Хойд Солонгосын шумбагчдыг мөшгиж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын шумбагчдыг мөшгиж байна

Солонгосын хойгийн зүүн эрэг дэх тэнгисийн цэргийн баазаас гараад алга болсон Умард Солонгосын дөрвөн шумбагч онгоцыг Өмнөд Солонгос мөшгиж байгаа талаар тус улсын нэгэн сонинд албаны хүн мэдээлжээ. 370 тонн шумбагч онгоцуудыг зүүн эргээс хөдөлсний дараа Өмнөдийн цэргийнхэн тэднийг радараас байршлыг нь тогтоох боломжгүй болсон аж. Солонгосын хойгийн зүүн эрэгт Умард Солонгосын шумбагч онгоцнууд үзэгдэх болсон нь цаг агаар дулаарснаас далайд өрөмдлөг явуулж эхэлсний нотолгоо гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн сэжиглэж байгаа юм байна. Гэвч Өмнөд Солонгос Умардын энэ өнгөлөн далдлалтын цаадах шалтгааныг олох хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр ажиглахаар шийджээ. Энэ дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хиймэл дагуулын пуужин хөөргөхөөр төлөвлөж буй Умард Солонгос тэнгисийн цэргийн бааз, хөлөг онгоц руу довтолж болзошгүй гэж Өмнөд Солонгос гэнэтийн дайралтад хариу өгөх бэлтгэлтэй байгаа аж. Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоож, НҮБ- ын шинжээчидтэй хамтарч ажиллахаар АНУ-тай зөвшилцөлд хүрсэн ч энэ сард Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд хиймэл дагуулын пуужин хөөргөхөөр болсон нь хэлэлцээг цуцалж мэдэхээр байгаа юм. АНУ болон Өмнөд Солонгос Умардын хиймэл дагуулын пуужинг алсын тусгалт пуужингийн далд туршилт гэж үзэж байгаа аж. Умард Солонгос хиймэл дагуулын пуужинг хөөргөхөд ажиглалт явуулахыг зөвшөөрч, найман орны цөмийн шинжээчдийг тус улсад урьсан юм. Гэвч АНУ тус урилгыг хүлээн авахаас татгалзсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж