Професор Ж.Болдбаатарын нэрэмжит олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Професор Ж.Болдбаатарын нэрэмжит олимпиад боллоо

Булган аймгийн Боловсрол соёлын газраас Монголын түүхийн олимпиадыг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, професор Ж.Болдбаатарын нэрэмжит болгон хоёр жил тутам зохион байгуулдаг болжээ. Түүний уугуул нутаг Бугат сумын дунд сургуулийн захирлын санаачилгаар гараагаа эхэлсэн энэ олимпиадыг өнөө жил гурав дахь удаагаа зохион байгууллаа. Ес болон 11 дүгээр ангийн сурагчид, багш нар тестээр түүхийн мэдлэгээ сорьцгоосны дээр сурагчид нь эссэ бичлэгээр, багш нар илтгэлээр уралдсан байна. 11 дүгээр ангийнхнаас түрүүлсэн Д.Энхжин МУИС болон Солонгос-Монголын хамтарсан “Улаанбаатар” дээд сургуулийн аль нэгийг сонгон суралцах эрхийн батламж гардсан бол 2-6 дугаар байр эзэлсэн сурагчид “Улаанбаатар” дээд сургуульд суралцах эрх авсан байна. Мөн багш нараас Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн Б.Оюунгэрэл, хоёрдугаар дунд сургуулийн Н.Ганчимэг, Б.Ганзориг нар удаахь байрыг эзэлжээ. Харин дөрөв дэх удаагийн олимпиадыг 2014 онд бүсийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
                                                                                                                Ж.Мөнх-Очир

(Булган аймаг)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж