Эмэгтэйчүүдэд суудал хадгалах квот хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдэд суудал хадгалах квот хэрэгтэй

Энэ сарын 3, 4-нд Улаанбаатарт болсон “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт Азийн бүсийн бага хурлын дүнгийн талаар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Энхсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бага хуралд Зүүн Азийн бүсийн орнуудаас парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө тэргүүлж яваа Балба, Афганистан, Вьетнам, Лаос, мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор бүсдээ хойгуурт орсон Монгол Улс зэрэг 11 орны 80 гаруй төлөөлөгчид, Харвардын их сургуулийн эрдэмтэн багш нар, НҮБ-ын дэргэдэх байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Бага хурлын үр дүнд орон орны төлөөлөгчид тус тусын оронд хийж хэрэгжүүлэх зорилтот төлөвлөгөө гаргажээ. Монгол Улсын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хүртэл хувийг эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Энэ жил сонгууль болох тул хуулийн заалтыг бодитой хэрэгжүүлж парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Яваандаа суудал хадгалах квот хэрэгтэй гэж үзжээ. Энэ талаар өчигдөр бага хурлын төлөөлөгчид улс төрийн намуудын удирдлагуудтай уулзсан байна.

Квотоо зөв хэрэгжүүлэхийг улс төрийн намуудад уриалах, эмэгтэй нэр дэвшигчдэд тусгай тойрог гаргаж өгөх зэрэг дэмжлэг байж болохыг МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн бол ИЗНН-ын нарийн бичгийн дарга Г.Ганхүү эмэгтэй нэр дэвшигчдэдээ зориулсан сан байгуулж болно гэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендэрийн мэдрэмжтэй ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаа нь үр нөлөөтэй болж байгааг хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлж байв.

Мянганы хөгжлийн зорилтуудад Монгол Улс 2015 он гэхэд парламентын гишүүдийн 30 хувийн эмэгтэйчүүд болгох үүрэг авсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхэд гацхан 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүн хэрэгтэй байгааг НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Сезин Синаноглу хэллээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж