Баянхонгор аймгийн хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих “Хонгорын түүчээ” ТББ, Баянхонгор аймгийн Оюутан, залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Баянхонгор аймгаас эрдмийн зэрэг горилон суралцаж буй оюутнуудаа чадваржуулахаар “Түүчээ оюутан-2012″ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн сургагч багш нараар Олон Улсын сургагч багш Д.Гантулга, Электрон жаал Э.Энхпүрэв, 2009 оны Үндэсний шилдэг илтгэгч Р.Амарбаясгалан, 2010 оны үндэсний шилдэг илтгэгч Б.Пүрэвсүрэн, шилдэг илтгэгч, мэтгэлцэгч Д.Золбоо зэрэг үе тэнгийнхнээ манайлан суралцаж буй түүчээ залуучууд ажиллах юм байна. Сургалтын гол зорилго нь Баянхонгор аймгийн оюутны өөрийн удирдлагын анхан шатны нэгж сумдын оюутны холбооны тэргүүлэгч гишүүд, дэмжигч гишүүдийн суралцах чадвараа хөгжүүлэх, зөв хандлага, харилцаа илтгэх урлагийн ур чадварыг нэмэгдүүлэхэд орших бөгөөд “Оюунаараа нэгдэж-Олуулаа найзалъя” уриатайгаар явагдах гэнэ. Сургалтад Баянхонгор аймгийн сум бүрийн оюутны холбооноос тус бүр 20 гишүүн хамрагдан тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл “Хонгорын түүчээ” ТББ сугалтын танхимд болох ажээ. Тус сургалтын гол агуулга нь суралцагчдыг алсын хараатай, үр дүнтэй суралцах,илтгэх ур чадварт суралцах, мэтгэлцээнд суралцах, эссэ, эрдэм шинжилгээний бүтээл амжилттай бичих, ой тогтоолт оюуны чадамжаа хөгжүүлэх, цаг ашиглалтад суралцах гээд олон зүйлийг сургах юм байна.
Б.САРАН