Өмнөговь аймагт МХЕГ шалгалт хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт МХЕГ шалгалт хийж эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, Шивээ хүрэн, Гашуун сухайтын хилийн боомтуудын үйл ажиллагаа, аймгийн Боловсрол, соёлын газар, түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Эрүүл мэндийн газар, Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө өгөхөөр өчигдөр тус аймаг руу улсын байцаагчид зорьжээ.

Шалгалтыг газрын дэд дарга Д.Гүньбазар ахалж, гурван ажлын хэсэг зохион байгуулж, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа нар тус тус удирдаж ажиллах ажээ.

Шалгалтыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт “Оюутолгой” ХХК, “Таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад эксплорейшн” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “Мак” ХХК, “Чинхуа Мак” ХХК, “ Хүннү Коул” ХК, “ЭНК” ХХК-иудын барьж байгуулж байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаа болон баригдаж буй барилга байгууламжуудыг хамруулах юм байна. Мөн аймгийн хэмжээний лабораторийн асуудалд шалгалт хийж үнэлэлт дүгнэлт гаргаж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гүйцэтгэлийн шалгалт хийж, улсын байцаагчдын хяналт шалгалтын үйл ажиллагаа, стандартын мөрдөлтийг шалган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр удирдамжид тусгагджээ.

Дашрамд дуулгахад, МХЕГ-ын нийт 40 гаруй улсын байцаагч дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхээр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж