Нээлтээ хийгээд удаагүй байгаа энэхүү бүтээл хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй кинонуудын нэг болжээ. Харин бодит амьдрал дээр ч бас ийм "Hunger games""-ийн дүрмээр тоглодог газар бий. Тэнд багачууд хөдөлмөр эрхэлж, ядарч доройтсон улс орныхоо эдийн засгийг хөдөлгөх хүч болж явна. Үүнийхээ шанд тэд эцэг, эхийгээ буудан хороож, тэднээс илүү эх орон, намаа тахин шүтэх үзлээр хүмүүжиж байна.
Хойд Солонгост ажилчны зургаан кэмп байдаг гэх мэдээлэл бий. Тэнд ойролцоогоор 200 мянга орчим хоригдол байдаг аж. Кэмпүүдээс хамгийн том нь л гэхэд ойролцоогоор 50 километр урт, 40 километр өргөн талбайд байрладаг. Өөрөөр хэлбэл, Лос-Анжелес хотоос том гэсэн үг. Тиймэрхүү кэмпүүдээс оргож гарсан цөөн хүн бий. Тэдний ярьснаар бол кэмпэд амьдарч байгаа хүмүүс саван хэрэглэдэггүй, оймс, дотуур хувцас өмсдөггүй, ариун цэврийн цаас, алчуурны барааг хэзээ хамгийн сүүлд харснаа мартчихсан байдаг гэх. Хойд Солонгосын кэмпүүдэд амьдарч буй хүмүүс хүчээр хүнд хөдөлмөр эрхэлдэг тухай "Los Angeles Times" сонин мэдээлжээ. Тэд хариуд нь эрдэнэ шиш, байцаа, давсаар хооллож, харх агнаж иднэ. Тэдгээр хоригдол наснаасаа эрт хөгширдөг. Яс нь сийрэгжиж, буйл нь харлаж, шүд нь унадаг. 50 нас хүрэхээсээ өмнө өлсгөлөнгийн хүнд хэлбэрээр "өвчилж", амь насаа алддаг.
Хойд Солонгосын эрх баригчид иймэрхүү кэмпүүд байдаг эсэхийг баталдаггүй. Гэхдээ бас үгүйсгэдэггүй. Тус улсын дипломат төлөөлөгчид энэ тухай тайлбар хийхээс эрс татгалздаг. Харин "Google Earth""-ээр хайгаад үзэхэд тэдгээр кэмп тодоос тод харагддаг билээ. Сансарын хиймэл дагуулын тусламжтайгаар татаж авсан зураг нь Хойд Солонгосын эрх баригчид кэмпүүдийн тухай асуусан асуултаас үргэлж бултдагийн шалтгааныг тайлбарлаж болохоор юм.
Ажилчны кэмпүүдийн нэгнээс нь оргосон Шин Донг Хюк барууны хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа тэнд нөхцөл байдал ямар муу байдаг талаар ярьж байв. Шин Донг Хюг 14 дүгээр кэмпэд 1982 онд төржээ. Түүний эцэг, эх хоёр тэнд хоригдож, хөдөлмөр эрхэлдэг хоригдлууд байж. Харин кэмпийн харгалзагч нь тэднийг сайн ажиллаж, дуулгавартай байсных нь төлөө "шагнаж", хоорондоо бэлгийн харилцаанд орох тушаал өгчээ. Шоронгийн ажилчдын дунд мэндэлсэн Шин Донг Хюгийг 14 нас хүрэх үед кэмпийн харгалзагчид түүнд шинэ заавар өгсөн байна. Тэр нь ээж, ахыгаа буудан хороох. Тэндээс оргохыг оролдоод баригдсан хүн бүр иймэрхүү байдлаар цаазлуулдаг аж. Харин Шин Донг Хюгийн хувьд амь насаа аврахын тулд, арай илүү хоол хүнс идэх, шоронгийн хуягуудыг баярлуулахын тулд энэхүү цаазын ялыг гүйцэтгэжээ.
Шин Донг Хюг opгoxoop эртнээс бэлтгэж байсан боловч хангалттай хоол, хүнс цуглуулж чадахгүй байснаас болж хойш нь тавьсаар байж. Эцэст нь тэрбээр хамт хоригдож байсан Парк хэмээх найзынхаа дэмжиж, урамшуулсны дагуу шоронгоос оргож, Хятад руу гарсан байна. Шин Донг Хюгийн хувьд энэ бүхэн азтай тохиолдол байв. Тэрбээр хүнс хулгайлж, түүнийгээ борлуулж олсон мөнгөөрөө Хятадын хил рүү нэвтрүүлэх хүмүүстэй тохиролцож амжилттай хил гарч чаджээ.
Дараа нь Өмнөд Солонгос, АНУ-д амьдарч байгаад өнгөрсөн онд буцаад Сөүл рүү явсан байна. Гэхдээ Шин Донг Хюгийн амьдралд ээжийгээ буудан хороосон тэр аймшигт өдөр хар бараан сүүдрээ үлдээгээд одсон аж.
Ажилчдын кэмпэд 28 жил хоригдсон Ким Хэй Сүкийн түүх ч бас л иймэрхүү. Тэрбээр Хойд Солонгосын 18 дугаар кэмпээс оргожээ. 18 дугаар кэмпэд ихэвчлэн улс төрийн хоригдлуудыг байлгадаг гэх. Ким Хэй Сүкийн ярьснаар бол тэнд байгаа хүнийг бүгдийг нь нохойноос дорд үздэг аж. Тэрбээр өөрийн амьдралын тухай өгүүлсэн номондоо "18 дугаар кэмпэд хүмүүс зүгээр л юм асуусныхаа төлөө буудуулдаг" хэмээн дурьдаж байв.
Тэнд жил бүр 100 гаруй хүнийг буудан хороодог гэх. Үүний дийлэнх шалтгаан нь эрдэнэ шиш хулгайлж идсэн гэх хэрэгтэй холбоотой. Ким Хэй Сүкийг 13 настай байхад нь нэгэн цаазын ялыг заавал харахыг тушааж байжээ.
Хойд Солонгосын хоригдлуудын кэмп дэх амьдрал нэг хэвийн үргэлжилдэг аж. Хүүхдүүд нь өглөө үзэл суртлын хичээлд сууна. Өдөр нь уурхайнуудад тэрэг түрж, ачаа зөөнө. Уурхайнууд нь ямар ч хамгаалалт байхгүй. "Нэг уурхайн ам л гэхэд өдөрт хэд хэдэн удаа нурж, хүүхдүүд шороонд дарагдах тохиолдол элбэг байсан" хэмээн Ким Хэй Сүк ярьжээ.
Энэ бүх аймшгийг хүмүүс яагаад тэсээд суудаг юм бэ гэж гайхаж болох юм. Магадгүй тэд амиа хорлохыг оролддоггүй гэж үү. Гэтэл үгүй юм. Хоригдлуудын кэмпээс оргосон хүмүүсийн яриагаар бол тэнд нэг хүний амь амьдрал түүний ойр дотны дөрөв, таван хүний амьд явах баталгаа болдог. Хэрэв нэг нь амиа хорловол түүнтэй ойр дотно байсан өөр бусад хүмүүсийг цаазална гэдэг дүрэм тэнд үйлчилдэг аж.
Гэтэл бас хоол олж идэхийн төлөө хүүхдүүд эцэг, эхийгээ буудна. Эс бөгөөс эцэг, эхчүүд нь ч тэднийг хороох тохиолдол бий. "Los Angeles Times" сонинд өгсөн Ким Хэй Сүкийн ярилцлагад энэ тухай дурьдсан байна. Тэрбээр "Би нэг удаа есөн настай охиноо чанаж идэхээр ус буцалгаж байсан эмэгтэйг харсан. Өөр нэг эмэгтэй 16 настай хүүгээ буудан хороож, оронд нь харгалзагчдаас жаахан эрдэнэ шиш авч байсан юм" гэж ярьжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас өнгөрсөн даваа гарагт нэгэн мэдэгдэл гаргасан билээ. Тэнд Хойд Солонгост хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг таслан зогсоох, хүмүүсийг олноор нь цаазлан хороохыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлжээ. Түүнчлэн Хойд Солонгосын эрх баригчдыг тэдгээр кэмпийн тоог цөөлөхийг шаардсан байна.
Ажилчдын кэмп буюу энэхүү шоронг олноор нь барьж байгуулсны нэг шалтгаан нь ажиллах зах зээлтэй холбоотой. Хөлс мөнгө авахгүйгээр үмх байцааны төлөө хүмүүс шоронд ажиллаж байна. Ийм боломж зөвхөн шоронд л бий. Тийм учраас Хойд Солонгосын эдийн засгийг сэргээхийн төлөө шургуу ажиллаж, хариуд нь өчүүхэн төдий ч тус нэхэх эрхгүй хоригдлууд тус улсад маш олон байдаг байх нь.
Гэхдээ залуухан удирдагчидтай болсноос хойш энэ бүх асуудал нааштайгаар шийдэгдэх төлөв ажиглагдсан тухай шинжээчид онцолж эхэлсэн юм. "Citizens Alliance" судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд энэ тухай дурьджээ.
Хойд Солонгосын кэмпүүдээс оргож чадсан хүн бүр тэнд нөхцөл байдал ямархуу байгаа талаар төдийлөн нарийвчилж мэдээлдэггүй. Тэд "Энэ бүхэн нь эх орноосоо урван тэрсэлсэн хэрэг болно" хэмээн ярьсаар байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин