Хүний наймаачдыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хүний наймаачдыг шүүж байна

Монгол бүсгүйчүүдийг хууран мэхлэх замаар БНХАУ-д худалдсан гэх Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай үргэлжилж байна. Тэднийг шүүх хурал шүүгдэгч төрөх дөхсөн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, өмгөөлөгч ирээгүй гэх олон шалтгаанаар хойшилж байсан. Харин өнөөдрийн хуралд бүх шүүгдэгч хурлын танхимд цуглажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм  буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.

Шүүгдэгчдийг цагдан хорих төвөөс шууд авчирсан байна. Хохирогч болон шүүгдэгчдийн ар гэрийнхнийг хуралд оролцуулсангүй. Тиймээс ар гэрийнхэн нь халуун савтай хоол, цай барин хурал тарахыг хүлээж сууна. Аль аль талын  ар гэрийнхэн хэвлэлийнхэнд ямар нэг яриа, тайлбар өгөхөөс татгалзлаа.

Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцож байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

                                    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж