Блиц:
Төрсөн он: 1980
Гэр бүл: Эхнэр, охины хамт амьдардаг
Боловсрол: Дээд
Төрсөн газар: Увс аймаг Улаангом хот
Төгссөн сургууль: 1987-1997 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1997-2001 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн.
Ажлын туршлага: Оюутан ахуй цагаасаа нийтийн дуу дуулж, дуучин мэргэжлээрээ ажиллаж байгаа. Түүнээс өөр ажил хийж, дарга, цэрэг болж яваагүй.
СОНГОХ ШАЛТГААН
- Яг үнэндээ түүнийг сонгох тийм ч олон шалтгаан байхгүй. Учир нь тэрбээр төрийн албанд зүтгэж, улс төрийн тогоо руу өнгийж ч үзээгүй хүн. Гэхдээ тэглээ гээд улс төрд орж болохгүй гэсэн үг биш л дээ. Юуны өмнө түүний эх оронч үзлийг хүмүүс дэмжиж байгаа. Мань хүн дуугаа дуулахын хажуугаар 21 аймгаар явж, гал манах ёслол гээчийг хийж байгаа. Дээрээс нь үндэсний хувцсаараа гангарч, үндсэрхэг үзэлтэй байх, эр орныхоо уламжлалт соёлыг дэлгэрүүлэх тал дээр элдэв сурталчилгаа хийж яваа. Ядаж жинхэнэ монгол дээл ямар захтай байсан, түүнийг нь манжийн дарлалын үед яаж өөрчилсөн зэргийг ард түмэнд аятайхан ойлгуулж чадаад байгаа юм. С.Жавхлангаас сүүлийн үед эх орныхоо төлөө санаа зовсон, бохир улс төрийг шүүмжилсэн үг урсч, уран бүтээлээрээ ч үүнийгээ илэрхийлж байгаа билээ. Энэ үүднээс нь аваад үзвэл төрд нэг иймэрхүү үзэл бодолтой залуу хүн байхад болохгүй юмгүй. Өнөөдөр манай улстөрчид ард түмэн гэж ярихаас хэтрэхээ байсан. Ард түмэнд таалагдаж, тэдний хайрыг татах гэж тэгдэг нь тодорхой. Түүнээс биш монгол ёс заншил, ахуй, уламжлал яаж устаж байгааг ярьж, санаа зовдог, эх оронч үзэлтэй хүн байхгүй байна. Тийм хүний орон зай үгүйлэгдэж байгаа цагт төрд яагаад ганцын зэрэг байж болохгүй гэж. Бас иймэрхүү маягаар хөнгөн бодвол сонгох нэг шалтгаан болж ч болох. Цагтаа О.Дашбалбар гэдэг яруу найрагч УИХ-д сууж, үгээ хэлж, уран бүтээлээрээ улс төрийг шүүмжилж л байсан. С.Жавхлан тэр мундаг хүний энд хүрэхгүй нь тодорхой. Гэхдээ улс төрийг шүүмжилсэн үгтэй, гоё аятай дууг хит болгох чадалтай дуучин шүү.
- Өнөөдөр монголын уран бүтээлчдийг төр засгаас харж үзэж, дэмжиж байгаа юм алга. Сүүлийн жилүүдэд дуурийн дуугаар олон улсад амжилт гаргасан зарим нэг дуучдыг дэмжиж, хэдэн төгрөг өгч байгааг эс тооцвол шүү дээ. Дуурь, драм, Улсын филармони гээд төрийн мэдлийн урлаг соёлын байгууллагууд байна. Тэднийгээ ч дэмжиж байгаа юм алга. Драмын театр өнгөрсөн жил “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн, үндэсний сонгодог жүжиг тавихын тулд компаниудаас мөнгө гуйж байх жишээтэй. Дуурийн театрт нэг сайхан уран бүтээл тавих гэхээр хөрөнгө мөнгө байдаггүй. Ийм л байдалтай байна. За кино урлагийг бол зах зээлийнхээ хуулиар яваг гээд хаячихсан. Тэр нь төрд урлагийн төлөөлөл байдаггүйтэй холбоотой байж болох. Тэгэхээр МУГЖ С.Жавхланг төрд гаргачихвал ядаж л урлагийнхнаа дэмжиж, хөрөнгө гаргах тал дээр дуугараад байх болов уу. Гэхдээ сонгодог урлагаа дэмжихгүй, нийтийн дуучид руу хандраад байж ч чадах л хүн. Ямар ч байсан урлагийнхны нэрийн өмнөөс нэг удаа итгэл хүлээлгэж болох л юм.
- Мань хүн хэрвээ УИХ-д сонгогдчихвол үнэн ч байж магадгүй юм. Гэхдээ эхэн үедээ шүү. Яагаад гэвэл дөнгөж улс төрд хутгалдаж эхлэх үедээ цэвэр байна. Түүнээс гадна улс төрийн бохир, завааныг сайн мэдэхгүй, дээрээс нь одоо ярьж байгаа шигээ үндсэрхэг үзэлтэй байж чадвал тэр бүхнийг хамаагүй яриад, жигшээд байж магадгүй юм. Тэр нөхөр надад авлига өгөх гэсэн, энэ хүнийг АТГ-т шалгуулна гээд бужигнуулж байж мэдэх. Гэхдээ санаснаар тэгж сайхан ажиллаж чадахгүй байх л даа, хөөрхий минь. Улс төр гэж юу болохыг дөнгөж ойлгож эхэлж байх үед нь хэн нэгэн нь “амыг нь үдчих” биз. Тэгээд юун хүн ховлох битгий хэл дуугаа ч дуулж чадахгүйд хүрэх байлгүй. Гэхдээ л мань хүнийг иймэрхүү маягаар найдлага хүлээлгэж, сонгож болох л юм.
СОНГОХГҮЙ ШАЛТГААН
- МУГЖ С.Жавхлан гэхээр хүмүүст улстөрч биш зүгээр л нэг сайхан дуучин санаанд нь орно шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аваргыг анх улс төрд орж байхад нь хүмүүс дархан аварга гэж хүлээж авдаг байсантай ялгаагүй. Одоо Кёкүшю Д.Батбаярыг сүмо бөх л гэж хардаг шүү дээ. Учир нь түүнд улс төрийн ямар ч туршлага байхгүй болохоор тэр. С.Жавхлан бол улс төрийн талаар түүнээс бараг дор байх. Түүнд ямар ч улс төртэй холбоотой ажил хийж байсан түүх байхгүй. Ядаж төрийн байгууллагад ажиллаагүй. Бүр муудлаа гэхэд элдэв бизнес хийж, энд тэнд улстөрчидтэй уулзаж хор найруулж ч үзээгүй “бацаан”. Зөвхөн дуугаа дуулж, сонгуулийн шоунд оролцох зорилгоор жинхэнэ улстөрийн хар ухаантнуудтай гар барьж явсан л хүн шүү дээ. Нэг үгээр хэлбэл, түүнд улс төрийн талаар ямар ч ойлголт, мэдлэг байхгүй. Тийм байж парламентын танхимд орж суух гэж зүтгээд, мөрөөдөөд байгаа нь ойлгомжгүй юм. Хуулийн төсөл санаачлах хэрэг гарвал шууд гацна. Ийм хүнийг төр түшүүлэхээр сонгох шалтгаан хүмүүст байхгүй байх. Сайхан дуулдаг юм даа хөөрхий гэж л сонгохгүй бол шүү дээ.
- Тэр үндсэрхэг үзэлтэй, Монголын төлөө зүрх нь цохилж байж болно. Гэхдээ дэлхий нийт даяарчлагдаж байгаа гэдгийг огт ойлгохгүй байх шиг байна. Бид дээлээ, монгол гутлаа өмсөлгүй яах вэ. Цагаан сар, наадмаар сайхан дээл өмсөөд явж байхад болохгүй юмгүй. Харин төрийн ордонд өдөр болгон дээлтэй суугаад байх хэр зохимжтой вэ. Хэчнээн тэрлэг өмслөө ч төрийн ордонд дээлтэй суугаад байвал хөлстэйгээ хутгалдаад хэцүү байлгүй. Ер нь дээлийг хүндэтгэл ёслолын үеэр, эсвэл зарим үед өмсч байх нь илүү зохимжтой. Үндсэндээ бид дээлээ хүндэтгэж, дээдэлж байна гэсэн үг шүү дээ. Аливаа юмыг жин банг нь тааруулахгүй бол утгаа алдаж эхэлдэг. Сүүлийн үед түүний хийрхэл хэтэрч байгаа болохоор тэнэг болгож харагдуулаад байна. Хэнд юу өмсөхийг заах, заавал дээл өмсүүлэхээр зүтгэж байгаа нь, монгол дээлээ өмсөөгүй бүх хүнийг харийнх мэтээр хэлж байгаа нь нэг ёсондоо хийрхэл шүү дээ.
- Тэр улс төрийн мэдлэг туршлагагүй гэдгийг эхний шалтгаан дээр хэлсэн. За тэр ч яах вэ, улс төрийн туршлага байхгүй л байна биз. Үүнийг авч хэлэлцэхгүй байя гэхэд тэр дээд боловсролын дипломоос өөр юу ч үгүй хүн шүү дээ. Ямар ч боловсролгүй гэсэн үг. Мэргэжлийн дуучин гэдгийг боловсролд тооцох хүн олдохгүй дээ. Дипломтой, дипломгүй сайхан дуулдаг дуучид зөндөө л байна. Хөдөөгөөр дүүрэн С.Жавхлан шиг дуулдаг залуучууд байж л байгаа. Манай рок, попын хамтлагуудын дуучин нь дандаа өөр мэргэжилтэй байдаг шүү дээ. Тэглээ гээд түүнийг дуучин биш гэж хэн ч хэлээгүй. Ингээд бодохоор тэр ямар ч боловсролгүй нөхөр шүү дээ. Ядаж нэг эдийн засагч энэ тэр мэргэжилтэй бол яая гэх вэ. Ийм таг “харанхуй”, зүгээр л эх орон ярьж хийрхсэн нөхрийг төрд гаргана гэдэг санаанд багтахгүй байна.
- Түүнд дуугаа дуулаад явж байх нь уг нь зохино. Улс төрд орлоо гэхэд дуугаа дуулаад, уран бүтээл туурвиад явж байх нь юу л бол. Ер нь түүний дуунд ард түмэн дуртай. “С.Жавхлан сайхан дуучин. Нийтийн дууны урлагт шинэчлэл хийсэн. Даанч “Донж” төгөлдөр тархийг нь угаагаад, элдэв янзаар солиоруулаад байна. Дуугаа дуулаад явж байвал ард түмэнд илүү хайрлагдана. Бохир улс төрд орж юу хийнэ” гэж хүн бүр ярьж байна. Тиймээс түүний дууг сонсч, сэтгэлийн цэнгэл эдлэх гэсэн хүмүүс улс төрд оруулахгүй нь мэдээж. Тэгэхээр дуугаа дуулаад явж байх нь хамаагүй дээр.
- Тэр улс төрийн мэдлэггүй, боловсролгүйн дээр өөрийн гэсэн үзэл бодолгүй нөхөр бололтой юм. Учир нь одоо түүний хэлээд, яриад байгаа бүх зүйлийг ганц, хоёрхон хүн зааж өгдөг юм гэсэн. Энэ талаар хүмүүс хангалттай ярьж байгаа. Хэвлэлээр ч хангалттай бичсэн. Хэрвээ С.Жавхлан УИХ-д гарлаа ч гэсэн өөрийнхөө үзэл бодлоор ажлаа хийж чадахгүй. Бүх зүйлийг нь өнөөх “Донж” Төгөлдөр нь заах байлгүй. Тэгэхээр иргэд С.Жавхланг биш түүний зөвлөгч, тархийг нь угаагч нөхдүүдийг гаргалаа л гэсэн үг.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: http://www.mminfo.mn
"Монголын мэдээ" сонин