МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Английн Парк хаус спортын сургуулийн төлөөлөгчид болон олимпийн аварга Э.Бадар-Ууган, 79-р сургуулийн захирал Доржбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Английн ВВС телевизийн суваг “Олимпийн мөрөөдлийн хөтөлбөр” төслийн хүрээнд олимпийн аварга Э.Бадар-Ууганы тухай баримтат киног хийсэн юм. Энэхүү кино дэлхий даяар цацагдсаны дараа Монголын тамирчдын бэлтгэл хийх нөхцөл, өссөн орчин олны анхаарлыг татсан юм. Ялангуяа аваргын маань өссөн Шархадны эцсийн буудал, төгссөн 79-р сургууль Англичуудын сонирхлыг татжээ. Үүний үндсэн дээр их олимпийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Английн Лондон хотоос холгүй орших Парк Хаус спортын сургуулийн захиргаа 79-р сургуультай харилцаа тогтоохыг хүсчээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны соёлын талаарх олон талт арга хэмжээг явуулж ирсэн байна. Өнгөрсөн жил 79-р сургуулийн төлөөлөгчид Англи улсад зочлон сургуультай танилцсан бол энэ удаа тус сургуулийн захирал Дерек Пипл, багш Рейка нар Монгол оронд хүрэлцэн ирсэн юм.
Эх сурвалж: http://www.olympic.mn