Сайд Ц.Нямдоржид анхааруулга хүргүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Нямдоржид анхааруулга хүргүүлнэ гэв

“Монголын залуу хуульчдын хос дэнс” ТББ, “Шударга сонгууль-2012” хуулчдын хөдөлгөөнөөс  УИХ дахь МАН-ын гишүүд, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт шаардлага, сануулга өнөөдөр хүргүүлж буйгаа сэтгүүлчдэд мэдээллээ. 

Тэд УИХ дахь МАН-ын гишүүдэд хандан Орон нутгийн хурлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарджээ. Учир нь УИХ-д суудалтай намууд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь орон нутгийн сонгуулийг явуулахад саад бэрхшээл учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийг 2008 онд УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулахаар хуульчилсан атлаа энэ заалтыг хэрэгжүүлээгүй байхад өөрчлөлт  оруулах гэж байгаа нь буруу гэлээ. Хуулийн гол заалт зарчмыг хэрэгжүүлэхийн тулд  УИХ хуульд хийх өөрчлөлтийг яаралтай зөвшилцөн орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах бүх талын арга хэмжээ авахыг шаардав.

Харин МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэд хандан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны “Би бодохдоо, Бид бодохдоо” зэрэг үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн юм. Хууль зөрчсөн үйлдлийг тодорхой баримтаар хавсаргаснаа ч дуулгалаа. Тиймээс далд сурталчилгаа, бусад улс төрийн хүчин, хувь этгээдийн нэр хүндийг унагаах зорилго бүхий дээрх үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гэхэд зогсоон залруулахыг шаардлаа. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ТББ, хөдөлгөөний зүгээс хууль бус үйлдлийг нийгэмд таниулан сөрөг арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Тэдний гурав дахь анхааруулга нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хаяглажээ. Долдугаар сарын 1-ний гэх цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурлын асуудлаар  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг цуглуулж  “шүүх хууль буруу хэрэглэж байна, зүйлчлэл буруу” гэх зэргээр хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Гол нь сайдын ярьсан асуудлаар буруу зөв гэж дүгнээгүй, гагцхүү өөрийн үзэл бодлоо нийгэмд ингэж илэрхийлэх нь  ёс зүйд нийцэхгүй гэдгийг сануулахыг хүсчээ. Ц.Нямдорж сайдын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хийсэн мэдэгдэл нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, бусад холбогдох хуулиар түүний  бүрэн эрхэд тусгагдаагүй  болохыг анхааруулжээ.

Тус байгууллагаас дээрх асуудлуудаар ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандах гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж