Сирийн иргэд Турк руу дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Сирийн иргэд Турк руу дүрвэж байна

Ердөө ганцхан өдрийн дотор Сирийн 1600 иргэн эх орноосоо дүрвэж, Турк руу очсон талаар дөрөвдүгээр сарын таванд Туркийн Засаг захиргаанаас мэдэгдсэн байна. Энэ олон хүн нэг зэрэг Турк руу дүрвэж ирсэн нь сүүлийн хэдэн сарын хугацаанд орж ирсэн хүмүүсээс хамгийн олон хүнтэй бүлэг гэж Туркийн тал “Ройтерс” агентлагт мэдэгдсэн ажээ.

Сирид бослого үймээн дэгдсэн цагаас буюу өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Сирийн 20 мянга гаруй иргэн Туркт дүрвэн гарсан мэдээ байгаа юм. Засгийн газраа эсэргүүцэн, Ерөнхийлөгч Башар Асадыг огцорхыг шаардсан үймээн самуунд Сирийн есөн мянга гаруй иргэд амь үрэгдсэн гэсэн тоог НҮБ-аас гаргасан байна.

Сирийн засаг захиргаанаас хэдийгээр НҮБ-ын тусгай элч Кофи Аннаны энх тайван байдал тогтоох саналыг хүлээн авч, цэрэг зэвсгээ хотуудаас гаргаж байгаа гэж мэдэгдсэн ч дүрвэж байгаа иргэдийн тоо огцом өсчээ. Кофи Аннан энэ дөрөвдүгээр сарын 10 гэхэд цус урсгасан тэмцлийг зогсоохыг шаардсан билээ. Харин Сирийн сөрөг хүчин зэвсэгт мөргөлдөөн болон бууцалдаан үргэлжилсээр байгаа гэж мэдээлсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж