Тэтгэлэг оюутнуудад хүрэхгүй байгаа талаар мэдээллүүд гарч байсан.
Сургуулиуд сургалтын төлбөрт авах, багш нарын гарын авлага худалдан
авахыг шахаж шаардах гэх мэт олон зөрчилтэй байгаа талаар оюутнууд
гомдол гаргадаг. Харин Монголын оюутны холбооноос Сангийн яаманд хүсэлт
тавьснаар “Цахим ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон тул
өчигдөр санамж бичигт гарын үсэг зурав. Оюутан бүрт олгож байгаа
үндэсний тэтгэлэгийг зүй зохистой зарцуулах боломжийг нээж, оюунуудыг
компюьтержүүлэх замаар мэдээлэл технологийн салбарт оюунлаг хөрөнгө
оруулалт хийн, “Цахим Монгол” улсыг цогцлоон бүтээхэд тус хөтөлбөрийн
зорилго чиглэсэн хэмээн Сангийн сайд Д.Хаянхярваа санамж бичигт гарын
үсэг зурах үеээрээ онцолж байлаа. Үнэхээр Монголын оюутны холбоо Сангийн
яамнаас дэмжлэг авч чадах цагаа олсон санаачилга гаргасныг Сангийн дэд
сайд Ч.Ганхуяг бас чухалчилж байлаа. Ч.Ганхуяг бол Монголын оюутны
холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай билээ.
Ийнхүү “Цахим
Монгол” хөтөлбөрийн үндсэн хамтрагчид нь Сангийн яам, Мэдээлээл, шуудан,
харилцаа холбоо, технологийн газар, Монголын оюутны холбоо, Их, дээд
сургуулийн консерциум, Монголын Банкны Холбоо, Даатгалын холбооны, “Эм
Си Эс” Электорникс, “Мигма” Электорникс юм. Хамтран ажиллах
байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон татварын орчин,
санхүүгийн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар оюутныг дэмжихэд гар
бие оролцох ёстойг санамж бичигт тусгагдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд
оюутнууд лизинг хэлбэрээр компюьтертэй болно. Хамгийн гол нь оюутан
тэтгэлэгээ хэрхэн зарцуулах нь тэдний өөрсдийн эрх хэмжээний асуудал.
Гэхдээ нэг жилийн тэтгэлэгийн мөнгөөрөө компюьтертэй болох боломжтойг
Монголын оюутны холбоо мэдэгдэж байгаа. Ийм боломжыг л нээж байгаа нь
тус санамж бичгийн ач холбогдол хийгээд, сонголтоо ашиглах эсэх нь
тэдний л асуудал болж байгаа юм. Чухамдаа заавал компюьтер ав гэсэн
шахалт байхгүйг л “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр цугларсан
хамтрагчид дурдаж байлаа гэж Сангийн яамнаас мэдээлэв.