1695 оны өвөл Тэрэлжид байсан Галдан хааны цэргийн отогт Ховдын тэртээгээс Ану хатан нь их хөсөг хөдөлгөн нүүж ирж байгаа хэсгээс анхны зураг авалт эхэлсэн ажээ.
Өнгөрсөн оны 8-р сараас бэлтгэл ажлаа эхэлж, хувцас, зэвсэг, жижиг эдлэлийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Ану хатан” киноны уран бүтээлчид дөрвөн улиралд зураг авахаар төлөвлөжээ. Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй энэ киноны зөвлөх болон ерөнхий найруулаар АЖ, УГЗ Г.Жигжидсүрэн, Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар МУСТА Ж.Цог, ерөнхий продюсероор Д.Болдхуяг нар ажиллаж байгаа юм. Гурван удаагийн сонгон шалгаруулалтаар жүжигчдээ сонгож, 2012 оны 3-р сард худалдаанд гарсан С-300 мэргэжлийн камераар зургаа авч эхэлсэн энэ киноны Ану хатны дүрд “Voice” дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд АЖ Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд МУГЖ С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад МУГЖ Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглож байна.
Манжийн дарлалын өмнөх ба эхэн үе, Манжийн дарлалын эсрэг ойрад-монголчуудын хийсэн эрэлхэг тэмцэл, Манж Дайчин улсын хамгийн хүчирхэг хаан Энх-Амгалан өөрийн биеэр Халхын нутагт гурван замын цэрэг хөдөлгөн ирж ойрадуудыг дарсан Зуун модны тулалдааныг дэлгэцэнд анх удаа үзүүлж байгаа нь энэ киноны онцлог юм. Одоогийн байдлаар “Ану хатан” киног “Мон фрэш”, “Алтай констракшн”, “Ард даатгал”, “MTS”, “Цахилгаан тээвэр”, “Дэлхийн сонор” зэрэг компаниуд, хувь хүмүүс ивээн тэтгэгчээр оролцож БХЯ, ЗХЖШ үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа ажээ.
Зургийг ЭНД дарж үзнэ үү