Г.Тэнүүний ертөнцөөр аялаарай

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Г.Тэнүүний ертөнцөөр аялаарай

Бидний танил “хит” дуунууд цомог болон эгшиглэлээ. Энэ бол дуучин Г.Тэнүүний шинэ цомог “Picnic”. Найман дуутай энэхүү цомгоор дамжуулан түүний найман өөр өнгө, дотоод ертөнцийг нь илэрхийлсэн ертөнцөөр аялж болох нь ээ. Тэрбээр анхны цомгоо нэг ч ивээн тэтгэгчийн гар харалгүй бие даан гаргасан гэнэ. Тэнүүний шинэ цомгийн “cover” дизайныг “Hook design”-ы залуус хийсэн бол “Bro’s records” студид бүх дуунуудаа бичүүлжээ.

Түүний цомгийн бас нэг онцлог нь Facebook-ийн QR буюу “Quick Response” кодыг суулгасан гэнэ. Та утсандаа QR application суулгасан бол түүний цомгийг худалдан авахын өмнө энэхүү кодыг утсаараа дамжуулан уншуулахад түүний фен хуудас руу орон зургийн цомог, дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг Тэнүүнийг танихгүй хэн ч байсан түүнтэй, уран бүтээлтэй нь танилцаж, таалагдвал цомгийг нь шууд авах гээд давуу талтай юм байна шүү.

-Таны “Picnic” цомог их гоё өнгөлөг cover-той, өвөрмөц төрхтэй харагдаж байна шүү?

-Анхны уран бүтээл “Picnic” дууны нэрээр цомгоо нэрлэсэн. Нийт найман дуу, нэг “bonus track”-тай. Найман дуугаа нийлүүлээд “Picnic” гэж хийсний гол учир нь найман өнгийн ертөнцөөр минь аялаад гарна уу гэсэн утгатай. Яг л намайг илэрхийлэх дуунууд байгаа юм. Тиймээс Тэнүүн гэж ямар дуучин бэ, ямаршуухан хоолойтой вэ, юу бодож, санаж явдаг, ямар ая, аялгуу гаргаж чаддаг, хөгжмийн найруулга ямар төвшинд юм бэ, дууны утга санаа юу байдаг, хүнд юу хэлэх гэсэн юм бэ гээд яг ийм цогц миний маш сайн бодож байж хийсэн найман дуу байгаа. Үүн дээр “Мөнхийн ус” гээд “bonus track” нэмсэн есөн дуутай “Picnic” альбом маань дөнгөж сая хэвлэлтээс ирлээ.

-Өөрийг тань илэрхийлж чадах тэрхүү найман дуугаа танилцуулаач?

-Мэдээж цомгоо нэрлэсэн “Picnic” дуу байгаа. “Худлаа даа”, “Хайртай”, “7 сарын 1”, “Хамт байвал болох уу”, “Франц үнсэлт”, “Болзоонд”, “Хайрын сонат”, “Мөнхийн ус” гэсэн дуунууд байгаа. Яг намайг сонсдог, мэддэг хүмүүс мэдэж байгаа байх аа.

 -Тэнүүний дуулдаг урсгал жанр өвөрмөц хэрнээ гоё. Яг ямар урсгал чиглэл вэ?

-Хөгжмийн урсгал чиглэл гэхээр дэлхийд ч гэсэн маш сонин болчихоод байна л даа. Жишээ нь Lady Gagа-г поп гэх үү, юу гэж хэлэх вэ гэдэг ч юм уу. Тэгвэл Жессм Райс “easy hearing” буюу амархан сонсогддог гэсэн жанраар дуулдаг бол Бруно Марс маш олон элемент орсон поп гэгддэг. Минийх бол олон элемент орсон поп урсгал гэж явах байх. Түүндээ амьд дуугаралттай. Тиймээс Жесси Райс, Бруно Марс хоёрын хэллэгийг ашиглая гэж бодож байгаа. Амархан сонсогддог, олон урсгал нэгдсэн поп гэж. Ерөнхийдөө миний дуулдаг урсгалыг  поп гэж хэлж болно. Тэрнээс биш “reggae” гээд нэрлэхээр зөвхөн энэ урсгалыг сонсдог хүмүүс биш байна гэдэг. Гэтэл миний дуунд регги элемент орчихсон л байж байдаг.

-Анхны цомгоо дөнгөж хүлээн аваад байгаа ч дараагийн цомгийн ажилдаа хэдийнэ орсон гэж дууллаа?

-Хоёр дахь цомог маань яг л түрүүний хэлсэн тийм стильтэй байх юм. Хөгжмийн дуугаралтын хувьд арай өөр, илүү амьд байх болов уу. 10-12 дуутай байхаар төлөвлөж байна. Гурваас дөрөв нь дээр үеийн радиогийн бичлэг гэж яригддаг шиг шууд бүх зүйл нь зэрэг явдаг тэр бичлэгээр хийнэ гэж төлөвлөөд байгаа. Дээр үеийн хөгжим дууны чанар маш сайн байсан нь юундаа холбоотой вэ гэхээр сэтгэл зүрхээ зориулаад бүгд зэрэг дуулаад хөгжимдөөд явдаг. Дуучны илэрхийлэх илэрхийллийн хувьд ч гэсэн нэг л алдахад бүгд эхнээс нь эхэлдэг байсан учраас чанарын өндөр төвшинд хийгддэг байсан. Ажлаа эхлүүлчихээд л явж байна даа.

-Тоглолт хэзээ хийх вэ?

-Хоёр дахь цомгоо гаргаад тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ тэр хүртэл эхний цомогтой холбоотой жижиг “presentation” тоглолтуудаа хийнэ. Үүний эхнийх нь “С1” телевизийн “Их завсарлага”-аар орно. Тодорхой хэмжээний зочид, үзэгчид уриад тоглоно. Мөн “Монгол” телевизийн “Тоглолтын цаг” гээд нэвтрүүлэгт орох бодол байгаа. Хэрвээ хүмүүс үнэхээр миний фейсбүүк фен хуудсанд хандаад тоглолт үзье гэх юм бол нэг “club” ч юм уу “pub”-тай ярьж байгаад “presentation” тоглолт хийж болно.

-Тэнүүний шинэ уран бүтээлийг ч удаан хүлээсэн шүү, би хувьдаа?

-Хүмүүс хүний дуу зүрх сэтгэлд хоногшиж чадахгүй, амархан мартагдаж байна гэж яриад байдаг шүү дээ. Хүмүүсийн анхаарал тэр бүр төвлөрөхгүй байгаа. Ар араасаа олон дуучид, шинэ дуу гарч анхаарал нь сарнидаг. Би яагаад нэг дуутайгаа зууралдаад байгаад байна гэхээр энэ дуугаа хүнд хүргэх гээд, арван жилийн дараа “Хайртай” гэдэг  дууг сонсоход энэ чинь нээрээ ийм дуу шүү дээ гэж санах, цаг хугацааны хувьд жаахан бодож ажилладаг. Зарим хүмүүс намайг залхуу гэж шүүмжилдэг. Тэр үнэн байх. Гэхдээ дуу, хөгжим үйлдвэрлэгч бид нар зүгээр талх хийж байгаа хүмүүс биш шүү дээ. Одоо л зохиогчийн эрх гэдэг зүйл арай гайгүй болж эхэлж байна.

-“Зугаалга” цомгийн нээлт хэзээ, хаана болох вэ?

-“Hi-Fi Records”-д дөрөвдүгээр сарын 8-нд буюу ирэх ням гаригт 14.00 цагт “Picnic” цомгийн баяраа хийнэ. Цомгийн баяртаа үнэгүй CD тараана гэхээр хүмүүс их ирдэг гэж ярьдаг юм байна лээ. Ямарваа нэгэн юм жижигхэн ч гэсэн үнэ цэнэтэй байх тусмаа эргээд хүмүүсийн хандлага өөр байдаг. Хүмүүс яагаад брэнд гэж яриад байдаг гэхээр их үнэтэй авдаг болохоор түүнийгээ хайрлаад эдлэх нь хүртэл өөр болдог. Яг үүнтэй адилхан би үнэгүй CD тараахгүй. Гэхдээ би ирсэн хүмүүтэй маш сайхан яриа өрнүүлж, ярилцлага хийж, зургаа даруулна. Цомог дээрээ гарын үсгээ зураад өгч болно. Надтай юу хүссэнээ ярьж болно шүү.

-“Зугаалга” дууг анх “I love new UB”-гийн тайзан дээр улаан цамцтай дуулж байсныг чинь санаж байна?

-Тэр миний анхны тайз байсан. Өмнө нь хоёр найзтайгаа нийлээд хамтлаг гэж явж байсан. “Татар” хамтлагийн Мөөгийтэй “Зуны үдэш” гээд дуу хийж, “Татар” хамтлагийн тоглолт дээр хамтран дуулж байсан. Яг Тэнүүн гээд зарлуулаад гарах шал өөр байсан шүү. Тэрнээс өмнө гарч байсан анхны тайз гэвэл хүүхэд байхдаа дуурийн театрын тайзнаа бүх жүжгүүдэд нь тоглодог байсан. “Чио Чио Сан” дуурийн хүүхдэд, “Үйлэн заяа”, “Хөх торгон дээл”, “Чоно ба долоон ишиг” гээд жаахан хүүхэд гардаг бүгдэд нь тоглодог байсан.

-Сурагч байхдаа урлагийн тоглолт алгасдаггүй хүүхэд байсан байх нь ээ?

-Үгүй ээ. Сурагч байхдаа дуулдаггүй, ичимхий талдаа хүүхэд байсан. Тооны ангид сурдаг, сагс их тоглодог байлаа. Дуулмаар санагддаг ч нэг л болж өгдөггүй байсан. Сургуулиа төгсөөд компьютерийн чиглэлээр нэг жил сураад, сурахын хажуугаар ажил хийдэг байлаа. Тэр үед л “Шар айраг” хамтлагт “Харанга”-ын Х.Лхагвасүрэн ах орчихсон байхад дагаж явдаг техникчээр ажиллаж таарсан. Яг тайзан дээр тэдэнтэй хамт гарна. Өөжгий ах миний урд гитар тоглоод, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн Цоомоо ах бөмбөр тоглоод л, Лхагваа ахын микрафоныг би тааруулаад л сууж байна. Би тэдэнтэй хоёр жил хамт ажилласан. Хөдөө орон нутаг, хотод бар, паб-д тоглоход нь байнга хамт явсаар байгаад сүүлдээ тэр хамтлагийн хүн болсон шүү. Сүүлдээ би урлагийн хүн болохоос өөр ямар ч сонголтгүй байсан юм байна гэж шийдсэн. Тэр ажил маань миний  амьдрал энэ юм байна гэдгийг ойлгуулж өгсөн. Харин ээж аав хоёр маань намайг тооны ангид байсан болохоор арай өөр потенциальтай яамны хүн болгон гэж боддог байсан. Би өөрөө ч гэсэн багадаа гадаад яамны сайд болно гэж ярьдаг хүүхэд байсан. Гэтэл тиймэрхүү байдлаар урлаг руу буцаж хальтраад СУИС-д эстрад дуулаачийн ангид орсон. Дараа нь шилжээд аав дээрээ /Дуурийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Ганхуягийг хэллээ/  дуурийн дуулаачийн анги руу орж төгссөн. Энэ миний бараг л дуулж эхэлсэн товч намтар.

-Өнгөрсөн жил СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн шүү дээ. Би мэргэжлээрээ уран бүтээлээ туурвих болно гэж ярьж байсныг чинь санаж байна. Хэзээнээс дуурьт хүчээ үзэх вэ?

-Ер нь хүн зорилго, хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэж боддог. Хүн зорилгоо тодорхойлоод, очих газраа харчихвал очих нь илүү амархан болчихдог юм болов уу гэж боддог. Надад хувийн зорилго, хүсэл мөрөөдөл байдаг. Би 30 нас хүртлээ Тэнүүн гэдэг хүнийг чөлөөт байдлаар илэрхийлж чадах дуу, хөгжим, үг, ая, хэдэн цомог, хэдэн дуу, хэдэн тоглолт, хэдэн зүйлийн дотор би өөрийгөө бүрэн илэрхийлж чадах байна тэр хүртэл явна. Нэгэнт хүнд хүрсний дараа яг мэргэжлийн төвшинд буюу 30 нас гараад дуурийн чиглэл рүү бүх хүчээ шавхана гэж боддог. Тэгэхийн тулд би сурч боловсрох хэрэгтэй. Итали явах ч юм уу. Гэхдээ би одоо ч гэсэн формоо алдахгүйг хичээн мэргэжлийнхээ дасгалыг таслахгүй байнга уншдаг.

-Сүүлийн үед Монголын баритонууд гадаадын уралдаан тэмцээнд маш амжилттай оролцож байгаа шүү дээ?

-Монголын баритонууд дэлхийд эхний эгнээнд орж байгаа гэж яригдаж байна. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт. Дэлхийд Олон улсын дуурийн “А” зэрэглэлийн гурван тэмцээн байдаг. Үүний нэг нь л П.И.Чайковскийн тэмцээн. Үүнд Э.Амартүвшин хоёрдугаар байрт, Ч.Энхтайван дөрөвдүгээр байрт орсон. Энэ бол маш том амжилт. Глинкийн тэмцээн бол дэлхийн дуурийн “Б” зэрэглэлийн уралдаан. Глинкийн тэмцээнд Ч.Энхтайван хоёрдугаар байрт орж байсан. Сая Г.Ариунбаатар түрүүлээд ирлээ. Италид “А” зэрэглэлийн “Визетта” “Верди”-ийн гээд хоёр уралдаан байдаг. Эдгээрт яваад эхэлбэл үнэхээр Монголын баритонууд дэлхийн урдуур эгнээнд алхаад эхлэх байх. Гэхдээ Оросын уралдаанд түрүүлж байгаа нь маш том дэвшил л дээ. Тенорууд одоохондоо уралдаан тэмцээнд хараахан амжилт үзүүлж чадахгүй байгаа. Учир нь тенор хоолой Монголын уур амьсгалд тохиромж муутай, рисктэй хоолой. Уур амьсгалаас болж хүний хоолой маш их өөрчлөгддөг. Монгол бол хуурай уур амьсгалтай болохоор тенорууд асар их рискэн дунд байдаг. Хоолой харвах ч юм уу. Харин Итали юм уу барууны орнууд чийглэг уур амьсгалтай болохоор хоолой аяндаа тэгж гоё дуугарч эхэлдэг. Монголын дуурийн дуучид маш сайн. Ийм уур амьсгалд ингэж дуулж, байгааг нь хүмүүс гайхдаг.

Г.Тэнүүний “Picnic” цомгийг энэ сарын 8-наас эхлэн “Hi-Fi Records”-ын бүх салбараар 10,000 төгрөгөөр худалдаалж эхлэх юм билээ. Цомгоор нь дамжуулан түүний найман өнгийн ертөнцөд зугаалаарай.

Г.Даша

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж