 95 хувийг нийлүүлдэг хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс энэ онд л гэхэд экспортын бүтээгдэхүүнд 30,184 тоннын квот тогтоосон байна. Хятад 2009 оноос хойш газрын ховор элементийн экспортыг хязгаарлаж квот тогтоох болсноос хойш энэ төрлийн түүхий эдийн үнэ дэлхийн зах дээр эрс нэмэгдэж байгаа билээ.
Н.Энх