Казахстаны Астана хотод Азийн боксчдод олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсаас долоон боксчин оролцож байгаагаас хоёр нь эхний тулаанаа хийжээ. Дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тулаандаа Филиппиний боксчин Салудар Рэйг хугацаанаас нь өмнө 10:3-аар илт давуу буулгаж авсан байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн боксчин бөгөөд нөгөөдөр тулалдах юм. 52 кг-ын жинд нийт 19 боксчин өрсөлдөж байгаа аж. Манай тамирчны хувьд дахин гурав ялсан тохиолдолд олимпийн эрх авна. Тэгвэл 56 кг-ын жинд олимпийн аварга Э.Бадар-Ууганыг орлож Астанаг зорьсон ОУХМ Д.Отгондалай эхний тойрогтоо Хятадын боксчин Жан Жиавэйд 12:13-аар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр Лондонгийн олимпод манай улсаас 56 кг-ын жинд тамирчин оролцохооргүй болж байна. Д.Отгондалай эхний үед өрсөлдөгчөө 4:3-аар хожсон. Гэвч хоёрдугаар үед нь хятад залууд хоёр оноо илүү алдсан нь ялагдах гол шалтгаан болов. Харин шийдвэрлэх мөчид 4:4-өөр тэнцжээ.
С.Цэлмэг