Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Одоо цагт тоолдог хэд нь л байвал аар саархан хэрэглээний бараанаас эхлээд арал хүртэл худалдаж авч болохоор болсон үе. Хамгийн товчдоо бол мөнгөтэй хүн юу ч хийж болно гэсэн үг.

Гэхдээ их, бага мөнгөтэй хүний сэтгэхүйд тохируулж, үнэ нугалагчид гэж бас байна аа. Тэд бараа л байвал мөнгийг олж болно гэдгийг мэдэрчихсэн, мөнгөтэй хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож чаддаг авьяастнууд юм. Ихэд магтвал шүү дээ. Харин арай эсрэгээр нь хэлбэл, брэнд гэдэг үгэнд толгойгоо мэдүүлсэн мөнгөө барж ядагчдыг луйварддаг соёлтой дээрэмчид. Жаахан хатуу үгээр хэлж байж болох.
 
Гэхдээ баримт, жишээ дурьдаад ирэхээр учир нь ойлгогдох биз. Саяхан нэг танил маань Нарантуул захын ойролцоо байдаг "Sunday" худалдааны төвөөр гадуур хувцас авахаар очиж. Гайгүй цув харагдахаар нь үнийг нь асуутал 100 мянган төгрөгөөр худалдаж байж л дээ. Өнгө, загвар, материал нь таалагдсан учир авахаар шийдэж. Гэтэл урьд өдөр нь нэг хүн захисан учраас зарахгүй гэж худалдагч нь гүрийж.

Гэхдээ хороололд "Билэг" их дэлгүүрт яг ийм цув байгаа, аваад ирье гэж л дээ. Тэгэхээр нь танил маань тэнд нь очоод авчихаж болохгүй юм уу гэж асуутал үнэ нь хоёр дахин өндөр байдаг юм гэсэн аж. Энэ юу ч биш, яг тийм цув захын лангуун дээр 70 мянган төгрөгөөр зарагдаж байгаа тухай ч өнөөх худалдагч хэлсэн гэсэн. Захаар явахдаа эвгүйцэхгүй, залхахгүй, айхгүй бол тэндээс хямдаар авсан ч болно гэж л дээ.

Ингээд бодохоор нэг бараа гурван газарт огт өөр үнэтэй байгаа юм. Үндсэндээ зах дээр 50-70 мянган төгрөг байдаг цувыг "Sunday" худалдааны төвд зарахдаа хоёр, хорооллын дэлгүүрт зарахдаа дөрөв дахин нугалдаг гэсэн үг. Найз маань цув авах гэж явахдаа гэнэт ухаан сууснаа надад ийн ярьсны дараахан бас нэг танилтайгаа таарав аа. Жаал зугаа юм ярьж суухдаа үнэ нугалагчдын талаар ярьж, жаахан бухимдав.

Гэтэл өнөөх чинь намайг дэмжиж, "Наадах чинь яг үнэн. Манай ах Нарантуул, "Sunday", хороолол, "Гранд плаза" дээр лангуутай. Тэгээд урдаас пүүз оруулж ирээд, зах дээр хоёр, "Sunday"-д гурав, хороололд дөрөв, "Гранд плаза" дээр тав нугалж зардаг юм. Хамгийн гол нь яг адилхан хийцтэй, чанар нь ялгаагүй пүүз шүү дээ. Яах вэ, хороолол, "Гранд плаза"-д бол нөгөө захынхтай адил пүүзээ борлуулахын тулд хажууд нь хэдэн гайгүй, чанартай гутал авчраад тавьчихна.

Түүнийг нь хүмүүс мэдэхгүй үнэтэй учраас чанартай гэсэн сэтгэхүйгээр хандаад л авч байгаа юм даа" гэж ирээд л гайхуулж гардаг байгаа. Энэ мэт жишээ яривал зөндөө олон л байна. Тиймээс л хүмүүсийг үнэ дагаж чанар, брэндийн бараа гэдэг үгэнд хууртаад, туйлшраад байна уу даа гэж мунхаглаад байна. Мэдээж чанартай, түүнийхээ хэрээр үнэтэй бараа байлгүй яах вэ. Нөгөө талаар захаар хэсч, өвөлдөө даарч, зундаа халууцаж, халаасны хулгайчаас айж явахаар дэлгүүр хэссэн нь дээр байх.

Хамгийн гол нь хүмүүс чанартай хоёр гуталны хажууд чанаргүй 10 гутал байгааг ялгахгүй байгаад л учир нь байна. Их дэлгүүрээс нэг сайхан гутал аваад өмсөөд гартал ядуувтар амьдралтай найз чинь зах дээрээс яг тийм гутал авч өмсөөд ирвэл та яах вэ. Нэг л гаргалгаа байна. Үнэ нугалагчид таныг мунхруулжээ л гэсэн үг. Дургүй хүрмээр биш гэж үү.

Н.Пунцагболд
"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж