“Махыг өндөр үнээр экспортлох боломж бий”

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Махыг өндөр үнээр экспортлох боломж бий”

Махны экспортын тухай Олон улсын маркетинг, брэндингийн мэргэжлийн зөвлөх Стэфн Крэппэл боломжит хувилбарыг танилцуулахаас гадна 27 компанийн төлөөлөл МҮХАҮТ-д өнөөдөр энэ талаар хэлэлцлээ.

Манай улсын хувьд олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжтой брэнд бүтээгдэхүүний 10 салбарын нэг нь махны салбар хэмээн тогтоосон байна. Харин манай улсын хүн ам 2,7 сая, 40 гаруй сая малтай хэрнээ махны үнэ хөөрөгдөөд байгаа энэ цаг үед дотоодынхоо махны хэрэгцээг хангах нэн тэргүүний зорилт байгаа билээ. Дараагийн шаардлага бол махаа гадаадад экспортлох гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Хэлэлцүүлэгт олон улсад махаа хэрхэн экспортлох тухай үндсийг махны үнэ болоод чанарын асуудлын хүрээнд авч үзэж байсан. Энэ нь олон улсын мэргэжилтэн Стэфн Крэппэлийн үзэж буйгаар, Монгол Улсын мах чанарын хувьд маш амтлаг, тэжээллэг бөгөөд энэхүү чанар, стандартыг улам нэмэгдүүлсэн ч үнийн асуудалтай тулгарах учраас ашиг хангалттай олох үнээр худалдаалж, зорилтот хэрэглэгчдэд хүрч, Монголын брэндийг бий болгох хэрэгтэй гэнэ. Монголын махны экспортын тухай Олон улсын маркетинг, брэндингийн мэргэжлийн зөвлөх Стэфн Крэппэлийн санал, бодлыг сонслоо.

-Мах экспортлоход нэлээд өртөг, хөрөнгө шаардлагатай байх. Тэгэхээр экспортын зардлыг нөхөж, махны салбараараа ашиг олох боломж бий гэж байна?

-Монгол Улс махны экспортоороо ашиг олох боломж бий. Монголын мах цэвэр байгалийн гаралтай, амт, шимттэй учраас олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадамжтай.  Ингэхийн тулд өндөр үнэтэй экспортын мах гаргах хэрэгтэй. Энэ нь бүх зах зээл рүү биш, зорилтот зах зээл рүү хандуулах болж байгаа юм.

-Тэрхүү зах зээлд гарахын тулд ямар гарцыг та санал болгож байгаа вэ?

-Өндөр үнэтэй Монгол махны брэндийг бий болгох үндсэн дөрвөн арга зам байна. Нэгдүгээрт, хил залгаа буюу хөрш орнууддаа гаргах боломж. Жишээ нь, Казакстан, Япон зэрэг улсад ямар мах хэрэгтэй байгааг судалж, тэр орон зайг эзлэх. Хоёрдугаарт, Ойрхи, Дорнодод экспортлох. Гуравдугаарт, Европт үл харгислал буюу байгалийн гаралтай, бага эвдсэн махыг гаргавал зохих юм. Энэ нь өөрөөр хэлбэл, зах зээлийн орон зай хаана ч байгааг харуулж байна. Дөрөвдүгээрт, хатаасан буюу борцолсон махыг дайн самуунтай, хямралтай байгаа газарт зориулан гаргаж болно. Эсвэл НҮБ-ын гамшгийн дараах тусламжийн үйл ажиллагааны нөөцөд оруулж болох юм.

Харин дотоодын махны асуудал болсон эрэлт нийлүүлэлт, үнийн хөөрөгдлийн талаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын байр суурийг асуулаа.

“Mongol food” компанийн захирал Д.Галбадрах:

-Махны үнийн өсөлт юунаас шалтгаалсан бэ?

-Дээр үед мах бэлтгэн нийлүүлэх систем байсан, түүнийг орлох хэрэгтэй. Харин үүнийг орлож байна гэсэн нэрийдлээр шат дамжлагын ченжүүд ихсээд байгааг хэн хүнгүй мэднэ. Яг нарийндаа ченжүүдээс болоод махны үнэ өссөн биш. Малчид малаа зарах сонирхолгүй байна. Тиймээс махыг өндөр үнээр худалдан авах хэрэг гарч байгаа юм. Малаа зарж, махаа нийлүүл гэж хүний үйлдвэрлэл эрхэлж, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг удирдах эрх байхгүй л дээ. Сүүлийн үед энэ жил яагаад ингэж өссөн гэхээр, эх орны хишиг, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, малчдад мөнгөний хэрэгцээ гарахгүй байгаа нь малчид малаа зарах шаардлагагүй байна гэсэн үг. Өгвөл өндөр  үнээр өгнө, үгүй бол борлуулах шаардлагагүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрэлт нь ихсэхээр нийлүүлэлт нь багасч байгаа нь үнийг өсгөөд байна.

-Махны үнийн хөөрөгдлийг хэрхэн шийдэж болно гэж үзэж байна вэ?

-Одоогийн үнийг 4000 төгрөг болговол ер нь болно. Дундын дамжлагыг хасах, тухайлбал, малчин 3500 төгрөгөөр үйлдвэрүүдэд өгөөд, үйлдвэрүүд хадгалаад, зах зээлд нийлүүлдэг байж болох юм. Ченжийн дамжлагыг бүр мөсөн халах боломжгүй. Малчид малаа орхиод нийслэл рүү махаа ирж зарна гэж байхгүй. Гол асуудал бол ноосонд татаас өгч байхад, малчдыг 4000 төгрөгний мах нийлүүлж байхад нь төрөөс 2000 төгрөгний татаас өгье л дөө.

ХААИС-ийн профессор Д.Алтангэрэл:

-Махны нийлүүлэлт муу байгаагаас үнэ хөөрөгдөж байна гэж байна. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Сүүлийн 5-10 жилд хийсэн судалаагаар монголчуудын малын тоо 40 гаруй сая болж байгаа ч дунджаар 8,5-9 орчим сая малыг худалдаалдаг юм. Тэгэхээр махны хүрэлцээг нэмэгдүүлэх, нэг л гарц байна. Малчдаас бид хүчээр малыг нь авч чадахгүй. Тиймээс нэг малаас авах махны хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мал дээр селекци явуулах хэрэгтэй. Өнөөдөр бол мал дундаж хонийг гаргахад 18 кг мах л гардаг юм. Тэгтэл монгол оронд баталгаажсан 4-5 үүлдрийн хонь байна. Тэр хонинууд 25 кг-аас доошгүй махан гулууз гаргадаг. Нийт хонины 90-ээд хувь нь 18 кг, үлдсэн хувь нь 25 кг мах өгдөг байна. Төр засгаас эрдэмтэн мэргэд бид нараар дамжуулж, энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Хэдий хугацаанд бодит үр дүнд хүрэх боломжтой бол?

-Их хугацаа шаардахгүй. Ойролцоогоор 3-5 жилд монгол хонины гарцыг нэмэгдүүлж, хонь бүрээс гарах махны хэмжээг дунджаар 22 кг болгож болох юм. Үүнийг хэрэгжүүлбэл найман сая малаас  жилд 230 мянган тонн мах авч байгаа, үүнийг 20 хувиар нэмэгдүүлж  болно гэсэн үг.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж